Joker-ийн дүрээр хувцасласан эрэгтэй метронд халдлага үйлдэж, 17 хүнийг хутгалж шархдуулжээ

2021/11/01

Ням гарагийн орой Joker-ийн дүрээр хувцасласан 24 настай эрэгтэй Токио хотын метронд халдлага үйлдэж, 17 хүнийг хутгалж шархдуулжээ.

Тухайн үед Халловины үдэшлэгт явах гэж байсан олон зорчигч метронд байсан бөгөөд гэрчүүдийн хэлснээр сэжигтэн этгээд тунгалаг шингэн цацаж, гал тавьснаар бүхээг утаанд автсан байна. 

Айж цочирдсон зорчигчид метроны цонхоор үсрэн гарч буй нь нийгмийн сүлжээгээр цацагдсан тус бичлэгээс харагдаж байна.

Хохирогчдоос цээжиндээ хутгалуулсан 70 гаруй насны эрэгтэйн бие хүнд байгааг цагдаагийн газар мэдээлсэн байна. 

Хэргийн газраас Кёта Хаттори нэртэй этгээдийг цагдаа нар сэжигтнээр баривчилсан ба тэрбээр мөрдөн байцаагч нарт мэдүүлэхдээ “аль болох олон хүний амийг хөнөөх зорилготой байсан” гэж хэлжээ.

Гэмт этгээд нэг гартаа гал тогооны хутга, нөгөө гартаа шатагч шингэнтэй сав барьж явсан байна. Тэрбээр шингэнээ зорчигчдын суудлууд дээр асгаж гал тавьснаар галт тэрэгний бүхээг утаанд автжээ.

Эхэндээ хүмүүс үүнийг Халлоуины баярт зориулсан ямар нэг наргиан гэж бодож байсныг тэнд байсан гэрчүүд ярьжээ.

Мөн шархадсан хүмүүсийн гурав нь хүнд бэртсэн, мөн нэг настай хүн ухаангүй байна гэж Токиогийн гал сөнөөх газраас мэдээлжээ. Нийгмийн сүлжээнд тавьсан бичлэгийг хийсэн нэгэн хүн "Үнэхээр аймшигтай байсан. Метроны хаалганууд хаалттай байсан учраас бид юу болоод байгааг ойлгохгүй цонхоор үсэрсэн" гэжээ. 

Токио хотын баруун дүүргийн Хачёжи өртөөнөөс Шинжүкү чиглэлд аялж байсан галт тэргийг Чофу өртөөнд зогсоож, гарсан галыг 30 минутын дотор унтраажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна