Омикрон хувилбар зарим улсад нэмж бүртгэгдэж, Израил улс хилээ хаажээ

Х.Есү
2021/11/29

Өмнөд Африкт илэрсэн коронавирусний шинэ хувилбар болох "Омикрон" дэлхийн бусад улс орнуудад ч нэмэгдэх болжээ. 

Одоогийн байдлаар Нидерланд улсад Өмнөд Африкаас ирсэн 13 зорчигчоос омикрон хувилбар илэрсэн байна. Мөн Канадад хилийн чанадаас ирсэн хоёр зорчигч, Австралид хоёр зорчигчоос халдвар илэрчээ. 

Их Британи амны хаалт болон "улаан жагсаалт"-аа дахин сэргээж, Европ болон Америк өмнөд африкчуудад хилээ хаасан бол Израил гадаадын улс орнуудад бүхэлдээ хаалттай боллоо.

"Омикрон" хувилбар илэрсний дараа олон улс орон хязгаарлалтаа дахин сэргээжээ. 

  • АНУ, Европын холбоо, Канад улс Өмнөд Африкийн орнуудаас гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хоригложээ.
  • Австрали өнгөрсөн бямба гарагт Өмнөд Африкаас гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг хориглоод зогсохгүй тус бүс нутгийн орнуудаас хийх нислэгээ хоёр долоо хоногийн хугацаанд цуцалжээ.
  • Израил улс даваа гарагаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд гадаадын иргэдийг тус улсад нэвтрэхийг хориглож, гадаадаас ирсэн иргэддээ тусгаарлах арга хэмжээ авахаар болжээ. 
  • Япон улс өнгөрсөн бямба гарагаас эхлэн Өмнөд Африкаас ирэх хүмүүсийг дөрвөн удаагийн шинжилгээнд хамруулж, арав хоног тусгаарлах дэглэм тогтоожээ.
  • Энэтхэг улс Өмнөд Африк, Ботсван, Хонг Конгоос ирсэн хүмүүсийг нэмэлт үзлэгт хамруулахаар болсон байна. 
  • Эмч мэргэжилтэй Оросын сенатор Владимир Круглый омикроны омог Орост хэдийн ороод ирсэн бөгөөд Египетээс буцаж ирсэн жуулчид авчирсан байх магадлалтай гэжээ. Гэвч Роспотребнадзорын төлөөлөгч тус улсад одоогоор энэ хувилбарын тээгч илрээгүй байна гэв.

Эх сурвалж: ВВС 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна