Зорилтот 6,098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ

Х.Есү
2022/01/10

Нэгдүгээр сарын 3-9-нийг хүртэлх агаарын чанарын мэдээлэл, сайжруулсан шахмал түлш борлуулах цэг, агаарын чанартай холбоотой нийслэлд хийж буй хяналт шалгалтын талаар холбогдох албанаас мэдээлэл хийлээ.

“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа:  “Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр сарын 6-нд манай баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл, шалтгааныг тогтоохоор Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс болон холбогдох байгууллагууд ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-нд үйлдвэрийн хоёр шугамыг бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 21.353 тонн сайжруулсан түлшний нөөцтэй. Хоногт 3200-3600 тонн түлшийг борлуулалтын цэгээр дамжуулан хүргэж байгаа” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:  “Сайжруулсан шахмал түлшний хоногийн үйлдвэрлэл борлуулалтаа гүйцэж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн Цагаан сарын өдрүүдийг дуустал борлуулалтын явуулын цэг байгуулахаар төлөвлөж байна. Өндөрлөг, алслагдмал цэгүүд, түлш авахад хүндрэлтэй байршлуудад явуулын цэг ажиллана. Түүнчлэн 6098 зорилтот өрхөд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн зургаан шуудайгаар тооцож, сайжруулсан шахмал түлшийг олгож эхэллээ. Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 142-р тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй 18 ажлын 15 нь хяналт шалгалт руу чиглэсэн. Тухайлбал, гэр хорооллын айлуудад түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэх, галлагааны бус материал хэрэглээнд ямар байгаа талаар болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжийн 182 зуухын шүүлтүүрт хяналт шалгалт хийж байна. 195 мянган айл стандартын болон стандартын бус таван төрлийн зуух хэрэглэдэг. Зуух болгонд хэмжилт, галлагааны дарааллыг гаргаж, иргэд, олон нийтэд танилцуулах ажлыг бид зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт стандартын зуух үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт хийлээ. Жилд 15-20 мянган зуух борлогддог байсан бол цар тахлаас шалтгаалан 2021 онд зуух үйлдвэрлэн, импортолдог аж ахуйн нэгжүүдийн борлуулсан зуух нийлээд 2000 хүрэхгүй байна. Үүнээс үзэхэд стандарт зуухны худалдаа 10 дахин буюу эрс багасжээ” хэмээв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.250
    2022/01/10

    Хөлдөж үхэхээс нь өмнө түлшээ зорилтот хүмүүстээ тараавал таарна, сургууль дээрээ хоол идчихэж байсан хүүхдүүд одоо хүйтэн гэрт хөлдөж үхэх дутуу байна шүү

    Хариулах