Жолоодлогогүй инфляцын уршгаар ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭХ ҮҮ?

2022/07/18

Жилээс жилд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж Монголчууд бүсээ чангалаад удаж байгаа билээ. Үүний шалтгаан нь инфляцын өсөлттэй шууд холбоотой гэж хэлж болно.

Инфляц гэдэг нь цөөн бараа, бүтээгдэхүүний араас хэт их эрэлт бий болох үед үүсдэг, үнийн өсөлт буюу мөнгөний үнэ цэнийн уналт юм. Инфляц 25 хувиар өсөхөд 1000 төгрөгийн худалдан авах чадвар 25 хувиар буурна гэсэн үг. Жишээ нь: “Атар” талхны үнэ 2016 онд 1150 төгрөг байсан бол 2022 онд 1655 төгрөг болж 1.4 дахин өссөн байхад, мөнгөний худалдан авах чадвар харин урвуугаар 1.4 дахин буурна.

Монгол улсад сүүлийн 6 жилд инфляцын нөлөөгөөр бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, ард иргэдийн амьдрал туйлдаа хүрлээ. Инфляцын түвшин 2016 оны тавдугаар сарын дүнгээр 1.8 хувь байсан бол одоо улсын хэмжээнд 15.1,  Улаанбаатарт 16.2 хувьд хүрлээ. Зургаахан жилийн дотор инфляцийн түвшин 13.3 хувиар нэмэгдэнэ гэдэг байж боломгүй өндөр үзүүлэлт.

Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний инфляц 18 хувьд хүрч бүс нутагтаа тэргүүлж байна.  2016-2022 оны байдлаар ургамлын тос 3638 төгрөг байсан бол 9623 болж 164 хувиар, элсэн чихэр 2317 төгрөг байсан бол 3500 болж 51 хувиар, цагаан будаа 2605 төгрөг байснаас 4669 болж 79 хувиар, байцаа 1222 төгрөг байснаас 5106 болж 317 хувиар, сонгино 1254 төгрөг байснаас 3676 болж 193 хувиар тус тус нэмэгджээ. Харин шатахууны үнэ АИ-80 бензин 1450 байсан бол 2370 болж 64 хувиар, АИ-92 бензин 1530 байсан бол 2390 болж 56 хувиар, АИ-95 бензин 1730 байснаас 3910 болж 126 хувиар, дизель түлш 1640 байснаас 3730 болж 127 хувиар нэмэгдсэн байна.

Амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34,3 хувьд хүрч 210 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Гэтэл жолоодлогогүй инфляцын уршгаар амжиргааны өртөг 10-аас ч их хувиар нэмэгдсэнд гайхах зүйл үгүй. Үнэ тогтворгүй, савлагаатай байхын зовлонг амссан гашуун түүх бидэнд бий. 90-ээд оны эхэнд инфляц 300% давж, жилийн дотор үнэ 3 дахин өсөхөд иргэдийн хэрэглээ, худалдан авах чадварт ихээхэн халгаатай байсан билээ. Түүхийн хуудсанд бичигдсэн бэх нь хатаагүй уг үйл явдлыг нэхэн санахгүй бол юу болох вэ?

2008 онд Зимбабве улсад гипер буюу хэт инфляцын нөлөөгөөр үнийн өсөлт 231 сая хувьд хүрч, мөнгөн тэмдэгт нь үнэгүйдсэнээр хэрэглээнээс халж байсан. Харин оронд нь Америк доллар, Өмнөд Африкийн ранд, Ботсваны пула зэргийг ашиглаж эхэлсэн байдаг. Өнөөдөр нэг ширхэг талх Зимбабвед нэгдүгээр сарынхаа үнээс долоо дахин өндөр үнээр зарагдаж байгаа аж. Бид инфляцын эсрэг арга хэмжээ авч, нэг түвшинд барихгүй удвал Зимбабве улсынх шиг ирээдүй биднийг хүлээж байна.

Тэгвэл инфляц хасах утгатай буюу бүтээгдэхүүний үнэ өсөх биш харин буурч, “Дефляц”- тай байх үед юу болох вэ? Компаниуд зардлаа бууруулахын тулд хөрөнгө оруулалтаа танах, ажиллах хүчээ цомхотгох замаар эдийн засаг агшдаг болохыг Японы сүүлийн 30 жилийн түүхээс харж болно. Тэгэхээр инфляц, дефляц аль аль нь хэтэрвэл сөрөг нөлөөтэй байх нь.

Хүний хязгааргүй хэрэгцээг хангах нөөц хүрэлцдэггүй нь бичигдээгүй хууль. Гэхдээ бид хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээгээ хангахын төлөө тэмүүлдэг. Үүний нөлөөнд инфляц зайлшгүй үүснэ. Тэгвэл инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд Төв банк мөнгөний бодлогын хүүгээ өсгөдөг. Гэвч энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд тийм ч хүсүүштэй арга хэмжээ биш. Нэг үгээр, мөнгөний бодлогын хүү өндөр байх нь банкуудад зээлээ хумих дохио болдог. Зээл хумигдана гэдэг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа хөрөнгө оруулалтаар дутна гэсэн үг. Энэ нь эргээд улс орны эдийн засгийн өсөлтийг сааруулах талтай. Тиймээс л төрөөс баримтлах мөнгөний бодлого зөв, оновчтой, төв банкны мөнгөний бодлогын хүү зохистой түвшинд байх нь чухал юм.

Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд корона вирусын улмаас хил хаагдаж юмны үнэ илүүтэй өссөн. Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшиндээ хүрэхийг анхааруулаад эхэллээ. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, өнөө маргаашаа арай гэж аргацааж буй ард иргэд энэ их өсөлтийг яаж даван туулах вэ? Зургаан жилийн дотор эдийн засаг нь уруудан доройтож, төрд заларсан балагтай хүмүүсийн уршгаар үр дагаврыг нь ард иргэд л нуруун дээрээ үүрч байна. Энэ бол өнөөгийн эмгэнэл, ардчилсан Монгол улсын бодит төрх.

Үүнийг шийдэх гарц нь мөнгөний бодлогын хүүнээс гадна эдийн засгаа солонгоруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрүүдийг барьж байгуулах явдал юм. Өнөө маргаашийн аар саархан шийдвэр гаргах бус урт хугацааны тогтвортой шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах хэрэгцээ шаардлагатай байна. Ингэснээр үйлдвэрлэл нийлүүлэлт нэмэгдэж, эдийн засаг сэргэж түүнийгээ дагаад инфляц аяндаа буурна. Гэвч гарц нь тодорхой болсон хэдий ч хэрэгжүүлэх хүмүүс нь хөдлөхгүй бол хөгжлийнхөө эсрэг уруудсаар эдийн засаг элгээрээ хэвтэх нь цаг хугацааны л асуудал болжээ.

У.Ундрах



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2022/07/18

    Монголын төр оронгоороо эргэчихсэн Монголын ард түмэн нь оронгоороо эргэчихсэн 70 сая малын 50 сая нь банкны барьцаанд Монголын төр хамаг уул уурхайгаа үржил жимтэй ордуудаа үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдүүдэд зээлийнхээ барьцаанд тавиад туучихсан байж яаж эдийн засаг нь өөдлөх билээ харин улам хүндэрч ядуунаа Монголын төр шургалсан хулгайч нар зөвхөн ОУВС даалгавараар ажилладаг эх орноосоо урвагчид байхгүй юу да

    Хариулах
  • 213.87.145.229
    2022/07/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах