СУРВАЛЖИЛГА: Аамаа ээжтэй “Манай гэр бүл”

2022/07/18

Гэр бүл гэж ямар ойлголт вэ? Төсөөлбөл, хайр сэтгэлийн үндсэн дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нийлж, гэрлэлтээ бүртгүүлснийг хэлэх байх. Гэсэн хэдий ч гэр бүл гэх статуст ороогүй атлаа хүсээгүй жирэмслэлт, хамтын амьдралаас үр хүүхдийнхээ бяцхан зүрхийг эмтэлсээр, тэднээр тоглосоор... Ерөөс хариуцлага гэгчийг ухамсарлаагүй хүмүүст гэрлэлтээ батлуулсны дараа хүүхэдтэй болох хуулийн заалттай болгомоор ч юм шиг... Нөгөөтэйгүүр хүчирхийлэл үйлдсэн хэн нэгэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгамаар ч юм шиг.

Айл гэрдэж тоглоод л байдаг амьдрал зохиосноо ухамсарлаагүй эцэг эхчүүдийн золиос болсон хүүхдүүд, мөн ээж аавыгаа хагацашгүй хувь тавилангаар алдсан бяцхан зүрхүүд өнөөдөр "Хүүхэд хөгжлийн төв" – д буюу Асрамжийн газартаа амьдарч байна.  

Цус өөр боловч цуглах нэг гэртэй, зүс ондоо боловч зөвлөх нэг ээжтэй олон олон хүүхэд хөгжлийн төвүүдээс онцолж ᠌”Манай гэр бүл” –ээр зочиллоо. Ороход л аз жаргалаар дүүрэн байх энэ л уур амьсгал тэртээх хүүхдүүдийн сэтгэлийг дэвтээж буй биз ээ.

Энэ төвд хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, аав ээжийнх нь аль нэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан, хориход ял эдэлж буй, аль эсвэл сэтгэцийн эмгэгтэй, зайлшгүй шалтгаанаар харгалзах хүнгүй хүүхдүүдэд урт хугацааны халамж, үйлчилгээ үзүүлдэг байна.

Энэ талаар “Манай гэр бүл” төвийн захирал Н. Гаамаатай ярилцлаа.

Танай төвд хүүхдүүд ямар шалтгаанаар ирдэг вэ? 

  • Бүтэн болон хагас өнчин хүүхдүүд ирдэг. Сүүлийн үед манай төвд бие бялдрын хувьд эрүүл саруул, залуу аав, ээжийн хүүхдүүд ирэх болсон. Үүний шалтгаан нь ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл гэх мэт хүчин зүйлээс болдог. Дээр нь хувь хүний үүрэг, хариуцлагаа ухамсарлах байдал, гэр бүл төлөвлөлт, салалт ихээр нөлөөлж байна.
  • Тухайлбал гэр бүлийн байдлаас болж хойд эцэгтээ адлуулж, зодуулаад, шоглуулсан хүүхэд ирдэг. Сэтгэл санааны гүн хямралд орсон эцэг эхчүүд баярлалаа гэхээс илүү хүүхэдтэйгээ уулзахдаа зодож байсан уу? Зоддог уу? Өлсөж байна уу? Гэж асуудаг. Архитай орчинд амьдардаг байсан хүүхдүүд бол юу идэж байгаа нь аав ээжид нь хамаагүй, хүүхдээ хаячихдаг гэх мэт янз бүрийн шалтгаанаар ирдэг дээ.

Нийт хэдэн хүүхэд байгаа вэ?

Манайх хоёр төвтэй.  Нийт 25 хүүхэд байна. Багачуудыгаа нэг дор аваад охид хөвгүүдээр нь ялгадаг юм. Хөвгүүдээ 14 хүрэнгүүт эрэгтэй хүүхдүүдийн байр луу явуулдаг. Мөн хөл гар тулгуур эрхтний саажилттай хүүхдүүд бий. Манайх хоёр нийгмийн ажилтантай бид нийлээд дүүргийн эмч нараасаа зөвлөмж, үйлчилгээ авч, хамтарч ажилладаг.

Хүүхэд анх ирэхэд ямар арга хэмжээ авдаг вэ?

Дөнгөж ирсэн хүүхдээ хамгийн түрүүнд үзүүлж, эмчлүүлдэг. Энд ирээд тайвшраад 4-5 хоног унтаа байдалтай байна. Энэ хугацаанд хооллож ундлаад суултуурыг нь хүртэл сонгуулаад бие засуулдаг. Айсан хүүхэд бие засах асуудалтай байдаг юм.

Хойд аавтайгаа харилцах харилцаа нь асуудалтай болсон хүүхэд эрэгтэй хүн үзэж харж чаддаггүй. Юм хумны араар орчихдог. Ээжтэй нь уулзуулъя гэхээр ээж нь олдохгүй. Ингээд хүүхдээ юунаас айдаг талаар мэдэж авсны дараа тодорхой арга хэмжээнүүдийг авдаг. 

Анх ирсэн хүүхэд сэтгэл зүйн талаасаа яг ямар байдалтай байдаг вэ?

Зарим хүүхдүүд маань ирснийхээ дараа маш их ууртай байдаг. Тэр уурлаж байгаа хүүхэддээ хөгжим сонсуулна, тайвшруулна, хөөрхөн бүжиг заагаад үлгэрийн ном уншиж өгнө. Уурлаад байвал тэр үед нь уурласан инээсэн хоёр хүүхэд зураад тавьчихдаг. Энийг хараач гэхгүй. Хүүхэд гүйж яваад, ирээд хардаг. Харж байгаад санаа алдаад явчихна. Мартсанаас нь хойш хэдэн өдрийн дараа дуудаад манайд нэг хүүхэд уурлаад байлуу яалаа гэхээр үнэнээ хэлнэ, би уурласан гээд ойлгоод мэддэг. Тэгээд тайвшраад эргээд цовоо сэргэлэн болоод явдаг даа.

Танай төв юугаараа онцлог вэ?

Бидний онцлог бол 23 нас хүртэл нь хүүхдээ байлгаж, цалин мөнгөтэй золготол нь байнгын холбоотой байх, цаашлаад хүүхдүүдтэйгээ харилцаатай байх зэрэг юм.

Мөн бид чөлөөт цагаараа Монголын тахилгат 13 –н хайрханыг оёсон. Цаашдаа ч зөндөө олон бүтээлүүд гаргах зорилготой.

Танайд ирсэн хүүхдүүдэд ямар асуудалтай тулгарч байв?

Эрүүл мэндийн хувьд ар гэр нь боломжгүйн улмаас тодорхой арга хэмжээ аваагүй хүүхдүүд ирдэг нь тэр л асуудал. Хэдэн жилийн өмнө манайд ирсэн хоёр охин маань зүрхний хагалгаанд орсон. Гуравдугаар эмнэлэгийн зүрхний мэс засалч Цэгээнжав эмч маань хоёр хүүхдэд хагалгаа хийсэн юм. Мөн энэ дашрамд баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

Асрамжид байгаа, мөн асрамжид ирээгүй өчнөөн хүүхдүүдийг хохироохгүйн тулд яах ёстой юм бол? 

Гэр бүлийн харилцаан дахь эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдээ олж засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтарч ажиллах шаардлагатай.  Үүний дараа тухайн хүүхдийн ээж, аавтай ажиллаж тэднийг нийгэмшүүлэх, сургалт зохион байгуулах гэх мэтээр арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Эцэг эхээр нь  хүүхдийг нь тэжээж, тэтгэж байгаа зардлыг төлүүлдэг байх нь миний байнга яриад байгаа хариуцлага юм шүү дээ.  Мөн асрамжид олон жил байгаа хүүхдүүд төгсөөд гарсны дараа тэдэнд ажил хөдөлмөр эрхлэх явцад амьдралын баталгааг нь нөхцөлт байдлаар олгох зэргээр ажил хийгээсэй гэж боддог. Мөн Монгол улс хүүхдийн төлөө, гэр бүл төлөвлөлтийн талаар багаас нь хичээлээр заадаг байгаасай, гарах эрсдэл хариуцлагыг ухамсарлуулж, нийтэд түгээгээсэй гэж хүсч байна.

Үүдээр нь дүүрэн тоглоом өрөөстэй, ханаар нь дүүрэн бүтээл нь өлгөөстэй энэ л гэр бүлд хүүхэд хүмүүжлийн маш олон ажлыг хийж байгаа нь зарим эцэг эхчүүдийн хүүхдээ утсаар, зурагтаар саатуулах гэсэн аргын дэргэд хачин гайхалтай аж. Нүдэндээ бяцхан гуниг тээх охид олон олон эгчтэй болж, эгч нар нь дүү нартаа үлгэрлэн байдаг энэ л газар бусдын боддог асрамжийн гэх тодотголтой бус хүүхдүүдэд шинэ гэр бүлийг бэлэглэж, сурч хөгжих боломжийг нь олгож байгаа аж.

14 настай Ц хэлэхдээ:

Миний хувьд модел болохыг хүсдэг. Багшаасаа юм оёж, сүлжих талаар сурсан. Дааж авсан дүүгээ хараад чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлээд л байж байна даа. Манай төв хоорондоо маш гоё харилцаатай байдаг. Ер нь сайн хүн болохыг хүсдэг дээ.

13 настай Номин:

Төвдөө маш олон найз нөхөдтэй, дүү нараа даагаад авчихдаг. Яг эгч шиг нь л зааж сургаад л байж байдаг даа. Би энд маш жоохон ирсэн болохоор аав ээжийгээ сайн санадаггүй. Дуу дуулж,  цэнгээнт бүжгээр хичээллэдэг. Төвдөө оёж сүлжиж сурсан. Заримдаа урагдсан хувцас хунараа оёдлын машинаараа оёчихдог. Ирээдүйд би цагдаа болох мөрөөдөлтэй. Ойрд маш том хэргүүд гараад байгаа шүү дээ. Тийм хэргүүдийг зогсоож чадах хэмжээний мундаг хүн болно гэж боддог. Хүмүүс орж ирэхээр асрамж биш, айл юм биш үү? гэж хэлдэг.  Хүмүүст хандаад хэлэхэд асрамж гэхээр муу муухайгаар битгий бодоорой. Битгий буруу ойлголттой байгаарай гэж хэлье. 

Энэ л насандаа амьдын хагацал үзэх ёсгүй жаахан хүүхдүүд мөртөө хэзээний хэрсүү сууж, биенийхээ хайрыг нөхөн байдаг нь халагламаар ч юм шиг. Уг нь тэдний хайраар өсөх цаг юмсанж. Тэдгээр хүүхдүүдтэй ярилцан суухдаа аав ээжийг нь асуухаас ч зүрхшээмээр байсныг нуух юун. Эцэг эхийгээ саналаа гэж уйлахгүй, эгч нартайгаа хөгжилдөн суух тэдний сэтгэлд ямар хүнд шарх үлдээснийг, аав ээжтэй ээжгүй амьдарч болох юм гэх ойлголт суусан байгааг олж харсан юм. Тэгсэн ч гэсэн тэрхүү шархыг эдгээж, нөхөж яваа манай гэр бүлийн ажилчид хором зуур ч гуниглах, ганцаардуулахыг мэдрүүлэхгүй байлгадгыг ойлгож, ухаарч байлаа.

Монголд гэр бүлийн хорт харилцаанаас болж хүүхэд хохирдог энэ асуудал газар аваад удаж байгаа. Хэзээний хэлээд ойлгохгүй бол яс маханд нь суулгана гэсэн энэ хэллэг явсаар энгийн үзэгдэл болж,  хажуу дахь ханьтайгаа үл ойлголцон хүүхэд ч зовдог энэ асуудлыг таслан зогсоох нь зүйн хэрэг. Энэ талаар Гэр бүл судлаач О.Анужингаас тодрууллаа. 

Эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж хүүхэд хохирдог энэ асуудлыг яаж шийдэх вэ?

Юун түрүүнд гэр бүл гэж юу юм? Энэхүү ойлголтыг гүнээ ухамсарлаж ард нь ямар том хариуцлага ирэх вэ? хэчнээн олон хүн хохирч болох вэ? энэ талаар аль аль өнцгөөс нь бодож шийдэх нь зүйн хэрэг. Мэдээж өнөөдөр тэр хүн надад таалагдлаа гээд би бүхэл бүтэн амьдрал зохиогоод явчихаж болохгүй. Хайр дурлал, шохоорхол хүндлэл, итгэлцэл, ойлголцол хамтын амьдралыг бүтээх учраас сэтгэл хөдлөлөөрөө шийдэх нь хамгийн буруу зүйл юм. Олон ч гэр бүл үерхээд удаагүй хүүхэдтэй болчихдог, гаргаад сайхан амьдрья гэвч шохоорхолоос цааш үеээ даваагүйн улмаас үл ойлголцол салалт, тэр тусмаа хүчирхийлэл бий болдог. Ерөөсөө харилцаа ба хариуцлагыг ухамсарлаж, хэрэгжүүлж байж сая гэр бүлийн амар амгалан тогтож, хүүхэд түүнээс болж хохирохгүй байх боломжтой юм. Анхнаас нь гэрлэхээсээ өмнө бүхий л талыг харж байж шийдвэрээ гаргах нь аливаа эрсдлээс сэргийлж чадна. Миний хувьд урьдчилан бодож шийдвэрээ гаргаасай л гэж хүмүүст хэлмээр байна. Мөн үр хүүхэддээ уураа гаргадаг байдал чинь ерөөс тэр сэтгэл зүйн цаана буй бодлоо ойлгуулаагүй, шийдэж чадахгүйн улмаас л маш буруу хэлбэрээр илэрхийлээд байгаа хэрэг шүү дээ. Хүүхэд тэр хүнийг зодтол нь ямар буруу зүйл хийх вэ? бодох л асуудал. Энэ сэтгэл зүйн доголдол үнэхээр ямар ч шалтгаангүй үүсч байвал тэр хүнд асуудал байна аа л гэсэн үг. Цааш цаашдын арга хэмжээг аваад явах хэрэгтэй. 

Гэр бүл судлаач Г.Намжилын үзсэнээр:

Эхнэр нөхрийн хайр сэтгэлээс үүдэлтэй хамтын амьдрал нь “шөвөг хатгах зайгүй, зүү шивэх завсаргүй байх учиртай.”  гэж хэлжээ. Ер нь аз жаргалтай гэр бүлийн нууц нь эхнэр нөхрийн сайхан харилцаа юм. Болж бүтэхгүй, таарч тохирохгүйн улмаас биендээ хорсон санаж, улмаар хүчирхийлэл архидалт, гэр бүл салалт үүсч буйн шалтгаан болж байгаа юм. Хосууд нэг хүн шиг  байж гэмээнэ, нийгэмд болоод буй муу муухай зүйлс үүсэхгүй шүү дээ. Үнэхээр нууц амрагтай болчхоогүй л бол нуугаад байх зүйл байна гэж үү? Манайхан хоорондоо ярилцаж ойлголцож чадахгүй болохоор салчихаж ч чадахгүй байна шүү дээ. Үүнийг хэлвэл буруутан болох л байх. Гэвч үнэн нь тэр. Аз жаргалтай гэр бүл байхын тулд: 

  • Би чи гэж хоорондоо сөргөлдөхгүй бай
  • Харьцуулахгүй байх хэрэгтэй. 
  • Үнэнийг биендээ хэлж илэн далангуй ярих хэрэгтэй.
  • Хүн гоо сайхныг харж аль сайхан руу нь тэмүүлдэг тул хоёр биенийгээ сайн сайхан болгож бүтээ
  • Хайрлаад аваад суусан бол үр хүүхдийг нь ч хайрла. Чиний хүүхэд гэж авчирсан тэр том сэтгэлийг нь хүндэл
  • Миний хүүхэд юм чинь яасан ч яадаг юм, гэсэн бодлоо авч хаях хэрэгтэй, хүүхэд таны толь гэдгийг ямагт сана, гэсэн байна.

Гэр бүл судлаачдын үзэж буйгаар гэр бүлийн аливаа асуудлыг юун түрүүнд маш сайн бодож эргэцүүлсэний үндсэн дээр олон шалгуурыг давсны дараа зохиох хэрэгтэйг хэлж байна. Мөн хосын харилцаа сайн байх, хоорондоо ойлголцож чадаж байж гэр бүл тогтнох аж. 

Үүнээс харвал энэ нийгэмд хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй, уур уцаартай түүнийгээ шийдвэрлэж чаддаггүй атлаа хүнтэй суудаг энэ асуудал битгий гараасай, хүмүүс "энэ маань ядаж хүнтэй суучихвал ч..." гэж ярихаа болиосой гэж бодож сууна. Ер нь хувь хүнээ бүрэн төлөвшүүлж, үр хүүхдээ өсгөх итгэлтэй, баталгаатай болж байж гэр бүл зохиох нь хамгийн зөв зам билээ. 

Мөн сурвалжлагынхаа төгсгөлд эцэг эхчүүд минь үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж, шинэ залуу гэр бүл болох гэж буй хүмүүст, салсан ч бай, муудалцсан ч бай хүүхдээс хамааралгүй байлгаасай гэж хүсье. Таны хүүхэд шинэхэн цагаан цаас, та түүнийг сохолж битгий баллаарай, энэ хорвоод ирэхдээ хэнээс ч гуйж төрөөгүй юм шүү. 

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.123
    2024/03/19

    Яаж холбоо барихуу

    Хариулах
  • 213.87.135.165
    2022/07/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.186.53
    2022/07/18

    Etseg ehiin hair halamjiig olon hvvhdvvded vzvvlj hairlaj hamamjilj yavaa Gaamaa bolon hamt olond ni ajliin amjilt hvsie.

    Хариулах