Э.Эгшиглэн: Сайн дурын ажил хийх нь СЕРТИФИКАТ авахаас илүү их чадварыг бидэнд суулгадаг

2022/08/23

Орчин үед залуусын чөлөөт цагаа үр бүтээмжтэй өнгөрүүлэх нэг төрлийн арга бол сайн дурын ажил хийх. Сайн дурын ажил гэдэг бол хэний ч шахалтгүйгээр бусад хүмүүст хариу нэхэлгүй туслах явдал хэмээн ойлгож болно. 

Дэлхий дахинд 35-44 насныхан хамгийн их сайн дурын ажил хийдэг бол залуу сайн дурын ажилчид ажилд орох магадлал бусад хүмүүстэй харьцуулахад 27%-иар илүү байдаг ажээ. Энэ мэтчилэн сайн дурын ажил хийхэд багаар ажиллах, өөрийгөө ойлгох, бусадтай харилцах зэрэг олон талын эерэг дадлыг өөртөө суулгадаг ч төлөвшлийн насандаа явж буй 14-19 насны хүүхдүүдэд зориулсан сайн дурын байгууллага дэлхийн аль ч улс оронд цөөнх байдаг. 

Тэгвэл бид өсвөр үеийнхний дуу хоолой болж, тэдний нийгэм дэх оролцоог дэмжихээр 2019 онд байгуулагдсан “Youth For Better” өсвөрийн өөрөө удирдах төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Э.Эгшиглэнтэй ярилцлаа. 

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач. 

  • Сайн, сайн байна уу? Намайг урьж ярилцаж байгаад баярлалаа. Намайг Э.Эгшиглэн гэдэг. “Youth for better” өсвөрийн өөрөө удирдах сайн дурын байгууллагын үүсгэн байгуулагч. Одоо 19 настай. 

“Youth for better” ТББ-ыг яагаад үүсгэн байгуулах болсон бэ? Сэдэл нь хаанаас төрж байв?

  • Би 9-р ангиасаа хойш сайн дурын ажил хийж эхэлсэн. Тухайн үед өсвөр насны хүүхдүүдэд зориулсан, тэдний нийгэм дэх идэвх оролцоог нэмэгдүүлэх сайн дурын байгууллага маш ховор байгааг анзаараад “өсвөрийн өөрөө удирдах сайн дурын байгууллага” байгуулахыг хүссэн. Сайн дурын ажил хийхэд авах мэдрэмж, танилын хүрээлэл, бусдаас суралцах нь надад маш сайхан санагддаг болохоор 11-р ангидаа ангийн найзтайгаа нийлж аав ээжийнхээ нэр дээр “Youth for better” ТББ бүртгүүлээд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 


Ангийн найзтайгаа нийлж ТББ үүсгэсэн гэж сая хэллээ. Тэгвэл та хоёр эхний багаа хэрхэн бүрдүүлж байсан бэ? Хамгийн эхний хийсэн ажил нь юу байв? 

  • Манай байгууллага 14-19 насны хүүхдүүдтэй хамтран ажилладаг. Энэ насны хүүхдүүд бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй тул “Google Forms”-оор анкет бөглүүлээд шалгарсан гишүүдийг элсүүлсэн. Гэхдээ манайх үндсэн гишүүн ерөөсөө авдаггүй. Харин бид хоёр сар тутамд нэг ээлжийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ээлж бүртээ 25-30 гишүүн элсүүлэн тодорхой төсөл дээр хамтран ажиллаад сертификат олгодог. 

  • Хамгийн эхний хийсэн үйл ажиллагаа гэвэл “Цаасан шувуу” нэртэй зохион байгуулагдаж байсан. Тус ажлын хүрээнд бид хүүхдийн нүдэнд одоогийн нийгэм, хорвоо ертөнц яаж харагддаг талаар гар зургийн үзэсгэлэнг гаргаж олсон бүх орлогоо хүүхдийн тусгай сургалт хүмүүжлийн байгууллагад хандивлаж байсан. Тухайн үед 300 гаруй билет зарагдаж байсан.


Ээлж ээлжээр өсвөр насны хүүхдүүдийг хамруулж төгсгөдөг гэсэн. Тэгвэл ээлжийн бус үндсэн ажилтан гэж бий юу? Хэдүүлээ вэ? 

  • Эхний ээлжид элссэн гишүүдээс хоёрыг нь сонгож манай байгууллагын байнгын зохион байгуулагч болох хүсэлтийг тавьж хоёр жилийн хугацаанд гурвуулаа хамтран ажилласан. Бид гурав насанд хүрж байгаа болохоор YFB байгууллагаа дараа дараагийн өсвөр насныханд дамжуулах зорилгоор нэмэлт гурван зохион байгуулагч шалгаруулж авсан. Ингээд нийт зургаан үндсэн ажилтантай болсон.

Үндсэн гишүүд нь хоорондоо санал зөрөх үе хэр их байдаг вэ? Асуудлаа яаж шийддэг вэ?

  • Мэдээж бид бүгдийн аливааг харах өнцөг өөр. Төдий чинээ шинэ санаа гарч ирдэг. Гэхдээ бид хэзээ ч хоорондоо санал зөрчилдсөнөөсөө болоод муудалцаж байгаагүй. Харин ч асуудал бүрийг тэр дор нь ярилцаад шийдээд явдаг байсан.

Төдийгөөс өдий хүртэл нийт амжилттай 14 ээлжийн ажил хийсэн байна. Тэгвэл 15-р ээлжээр хийх ажил нь “Соёлын дархлаа” нэртэйгээр зохиогдож байгаа. Тус ажлын хүрээнд ямар ажил хийж, нийгэмд ямар байр суурийг илэрхийлэхийг хүссэн бэ? 

  • Манай ээлж бүр өөр өөрийн гэсэн онцлог, зорилготой. Тус ээлжид Монгол орныхоо түүх соёл, хэл найруулга, уламжлал зэргийг таниулахын тулд мэдээлэл өгөх видео контентуудыг бэлтгэн хүргэнэ. Аливаа улс орон оршин тогтнохын үндэс нь түүх соёл, хэл байдаг шүү дээ. 


 Ярилцлагыг уншиж буй нийт өсвөр насны хүүхдүүд болон залууст хандаж хэлэх үг? 

  • Хүүхэд залуус гадаадын их сургуульд элсэхийн тулд сайн дурын ажил их хийдэг юм шиг санагддаг. Сайн дурын ажлыг их сургуульд элсэхийн тулд биш нийгэмд бага ч болов хувь нэмрээ оруулах үүднээс сэтгэлээ гаргаад ажиллавал сертификат авснаасаа илүү их зүйлийг сурч мэдэх боломжтой.

Баярлалаа

Т.Тэргэл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.153
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах