“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” өргөн дэлгэр болж байна

Админ
2022/09/17

32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” буюу номын баяр есдүгээр сарын 16-18-ны хооронд, гурван өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр 13 цагт албан ёсоор нийслэлийн төв талбайд эхэллээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын баярыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатай зохион байгуулж байна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийн зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотод Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, орон нутагт аймгуудын Соёл, урлагийн газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүс ажиллаж буй юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Номын баяр зохион байгуулахад өмнөх жилүүдэд бэрхшээл их гардаг байлаа. Өнөөдөр номын баяр бие даасан, томоохон арга хэмжээ болон өргөжжээ. Нийслэлээс “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран Улаанбаатар хотыг дэлхийн номын нийслэл болгохоор зорьж байна” гэсэн юм.

Ташрамд дурдахад ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг 1995 онд баталсан. Уг өдрийг тохиолдуулан ЮНЕСКО нь Дэлхийн номын нийслэл хөтөлбөрийг 2001 онд эхлүүлсэн бөгөөд номыг сурталчилж, ном уншихыг хөхиүлэн дэмждэг хотыг жил бүр Дэлхийн номын нийслэлээр сонгон шалгаруулдаг аж.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр “32 дахь удаагийн номын баяр өргөн дэлгэр болж байна. Нийслэлийн зүгээс номын баяр, боловсролын салбарыг дэмжин ажиллахад чухал ач холбогдол өгдөг. Энэ удаагийн номын баярт 350 орчим асарт хэвлэн нийтлэгч, зохиолч, чөлөөт уран бүтээлч, аж ахуйн нэгж оролцож байна” гэлээ.  Харин Үндэсний номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Нийслэл хотод номын баярыг зохион байгуулж эхэлснээс хойш 16 жил өнгөрсөн байна. Өнгөрсөн номын баярын судалгаагаар тус баярт 180 мянган хүн буюу Улаанбаатар хотын нийт хүн амын 12 хувь нь хүрэлцэн ирдэг гэсэн сонирхолтой статистик гарсан. Түүнчлэн номын баярт оролцогчдын дийлэнх нь 15-35 насны хүүхэд, залуус байна. Залуучууд ном уншдаг болсон байна. Энэ нь ирээдүй гэрэлтэй байгаагийн илрэл” хэмээлээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн номын баярын үеэр “Мэргэн ном” шагнал, 2022 оноос эхлэн “Номын сайн нөхөр” уралдаан, улсын хэмжээний шагналыг олгож ном бүтээгчдээ урамшуулдаг болсон билээ. Энэ хүрээнд шагнал хүртсэн хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч С.Үүрийнцолмон “Номын сайн нөхөр уралдааны шилдэг уншигч сурагч боллоо. Ном уншсанаар үгийн баялаг сайтай болдог. Мөн ном уншдаг, уншдаггүй хүүхдүүд маш их ялгаатай байдаг. Уншигч хүүхдүүд эерэг сэтгэлгээтэй, аливаа зүйлийг хурдан ойлгодог. Миний хувьд уран зохиол, шүлгийн ном унших дуртай. Зохиолч Ш. Гаадамбын зохиолуудыг шимтэн уншдаг” гэлээ.

Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Э.Дөлгөөнтамир “Ном миний салшгүй хэрэглээ болсон. Сургууль, анги, гэртээ, гадуур гарахдаа дандаа номтой явдаг. Би адал явдалт зохиол, хувь хүний хөгжлийн номд маш их дуртай. Уншсан ном болгон  дүгнэлт хийн ирээдүйгээ тодорхойлдог. Шилдэг уншигч болсондоо маш их баяртай байна. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд гар утаснаасаа илүү номтой нөхөрлөөрэй. Утсыг ч бас ном болгон ашиглах боломжтой шүү. Битгий залхуурч, хойш суугаарай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Номын баярын үеэр номын худалдаанаас гадна монгол бичиг соёлоо сурталчлах, зохиолчидтой уулзах, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Улсын Алдарт Гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн-номын нээлтэд оролцох, хэвлэн нийтлэгчдийн санал бодлыг сонсох боломжтойн дээр номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж байна.

Намрын номын баярт нийслэлийн иргэд, хүүхэд залуучууд, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.16
    2022/09/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах