“Рио Тинто Монгол” групп 7.4 тэрбумаар нэг тэрбум мод аварна

Админ
2022/09/26

Мод тарихаас илүүтэй одоо хүчилтөрөгч ялгаруулсаар байгаа ч   хортон шавьжинд идэгдэн үхэж буй  1.1 тэрбум модыг аврах нь нэн чухал болоод байгаад “Рио Тинто Монгол” групп анхаарлаа хандуулаад байна. Учир нь шинээр тэрбумаар тоологдох модыг тарихын зэрэгцээ Монгол орны ойн сангийн өнөөгийн нөөцийг доройтохоос хадгалж хамгаалах нь чухал болоод байна. БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126 мянган га ойн сан доройтолд орно гэж  дүгнэжээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд “Эрүүл ой” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” , “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагын төлөөлөл энэ сарын 23-нд санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь энэ оны зургаадугаар сарын 24-ний өдөр БОАЖЯ болон “Рио Тинто Монгол”-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлэх эхний томоохон ажил юм.

Одоогоор Монгол орны нийт газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлж байна.  БОАЖЯ-наас явуулсан судалгаагаар сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас тогтмол хийгддэг ойн хөнөөлт шавж устгалын ажлууд хойшлогдон, тэмцлийн хүчин чармайлт үр дүн багатайгаас үүдэн 2022 онд хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүртлээ их хэмжээгээр нэмэгдсэн юм.  700 мянган га орчим ой хөнөөлт шавжид нэрвэгдсэн гэсэн тооцоо гарсны дотор 11 аймгийн ойн сан бүхий газар, Богдхаан уулын улсын тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойг хамарч байна.  Иймд Рио Тинто компанийн 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр, БОАЖЯ-ны удирдлага дор, Олон улсын байгаль хамгаалах байгууллагын ойн мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх “Эрүүл ой” төслийн хүрээнд хортон шавжаас үүдэлтэй нийт доройтсон газар нутгийн тал хувийг хамарсан тэмцлийн ажлыг 2023-2024 онд хийхээр болжээ.

Төслийг хэрэгжүүлснээр гол үзүүлэх үр нөлөө нь Монгол Улсын тэрбум гаруй модыг аварч, хөнөөлт шавжтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэн, тэмцлийн үр дүнг байж болох хамгийн өндөр түвшинд хүргэж, ойн нөөц баялгийг ирээдүй хойч үедээ хадгалж өвлүүлэх юм.  “Эрүүл ой” төслийн хамтын ажиллагааны гэрээнд зурах ёслолыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Рио Тинто Монгол” группийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ-ын захирал Тодд Коенингс нар үг хэллээ.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ: “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жил бүр нэмэгдэж байгаа хөнөөлт шавжийн тархалтыг зогсоож, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулж, дэвшилтэт техник, технологиудыг нэвтрүүлснээр тэрбумаар тоологдох модыг аврах”-ыг зорьж байгаа"-г хэлсэн үгэндээ онцолсон юм.

Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: 

-“Рио Тинто Монгол” компанийн зүгээс БОАЖЯ-тай хамтран өнгөрсөн зургаадугаар сард уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэхээр хамтын ажиллагаа эхлүүлсэн. Хамтын ажиллагааны эхний төсөл “Эрүүл ой” төсөл юм. “Эрүүл ой” төслийг олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг буюу The ICCF Group гэдэг мэргэжлийн байгууллагатай хамтарч хийх гэж байна. Төслийнхөө хүрээнд хортон шавжаас үүдэлтэй ойн доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах болсонд баяртай байна.

“Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ-ын захирал Тодд Коенингс:

-Монгол Улсын хувьд хортон шавж, бэлчээрийн даац хэтэрсэн, дэлхийн дулаарал зэрэг маш олон асуудал тулгарч байгаа.  Гэхдээ эрт эхлээд зөв ажиллаж чадвал байгалиа авч үлдэх, сүйтгэхгүй байх боломжтой.  Манай мэргэжилтнүүд Монголд газар зүйн байршлаас шалтгаалаад ямар моднууд таривал эрүүл ой байж болох талаар судалсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Ц.БАЯР

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 185 (6917)



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.185
    2022/09/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах