О.Батнайрамдал: Оюутолгойн ногдол ашгаар төсвийн цоорхойг нөхөх биш иргэддээ тэгш хуваарилах ёстой

Т.Отгонсувд
1 цаг 52 минутын өмнө

Монгол Улс анх удаа Оюутолгой төслөөс ногдол ашиг авахаар болсон талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн. Ногдол ашгийг хэрхэн хуваарилах, зарцуулах талаар маргаан иргэд болоод улстөрчдийн дунд өрнөөд буй. 

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа. 

Оюутолгойн асуудал дээр одоо яг ямар үйл явц өрнөж байна вэ?

- Сүүлийн жилүүдэд Оюутолгой дээр олон үйл явдал боллоо. Онц хэргийн асуудлаас шалтгаалаад Монгол Улсын эрх ашиг заавал хангагдах ёстой гэж үзэн, парламентаас хяналтын хамгийн өндөр механизм болох Хянан шалгах түр хороог ажиллууллаа. Мөн УИХ-аас 120 дугаар тогтоолыг баталж, нээлттэй сонсгол хийн олон нийтийн мэдэх эрхийг хангасан. Үүний хүрээнд Засгийн газар хэлэлцээрт орсноор тодорхой үр дүнгүүд гарч байна. Тухайлбал, зээлийн хүүг 2.5 хувиар, менежментын төлбөрийг 50 хувиар тус тус буурууллаа. Мөн өмнө нь 7 жил тутам хэлэлцдэг байсан зээлийн хүүг 3 жил болгон наашлуулж тохирлоо.

Гэхдээ хамгийн гол нь энэ бүхнээ гэрээндээ албан ёсоор баталгаажуулж авах ёстой. Улс төрийн хэлцлийн үг бол үг төдий байдаг. Үүнийг албан ёсны гэрээнд яг зөв агуулгаар нь тусгаж байж асуудал эцэслэгдэнэ. "Рио Тинто" компанийн гүйцэтгэх удирдлагууд Монголд ирж байгаа юм билээ. Тиймээс Хувь нийлүүлэгчдийн гэрээний зохих заалтуудыг өөрчилж, хоёр тал гарын үсэг зурснаар л энэ хэлэлцээр эцэслэгдэн баталгаажих ёстой юм. Хэрэв асуудал шүүх дээр очвол гэрээг л харна. Тиймээс үүнийг цаг алдалгүй, зөв хийх ёстой бөгөөд Засгийн газар ч үүн дээр хатуу байр суурь баримтлах учиртай.

Хоёрдугаарт, Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болж байна. Ногдол ашгийг 2026 оноос эхлэн авснаар хөрөнгө оруулагчийн анх амласан 120 дугаар тогтоолд тусгасан 53 хувийн үр өгөөж Монголын талд ирэх боломж нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ бол маш чухал асуудал бөгөөд төсөвт тодорхой тусгаж оруулж ирсэн нь зөв. Гэхдээ гурван их наядаас цааш хэлэлцээрийг үргэлжлүүлэх ёстой. Хэрэв 3.7 их наяд төгрөг болбол нэг хүнд 1 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилагдах хэмжээний санхүүгийн асуудал яригдаж байна шүү дээ. Ганцхан жилийн ногдол ашгаар ийм хэмжээний эх үүсвэр татах боломж бий. Бид 34 хувийг эзэмшиж байгаа бол Монгол Улсынхаа эрх ашгийг хангаад л явах ёстой. Цаашид дараагийн 10 жилд Оюутолгой өнөөдрийнхөөс хавьгүй өндөр орлоготой ажиллаж, жинхэнэ "өрмөө авах" үе ирнэ. Тиймээс энэ хугацаанд 34 хувь эзэмшигчийн хувьд үр ашгаа бүрэн хүртээд явах нь харилцан ашигтай олон улсын жишиг юм.

Ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар багагүй маргаан өрнөөд байна. Үүнийг хууль зүйн хувьд хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Ногдол ашиг хуваарилах бүрд ингэж маргаан гараад байж болохгүй. Үүнийг Үндсэн хуулийнхаа дагуу маш ойлгомжтойгоор шийдээд явах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т "Байгалийн баялаг бол ард түмний өмч мөн" болохыг маш тодорхой заасан. Стратегийн орд ашиглаж байгаа тохиолдолд баялгийн дийлэнх нь ард түмэнд ногдох ёстой. Энэ зарчмын дагуу үр өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан одоо ба ирээдүй үедээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилахаар хуульчилсан. Бид Үндсэн хуулиа л чанд биелүүлэх үүрэгтэй.

Энэхүү эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Үндэсний баялгийн сан дотроо томоохон дэд бүтэц, ДЦС зэрэг хөрөнгө оруулалтуудыг Хөгжлийн сангаар санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Хөгжлийн сан ямар орлогоос бүрдэх вэ гэдэг нь хуульдаа тодорхой байгаа тул тэр ажлуудаа тус сангаараа л хийх ёстой. 

Харин баялгийн сангийн хуулиар Оюутолгой тэргүүтэй стратегийн ордын төрийн 34 хувийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг Хуримтлалын нэгдсэн сан буюу "E-Mongolia"-аар харагддаг иргэн бүрийн нэрийн данс руу шууд хуваарилахаар зохицуулсан. Иргэн бүр баялгийнхаа хишгийг дансаараа дамжуулан хүртэх ёстой.

Тэгвэл одоо энэхүү хуулийн зохицуулалтыг өөрчлөх гээд байгаа хэрэг үү?

-Засгийн газраас өргөн барьснаар бол энэ орлогын 1 их наяд төгрөгийг л иргэдийн дансанд хуваарилж, үлдсэн 2 их наядаар нь төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ гэж оруулж ирж байна. 

Бид анх удаа Оюутолгойгоос ийм хэмжээний ногдол ашиг авч байгаа үедээ Үндсэн хуулийнхаа зарчим, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиа хатуу мөрдөх ёстой. Тэгж байж дараа дараагийн ногдол ашиг хуваарилахад маргаан гарахгүй, ойлгомжтой болно. 

Байгалийн баялаг бол өнөө ба ирээдүй хойчид бүгдэд нь хамааралтай тул ард түмэн хүртэх ёстой өгөөжөө шууд хүртэх нь зүйн хэрэг. Үндсэн хуулиар олгосон энэ эрхийг зарчмынх нь дагуу анхнаас нь зөв голдрилоор нь хэрэгжүүлэх шаардлагыг л тавьж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нийт мөнгөнөөс 2 их наядыг төсөл хөтөлбөрт үлдээж, 1 их наядыг л иргэдэд хуваарилах хувилбар явж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Хэрэв 1 их наядыг хуваарилбал нэг хүнд очих мөнгө нь 1 сая төгрөгт хүрэхгүй болно. Харин үлдэх 2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх гээд байгаа төсөл хөтөлбөрүүд бол Хөгжлийн сан эсвэл улсын төсвөөр хийгдэх ёстой ажил юм. Ногдол ашгийн мөнгөөр төсвийн хийх ажлыг санхүүжүүлээд эхэлбэл цаашид Оюутолгойн ногдол ашиг төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болж хувирна. Тэгж болохгүй. Бид олон жил хүлээж, багагүй зүйлийг даван туулж байж энэ ногдол ашгийг авах гэж байна шүү дээ.

Монгол Улсын тулгамдсан хамгийн том асуудал бол байгалийн баялгаас хэт хамааралтай явдал буюу "Баялгийн хараал" болоод байна. Үүнээс гарах ганц арга зам бол ил тод байдлыг хангаж, ард түмний мэдэх эрхийг баталгаажуулан, орж ирж буй 3 их наядын ногдол ашгийг зөв голдрилоор нь иргэдийнхээ данс руу шууд шилжүүлэх явдал юм. Ингэж байж баялгийн хараалыг баялгийн өгөөж болгон хувиргаж, чөтгөрийн тойргоос гарч чадна. 

Баялгийн хуваарилалт ил тод, зөв биш байвал баялаг нь хэсэг бүлэг нөхдүүдийн гарт төвлөрч, олон нийтийн бухимдал үүсэхэд хүрдэг. Иймээс анхнаасаа зарчмаа зөв тавих ёстой бөгөөд Оюутолгойн хянан шалгах түр хороо ч ийм зорилгоор ажилласан.

Тэгэхээр 3 их наядын ноогдол ашгийг бүгдийг нь Хуримтлалын нэгдсэн сан руу оруулах ёстой гэсэн байр суурьтай байна, тийм үү? Хуулиараа ч иргэний дансанд байршсан тэр мөнгийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны ипотект зарцуулахаар заасан байдаг шүү дээ?

-Яг тийм. Энэ бол хүний хөгжил рүү шууд чиглэсэн зохицуулалт юм. Тиймээс баялгийн ногдол ашиг, тэрхүү хишиг нь зөвхөн хүний хөгжил рүүгээ ордог хуулийн тэр зарчмаар л хэрэгжих ёстой.

Ярилцсанд баярлалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна