Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй

2023/04/21

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсгийн 48 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газрын 12 прокурор хяналт тавин ажиллаж байна.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш Нийслэлийн прокурорын газраас 58 хүнд холбогдох 7 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бол ажлын хэсгээс одоо хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 23, нийт 47 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх хэрэгт 127 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагаас 68 нь нийтийн, 35 нь хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, ажилтан, найм нь хувиараа нүүрс тээвэрлэдэг иргэн, гурав нь БНХАУ-ын иргэн, 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байгаа аж. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн 7, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан нэг, Засгийн газрын гишүүн, сайд асан нэг, яамны төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга нэг, аймгийн засаг дарга нэг, аймгийн засаг дарга асан нэг хүн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос орон байранд нэгжлэг хийх 123, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах 26, мэдээлэл баримт бичиг гаргуулах 108, эд зүйл хураан авах 13, нийт 270 зөвшөөрлийг мөрдөгчид олгож, ажлын хэсэг 227 объектод нэгжлэг хийн, хүний бие, эд зүйл,баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1202 удаа явуулж, гэрчээр 10057 хүнийг асуужээ.

Мөн Авлигатай тэмцэх газраас 1151 ширхэг баримт, Эрүүгийн цагдаагийн албанаас 113 мянган хуудас баримтыг тус тус холбогдох байгууллагуудаас гаргуулан авсан байна.

Одоогоор хэрэгт шалгагдаж байгаа эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор нэр бүхий яллагдагч нарын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тухайлбал, 97 үл хөдлөх эд хөрөнгө, 48  тээврийн хэрэгсэл, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авч, эх үүсвэрийг нь шалгаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.67
    2023/04/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах