МАН-д ч, АН-д ч, ХҮН-д ч ашигтай ҮХНӨ-ийг өнөөдөр өргөн барих уу

2023/05/01

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал удтал яригдаж, хуулийн төсөлд санал авсны эцэст өнөөдөр өргөн баригдах бололтой. Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас 14 хоногийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авсан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр өргөн барих гэнэ. 

Хаврын чуулганаар Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг эцэслэн батлахгүй бол өөрсөддөө зориулж баталсан хуулиа 2024 оны сонгуульд хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсэх юм. 

Тиймдээ ч сөрөг хүчний дэмжлэг зайлшгүй шаардлагатай учраас эрх баригч нам бусад намууддаа найр тавьсаар буй. Угаас хүч түрэн ҮХНӨ-г баталбал иргэдийн дургүйцэлтэй тулгарах учир сөрөг хүчний дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Үүнтэй нь холбогдуулан парламентад суудалтай намууд /АН, ХҮН/ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар төлөөллийн төв байгууллагуудаа хуралдуулаад авлаа. 

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын чадамжийг сайжруулах, Цэц хүний эрхийг хамгаалдаг байх, намын хатуу гишүүнчлэлийг халах зэрэг олон дэвшилтэд заалтууд хуулийн төсөлд заагдсан бөгөөд гагцхүү УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэх/152/ санал нь маргаан дагуулаад байгаа билээ.  

ҮХНӨ-ийн төслийг Засгийн газар боловсруулсан тул эрх баригч МАН голлож оролцсон, дарга Л.Оюун-Эрдэнэ нь зүтгүүлж байгаа гэж ойлгож болно. Хоёр сонгууль дараалан засагласан намын хувьд тэд ард түмэнд дүнгээ тавиулж магадгүй учраас тоглоомын дүрмийг өөрчлөх замаар дахин ялалт байгуулах арга сэдсэн нь энэ байж болох. Энд парламентад суудалтай намуудын дэмжлэг маш чухал. Хамгийн их Үндсэн хуулийн өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлт ярьдаг ХҮН, намын дарга Т.Доржханд ҮХНӨ-ийг хамгийн их дэмжиж байгаа бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох ёстой гэсэн тодорхой байр суурь илэрхийлж буй.

Харин өчигдөр Л.Гантөмөр даргатай АН-ын ҮБХ хуралдаж ҮХНӨ-ийг хэлэлцэв. Л.Гантөмөр АН-ын даргаар бүртгэгдэхээсээ өмнө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж ҮХНӨ-ийг дэмжих тохироо хийж, дэмжлэг авсан гэгддэг. Энэ үнэн бол  одоо МАН-ынхан амлалтыг нь нэхэж Л.Гантөмөр биелүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. 

Нөгөө талаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоо хоёр сонгууль дараалан ялагдсан АН-д ашигтай тусна. Тиймдээ ч ил болон далдаар АН-ынхан дэмжиж байгаа харагдана. 

ҮХНӨ-ийн төслийг өргөн барьснаар журмаараа өөр хууль хэлэлцэх боломжгүй байдаг. Тэгвэл сонгуулийн тухай хуулийг өөрчилж холимог тогтолцооны заалтыг оруулах шаардлагатай байгаа учраас зургаадугаар сарын 20-нд багтаж ҮХНӨ-ийг хэлэлцэн баталж, сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог тусгаж өгөх улс төрийн даалгавар эрх баригчдад бий. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц журмын тухай хууль заасан

  • 76 гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүй ирцтэй бол ҮХНӨ-ийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ. 
  • Төслийн гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. 
  • Төслийг эцэслэн баталтал УИХ өөр асуудал хэлэлцэхгүй гэсэн зарчмаар явна.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.81.123
    2023/05/02

    Намуудад ашигтай ч ард түмэнд ашиггүй ҮХНӨ. Гишүүдийн тоог нэмэхийг ард түмэн дэмжихгүй.

    Хариулах
  • 213.87.146.204
    2023/05/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах