ЭМЭГТЭЙ УДИРДАГЧДЫН ЭРЭЛД: 2024 оны сонгуульд нэг намаас багадаа 47 эмэгтэй нэр дэвшинэ

Х.Батсайхан
2023/06/08

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын  сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр төсөлд тусгасан, “Жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байх, тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх” заалтыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нар “40-өөс доошгүй хувь” болгож өөрчлөх санал гаргасан ч хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ үйл явдлыг илүү тодорхой хэлбэл, хуульд нэг намаас нэр дэвших эмэгтэй улстөрчийн тоог багадаа 47 байхаар тусгасан бөгөөд дээр дурдсан гишүүд 55 болгох гэж үзээд бараагүй гэсэн үг юм.

Бүр тодруулбал, УИХ-ын сонгуульд тойрог, жагсаалтын 126 мандатад бүгдэд нь нэр дэвшигч өрсөлдүүлэх нам багадаа 47 нэр дэвшигчтэй байна гэсэн үг юм. Гэхдээ өнгөрсөн практикаас харахад, сонгууль бүрт бүх мандатад нэр дэвшигч өрсөлдүүлсэн улстөрийн хүчин МАН, АН хоёроос өөр байхгүй юм.  

Хувиар үзвэл, нийт нэр дэвшигчдийн 43 хувийг эмэгтэй болгох гэж зүтгэсэн ч дэмжигдэлгүй 37.8 хувь дээрээ тогтсон гэсэн үг. Мэдээж, энэ нь зөвхөн доод хэмжээ тул дээшээ хэд ч болж өсөхийг үгүйсгэхгүй.

Энэ үзүүлэлтийг өнгөрсөн сонгуультай харьцуулж үзвэл, нэр дэвшигчдийн тоо, хувиар бага боловч дэвшил гарах боломж бүрдсэн байна. 2020 оны сонгуульд нийт нэр дэвшигчдийн 26 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд 13 нь сонгогдож, УИХ-ын 17 хувийг бүрдүүлсэн юм. Ирэх сонгуулиар энэ дүн өгсөх боломжтой ч жагсаалтын дээгүүр хэчнээн эмэгтэйг эрэмбэлэх вэ гэдгээс их зүйл шалтгаална.

Пропорциональ тогтолцооны үед жагсаалтын дээгүүрт бичигдсэн хүмүүс намынхаа нэр хүндийг өсгөдөг. Тиймээс сайн сонголт болох эмэгтэйг олж жагсаалтдаа бичсэн нам цойлоод гараад ирэх боломжтой. Учир нь яг энэ тогтолцооны үед иргэд саналын хуудсыг “мини парламент” гэж хардаг бөгөөд тойрогт МАН, АН-ын түүх сайтай нэр дэвшигчдийг дугуйлсан бол жагсаалтын сонголт дээр гуравдагчуудаас нэгийг нь дугуйлчих магадлал өндөр гэсэн үг. Мөрийн хөтөлбөр, жагсаалтыг ч энэ агуулгаар харах тул нүдэнд торох ЭМЭГТЭЙ нэр дэвшигчдийг дээгүүр эрэмбэлсэн гуравдагч хүчний улс төрийн нам, эвсэл цойлоод гараад ирэх боломжтой юм.  

Тиймээс гуравдагч хүчнийхэн эмэгтэй лидерийн эрлээ улам эрчимжүүлэх шаардлагатай болж байна. Магадгүй, ирэх сонгуульд эмэгтэй даргатай улс төрийн намууд нэг бус оролцох төлөв байна.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.59
    2023/06/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах