Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.06.08) үдээс хойших хуралдаан 14 цаг 10 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүд санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авав.
Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр 39.2 дахь хэсэгт заасан сурталчилгааг найман хэлбэрээр явуулах зохицуулалт хөндөгдөөгүй гэв.
Улсын Их Хурлын сонгуульд оролцож буй нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтад багтах улс төрчдөд анхаарал хандуулах шаардлага бий гэдгийг иргэд, олон нийт анхааруулж байсныг гишүүд уламжилж байв. Жагсаалттай холбоотойгоор төсөлд “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөлөл, оролцоог хангана.”, “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно.” гэсэн заалтуудыг оруулж байгаа талаар Д.Тогтохсүрэн гишүүн мэдээлэл өгөв. Түүнчлэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Улс төрийн намын тухай хуулийн төслөөр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг нарийвчилж, тодорхой болгоно гэлээ. Мөн тухайн нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь эрхлэн явуулах зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, нэг нам, эвсэл 48 нэр дэвшигчийг жагсаалтаар сонгох тохиолдолд хэрхэн санал өгөхийг Ц.Сандаг-Очир гишүүн тодруулсан. Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэг нь тойрогт нэр дэвшигчдэд зориулсан хэсэг байх аж. Сонгогч тойрогт нэр дэвшигчдээс сонголтоо хийж, дугуйлаад, хоёр дахь хуудаснаас улс төрийн нам сонгоно гэдэг тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийлээ.
Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн аль нэг хүйсийн төлөөллийн талаарх зохицуулалтыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Д.Өнөрболор, Д.Ганбат нар тодруулав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь нэг хүйсийн төлөөлөл байх зохицуулалттай, харин төслөөр 30 хувь болгохоор байгааг Д.Тогтохсүрэн гишүүн хэлээд “Төсөл дэх хүйсийн төлөөллийн талаарх зохицуулалт Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 36 намд тэгш боломж олгох ёстой. Аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байна гэдэг нь 126 нэр дэвшигчийнх нь 38 гэсэн үг. Одоо мөрдөгдөж буй хуулиар 15 нэр дэвшигч аль нэг хүйсийн төлөөлөл байх ёстой байсныг хамгийн багадаа 38, улмаар 126 байх боломжтой болж байна” гээд энэ хэмжээний өөрчлөлтөөс гарах үр дүнгийн талаарх тооцооллыг мөн тайлбарласан. Олон улсын түвшинд парламентын сонгуульд нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөлөл нь дунджаар 40 хувиас багагүй байгаа бол парламентын бүрэлдэхүүний 26 (дунджаар) хувь нь нэг хүйсийн төлөөлөл байгаа гэдэг тоо мэдээллийг танилцуулсан. Дээрх өөрчлөлтийн үр дүнд хүйсийн төлөөллийн тэгш байдлыг хангахад дэвшил болж байгаа гэдэг хариултыг Д.Тогтохсүрэн гишүүн өгсөн. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Улс төрийн намын тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхдээ хүйсийн тэгш байдлыг хангах, намуудын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зохицуулалтуудыг нэлээд нарийвчилж хэлэлцэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.
Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир нарын гишүүд “нийгмийн бүлгийн төлөөлөл” гэх төсөл дэх томьёоллын талаар тодруулж, төсөл дэх “… шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно…” гэсэн 74.3.2 дахь заалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Бат-Эрдэнэ нар Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшиж буй нэр дэвшигчийн талаар тодруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас хариулт авлаа.
Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг цахим орчинд явуулахтай холбоотой зохицуулалтын талаарх гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулт өгсөн. Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаанд нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас; цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас; бусад цахим хуудас ашиглах зохицуулалттай. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлдэг байна. Сурталчилгаа явуулах цахим хуудсыг Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 3 хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлдэг талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир хариулт өгсөн. Улсын Их Хурлын сонгуульд оролцож буй нам, эвсэл нийт зардлынхаа 15 хувиас хэтрэхгүй хэмжээний зардлыг цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа зарцуулах зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тайлбарлаж, хариулт өгөв.
Улсын Их Хурлын сонгуулийн зардлыг бууруулах чиглэлд төсөлд туссан зохицуулалтын талаарх гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариулт өгсөн. Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрүүд өөрчлөгдөхгүй ч тоо, хэмжээний хувьд буурч байгаа гэлээ. Сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээг хоёр дахин багасагаж, нэгдсэн самбартай болгож, ухуулагчдын тоог 40 орчим хувиар, ухуулагчийн урамшууллын зардлыг хоёр дахин бууруулах зохицуулалтуудыг тусгасны үр дүнд Улсын Их Хурлын сонгуулийн нийт зардал 42-45 хувиар буурах боломжтой гэдгийг хэллээ. Тодруулбал, тойрог тус бүрд нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх юм байна. Сонгогчийн тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, хороонд гурав хүртэл нэгдсэн самбартай байх бөгөөд нэгдсэн самбарт байрлуулах нэр дэвшигчийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг хэмжээтэй байх аж. Сум, дүүргийн Засаг дарга холбогдох журмын дагуу нэгдсэн самбарыг бэлтгэж, байршуулахын зэрэгцээ үнэ төлбөргүй ашиглуулах юм байна. Улсын Их Хурлын сонгуулийн үеэрх хамгийн өндөр зардал болох ухуулагчийн урамшууллыг бууруулсан болохыг Д.Тогтохсүрэн гишүүн хариултынхаа үеэр хэлсэн. Одоо “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй” гэсэн зохицуулалттай байгааг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгаад байгаа аж. Үүний зэрэгцээ нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зохицуулалтыг тусгасан, үүнийг намууд мөрдөж, санхүүжилтээ ил тод, нээлттэйгээр босгож, зардлаа “шилэн” байдлаар тайлагнах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гишүүн тайлбарлав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “амилуулах” гол эрх зүйн зохицуулалт хэлэлцэж буй төслийн хүрээнд явна гэдгийг М.Оюунчимэг гишүүн хэлсэн бол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн тогтолцоог нэг хэлбэрээр, тогтвортой явуулах саналыг Ч.Хүрэлбаатар гишүүн илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хүйсийн квотыг дэмжиж буй гишүүдэд талархал илэрхийлээд Улс төрийн намын тухай хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэн, батлах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “амилуулна” гэдгийг цохон тэмдэглэсэн. “Эдгээр хуульд цогц өөрчлөлт хийж байж, Улсын Их Хурлын ирэх сонгуулиас эхлээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн бодит үр дүн мэдрэгдэнэ. Аливаа шинэчлэлт өөрчлөлт нь боломж, эрсдэлийг дагуулдаг. Сорилт бэрхшээл ч бий болно. Ийм учраас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлага, шалгуурыг өндөрсгөх талаар олон нийт болон ахмад улстөрчдөөс ирж байгаа санал, зөвлөмжийг анхаарч ажиллах шаардлагатай” гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн явцад гарч болох эрсдэлүүдийг тооцож, түүнээс сэргийлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатайг тэрбээр ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болгов.
Ийнхүү гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 62 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Төсвийн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулжээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарим асуудлыг гүйцээн боловсруулах чигпэл өгсөний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Гэрээ шууд байгуулахтай холбоотой зохицуулалтын талаар тодруулсан гишүүний асуултад Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул хариулт өглөө. Төслийн 35 дугаар зүйлд дээрх хүрээний зохицуулалтыг тусгасан бөгөөд урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлын улмаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах яаралтай хэрэгцээ үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй; онц байдал, гамшиг, ослын нөхцөл байдлын улмаас бий болсон хэрэгцээ, шаардлагыг даван туулахтай шууд холбогдох бараа, ажил, үйлчилгээг худалдан авах яаралтай хэрэгцээ бий болсон шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй тохиолдолд шууд гэрээ байгуулахаар тусгасан. Үүний зэрэгцээ анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналаар “шүүх шинжилгээний байгууллагын нарийн мэргэжлийн шинжилгээнд шаардлагатай урвалж бодис нийлүүлэх боломжтой этгээдийн тоо хязгаарлагдмал” тохиолдолд мөн аж ахуй эрхлэгчдийн дунд хэлэлцээ хийх замаар гэрээ шууд байгуулж болохоор төсөлд тусгасан байгаа гэлээ. Тухайн орон нутгийн МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байраар хангасан эсэх нь тендер шалгаруулалтад хамаарах эсэхийг С.Ганбаатар гишүүн тодруулав. Тендер зарласан орон нутагт тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд, ажиллах хүчний харьяаллаар нь тус тус давуу эрх тооцдог байх одоо хэрэгжиж буй хуулийн зохицуулалт төсөлд мөн хэвээр тусгагдсан бөгөөд нэмэлтээр сүүлийн хоёр жил тухайн орон нутагт ажлын байр бий болгож, үйл ажиллагаа тасралтгүй явуулсан тохиолдолд 5 хувийн давуу эрх тооцох юм байна.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор тендерт зөвхөн “тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж” оролцох зохицуулалтыг өргөжүүлэх, орон нутаг дахь боловсрол, эрүүл мэндийн байгууллагын худалдан авалтын ажлыг хялбаршуулах ямар өөрчлөлтүүд төсөлд тусгагдсан болохыг тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Төслийн 4.1.2 дахь заалтад ““аж ахуй эрхлэгч” гэж хүн, хуулийн этгээдийг;” гэж тусгасан бөгөөд ингэснээр иргэн тендерт оролцох боломжтой болсон гэдгийг ажлын хэсэг хэллээ. Түүнчлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр давуу эрх тооцдог зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын хүнс худалдан авахтай холбоотой ажлуудыг хөнгөвчлөх чиглэлээр Засгийн газар, холбогдох байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ц.Батзул дарга мэдээлэл өгсөн.
Ийнхүү Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав.
Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үүргийг хэрэгжүүлэх, нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн салбарын хөгжлийг төрөөс дэмжих, орон нутгийн алслагдсан бүс нутагт нийгмийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг бодлогоор дэмжих зорилгоор төслийг боловсруулжээ. Түүнчлэн агаарын тээврийг өргөжүүлэн тогтворжуулахад чиглэсэн оновчтой, үр дүнтэй эдийн засгийн зохицуулалтыг бий болгох, агаарын навигацын хураамжийн тодорхой хувиар нисэхийн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэх, иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын санхүүжилтийн зарчмыг тодорхой тусгах асуудлуудыг төсөлд тусгасан байна. Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын болон үйлчилгээний чиг үүргийг тусгаарлах, агаарын навигацын, аэродромын болон аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг бие даасан аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх, шинжлэн шалгах ажиллагаа гүйцэтгэгч байгууллагыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас хараат бус байх зэрэг асуудлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан “Иргэний нисэхийн загвар хууль”, стандарт шаардлага болон зөвлөмжид нийцүүлэхээр холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулав.
Эдийн засгийн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Мөн хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэв. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Ганбаатар нар асуулт асууж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 51.4 хувь нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.130.237
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах