Х.Баделхан: Нийслэлийн хэмжээнд үнэртдэг байсан лагийн үнэрийг бүрэн арилгасан

2019 оны 10 сарын 08

Барилга хот байгуулалтын яамны санаачлагаар тус яамнаас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Нийслэлийн засаг даргын тамгын газартай цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх болон аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.


Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан  хавар, намрын улиралд нийслэлд өдөр бүр үнэртдэг байсан лагийн үнэрийг салбарын яамны зүгээс шат дараатай ажлуудыг хэрэгжүүлсний үр дүнд бүрэн арилгасан гэдгийг дуулгалаа.


Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ талаар, “Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Улаанбаатар хотын иргэдийг ая тухтай амьдруулах чиглэлээр хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжиж байна. 


Үүний нэг бол төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл юм. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил одоогийн байдлаар амжилттай хэрэгжиж байна. Энэ төсөл 2023 онд бүрэн хэрэгжиж дуусна. 


Мөн үүний зэрэгцээ Америкийн Мянганы сорилын сангийн төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжаас гарсан цэвэр усыг үйлдвэрийн зориулалтаар ашиглах төсөл хэрэгжих юм. 


Уг төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний шаардлага, болзлыг хангасан байх ёстой. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээний бохир ус хүлээж авч байгаа бохир усыг яаж цэвэрлэх вэ, бохирын үнэрийг хэрхэн арилгах вэ гэдэг дээр манай яамнаас хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж дуусч байна.  Үр дүнд нь нийслэлийн хэмжээнд өдөр бүр үнэртдэг байсан лагийн үнэрийг арилгасан. 


Урьдчилсан усгүйжүүлэх төхөөрөмж суурилуулснаар өдөр бүр ирж байгаа бохирын үнэрийг өмнө нь байгалийн аргаар гадаа хатаадаг байсныг шийдэж чадсан. 20, 30 жил хадгалагдсан лаг өмхий үнэртдэг байсныг японы технологиор бордоо болгосон. Ингэснээр үнэрийн асуудлыг шийдсэн гэж хэлж болно. 


Дахин шийдэх хоёр ажил байгаа. Үүний нэг нь Улаанбаатар хотын “Харгиа” цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийн асуудал. Энэ лагийн асуудлыг бид шийдэх ёстой. Хоёр дахь нь Улаанбаатар хотын хэмжээний нийлүүлж байгаа бохир усыг стандартын хэмжээнд байлгах ёстой. Энэ хүрээнд ХХААХҮЯ, төслүүдийг хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын удирдлагуудтай манай яамны зүгээс өнөөдөр хамтарсан санамж бичигт гарын үсэг зурж байна” гэлээ. 


 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 10 сарын 10
202.9.45.135
ТЖ. Сүрэн

Баян Бүрдийн тойрогт асгадаг бохир хотын төвд бүхэлдээ үнэртдэгийг мэдэж байна уу?