Б.Баярбаатар: Цалин, тэтгэвэр нэмэх сургаар юмны үнэ өсчихсөн байна

Х.Батсайхан
1 цаг 14 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Баярбаатартай ярилцлаа.

-УИХ 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Урьд жилүүдэд Монгол Улс төсвөө ихэвчлэн тавдугаар сард тодотгодог байсан. Энэ жил нэлээд оройтож, 2027 оны төсөвтэй зэрэгцүүлж оруулж ирлээ?

-Төсвийн тодотголыг хэтэрхий оройтож оруулж ирлээ. УИХ 2026 оны төсвийг 2025 онд батлахдаа “бантан” шиг юм хийчихсэн. Улаан, ногоон лааз өргүүлж байгаад хууль зөрчиж баахан хөрөнгө оруулалтууд суулгаад, үндсэндээ улс төрийн тохиролцоо, наймаан дээр хийсэн төсөв болсныг хүн болгон тухайн үед харсан. Харин ч хоёр их наядын алдагдалтай болоод орж ирж байгаа нь их юм. Миний хувьд, хавар орчихоосой гэж харж байсан.

2.1 их наядын алдагдалтай орж ирсэн, эхний хэлэлцүүлгүүд дээр энийг нь танах асуудлууд яригдаж байна. Өмнөх Засгийн газрын бас нэг гор нь, эрүүл мэнд, боловсрол гэсэн хоёрхон салбарын ажилтан, алба хаагчдын цалинг 50-иас дээш хувьтай нэмээд бусдыг нь орхигдуулчихсан. Дээр нь, бид нар эмч, багш нарын цалинг нэмнэ гэж шийдвэрээ гаргасан болохоос эх үүсвэрийг нь шийдээгүй байсан шүү дээ. Хаанаас, яаж олох вэ гэдэг нь тодорхойгүй байсан. 

-Тодотголд сайд нарын багц, Нийслэлийн төсөв, бондын зарцуулаагүй үлдэгдэл буюу дахиж орж ирэх боломжгүй орлогыг цалин, тэтгэврийн нэмэгдэл буюу урсгал зардал руу шилжүүлсэн. Ирэх оны төсөвт Оюутолгой, ТӨК-иудын ногдол ашиг гэх мэт баталгаагүй орлогыг мөн ийм байдлаар зарлагадахаар тусгасан байна?  

-Цалингийн нэмэгдэл гэдэг чинь цаашдаа жил болгон төсөв дээр суух урсгал зардал. Хөрөнгө оруулалт биш шүү дээ. Тиймээс бодох л ёстой.

Жишээ нь, Оюутолгойгоос орж ирж байгаа ногдол ашгаар цалин нэмэхийг гишүүд зөв, буруу гээд ярьж байна. За яах вэ, өнөөдөр нөхцөл байдалдаа тааруулаад цалинд зарцууллаа гэж бодьё. Гэтэл дараа жил ногдол ашиг авч чадахгүй байвал юунаас нөхөх вэ.

ТӨК-иуд санхүүгийн сахилга батгүй байдаг гэдэг дээр бол санал нэг байдаг. Би өөрөө ч зарим нэг ТӨК-ийн захирлын цалинг зарлаад, Нэгдсэн чуулган дээр асуудал ярьж байсан удаатай. Энд улс төрчдийн томилгоотой, шагналын шинжтэй, үргүй зардал бий болгож, орон тоонуудыг нэмдэг хяналтгүй тогтолцоо явж байсан учраас цэгцлэх нь зөв. Тиймээс төсвийн гадуур явж байсан орлогыг төсөвтөө оруулж ирээд цалин, тэтгэвэр нэмэхдээ зарцуулъя гэдгийг дэмжиж байгаа.

Гэхдээ нэг асуудал байна. Би сая хөдөө орон нутаг явж иргэдтэй уулзаад ирсэн. Цалин, тэтгэвэр өснө гэдэг сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсчихөж. Ингэхээр энэ нэмэгдлүүд чинь үр дүнгүй болох шинж ажиглагдаад байгаа байхгүй юу. “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой байлгах тал дээр төр бодлого гаргаач ээ” гэдэг асуудлыг иргэд маш ихээр тавьж байна.

Малчид ярьж байна, “Бид нар өмнө нь бол малаа нядлаад, махаа хямдхан өгөх боломж бололцоо байсан. Гэтэл одоо Улаанбаатарт махны үнэ ямар байгааг бид нар мэдэж байна шүү дээ. Тийм байтал яагаад махаа хямд өгөх ёстой юм бэ” гэж. Ойр, ойрхон зуд турхан болоод малаа өсгөмөөр байдаг, дэр нь гадагшаа экспортолж байгаа махны квот өндөр хэвээрээ байгаад байдаг. Ийм олон хүчин зүйл нөлөөлж байгаа учраас махны үнэ буухааргүй нөхцөл байдалд байна. Өмнө нь бол мах, хүнсний ногоо хавар өсөөд намартаа буудаг байсан бол одоо үгүй болжээ.

-Төсвийг ажлын байр бий болгох, тухайлбал мега төслүүд хэрэгжүүлэхэд зориулбал мөнгө маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн рүү тардаг. Тэрийг больж, зогсоогоод цалин, тэтгэвэр рүү шилжүүлчихээр зарцуулалт нь хүнс рүү илүү чиглэчихэж байгаа. Энэ нь инфляцийг өдөөх хүчин зүйл болж байгаа юм биш үү?

-Эдийн засагчид бол “Тэртэй тэргүй инфляци өснө өө” гэж хэлж байгаа шүү дээ. Өсөхгүй бол бараг өмнө нь дэлхийд гарч байгаагүй тийм кэйс болно гэж байгаа. Тэгэхээр инфляци цаашдаа өснө.

Төсөв тэлж байгаа, алдагдалтай төлөвлөснийг буруутгахгүй. Монгол Уолсын төсвийг анх удаа 40 их наяд руу оруулж байгаа нь сайн хэрэг. Ер нь алдагдалгүй төсөв гэдэг чинь өөрөө тийм сайн юм биш. 500 төгрөгийн орлоготой айл зардлаа тэр орлогодоо тохируулчихаад л байгаад байвал цаашдаа орлого нь өсөхгүй шүү дээ.

500 төгрөгийн орлоготой ч гэсэн 900 төгрөгийн зарлага тавьж байгаад тэр мөнгөөрөө орлогоо нэмэгдүүлэх арга бодох нь илүү зөв. Тэр өрхийн тэргүүний толгой “Яаж энэ орлогыг олох вэ” гэж ажиллана. Улс яг л үүнтэй ижилхэн.

Гол нь, төсөв тэлсний хэрээр урсгал зардлаа нэмж байгаа нь буруу байхгүй юу. Үр дүнгүй зардлуудыг нэмсэн нь бидний буруу. Түүний оронд тэлсэн төсвийнхөө хэмжээгээр хөрөнгө оруулалтаа тэлсэн бол хөгжил явна шүү дээ. Мэдээж иргэдээ бодолгүй л яах вэ, гэхдээ тэглээ гээд мөнгөний үнэ ханшийг унагасан, инфляци хөөрөгдсөн бодлогуудыг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсний гор л өнөөдөр гарч байна.

-Ирэх жил төсөвт их хэмжээний нэмэлт орлого орж ирэх нь. Гэхдээ баталгаатай биш, нэг удаагийн шинжтэй орлогууд ч байна. Энэ орлогоор урсгал зардлаа нэмэлгүйгээр ирээдүйд эдийн засгийн өсөлтөө хангах төслүүд хэрэгжүүлэх ёстой байсан юм биш үү?

-Төсвийн хөрөнгийг эргүүлээд төсвөө тэлэх, орлого олж ашигтай ажиллах, эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулж байна уу гэдгээ бүрэн дүгнэнэ гэдэг чинь миний дээр хэлсэн төсвийн реформ байхгүй юу.

Зам, цэцэрлэг, сургууль шаардлагатай бол барина. Гэхдээ, сургууль, цэцэрлэг баригдаад л урсгал зардал нь төсөв дээр шууд нэмэгдэж орж ирдэг байхгүй юу. Тэнд ажиллах багш нарын цалин, халаалт, дулаан, эрчим хүч гээд... Зам ч ялгаагүй, баригдаад гурван жилийн дараа л арчлалтын зардал нь төсөвт ачаа болж эхэлдэг. Тэгэхээр, мэдээж сургууль барилгүй л яах вэ, цэцэрлэг, зам барилгүй л яах вэ. Харин тэр шинээр баригдсан цэцэрлэг, сургууль, зам бүрийн бий болгох урсгал зардлыг олохын тулд ашиг олох, өсөлт хангах төслүүдийг зайлшгүй хэрэгжүүлж, балансжуулах шаардлагатай.

-2027 оны төсвийн төсөл, 2028 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2029 оны төсвийн төсөөллийг харахаар ДНБ-д эзлэх төсвийн жин нөлөөг жил дараалан буурахаар тооцоолсон байна лээ. Урсгал зардлаа ингэж их өсгчихөөд ингэж төсөөлнө гэдэг бол ирэх жилүүдэд эдийн засаг өснө, нэг газраас орлого орж ирнэ гэж тооцсон гэсэн үг шүү дээ. Гэтэл яг бодит байдал дээр бидэнд ойрынн үед өсөлт хангах, одоо амжилттай хэрэгжиж байгаа том төслүүд байна уу. Ер нь мега төслүүд хэрэгтэй юу?

-Улс орны эдийн засгийг тэлдэг ганц юм л мега төсөл шүү дээ. Бид тэр асуудал дээр улс төржилтөө хойш нь тавьж, хардалт сэрдэлтээ багасгаж, хяналтаа сайжруулж, мега төслүүдээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байсан гэж би харж байгаа. Гэхдээ эрэмбэлэх ёстой. Хэт олон төслийг манай эдийн засаг дийлэхгүй.          

Ний нуугүй хэлэхэд, манай эдийн засаг өөрөө эмзэг, дээр нь дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотой ийм байдалд хүрчихсэн байгаа шүү дээ. Нэгэнтээ нөхцөл байдал ийм болсон тохиолдолд бид асуудлуудаа сайн харж байгаад байгаа хэдийгээ нааш цааш нь болгох ёстой юм болов уу даа л гэж харж байна. Эцэст дүгнээд хэлэхэд төсвийг ер нь сууриар нь реформ хийж, "Нэг ч төгрөг үр дүнгүй зарцуулагдах ёсгүй" гэдэг зарчим руу орох ёстой.  

-Тавантолгойн 1072 хувьцааг худалдан борлуулах боломжийг иргэдэд нээж өгнө гэж Засгийн газрын тэргүүн хэлсэн. Гэтэл Тавантолгойн орд өнөөдөр бүрэн утгаараа эргэлтэд орж амжаагүй. Компанийн үнэлгээ нь тогтоогүй, орлого ашиг нь дээд түвшиндээ хүрээгүй байна. Ийм үед хувьцаагаа худалдан борлуулах эрхийг нээж өгнө гэдэг зөв үү. Иргэд хариуцлагатай шийдвэр гаргах боломж хомс биш үү?

-Ер нь энэ хувьцаа худалдах эрх өгнө гэдгээс өмнө нэг юм хэлэхэд, ТӨК-иудын засаглалыг сайжруулахгүй бол тэр ашигт ажиллагаа, ногдол ашиг, хувьцааны үнэ цэн гэдэг юм бүгд байхгүй.

Тэгэхээр эхлээд засаглалыг нь сайжруулах хэрэгтэй. Иргэдийн хяналт орж ирэх ёстой. Ингэж байж үр ашигтай болж эхэлнэ.

Энэ бүхнийг алгасаад хувьцаа борлуулах нөхцөл байдал үүслээ гэж бодъё. Яаж хязгаарлалт тавих юм бэ. Жишээ нь, нэг хувь хүн, ААН хэдэн хүний хувьцааг авч цуглуулах боломжтой байх вэ. “Тэдээс илүү болохгүй ээ” гэдэг асуудлыг ярихгүйгээр энэ ажлыг хийж болохгүй. Ард түмний мэдэлд байсан 1072 хувьцаа чинь нэг компанийн мэдэлд орчихвол яах вэ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна