Академич Р.БАРСБОЛД дээрмийн халдлагад өртжээ


Их номын үйлсэд мөрөө үлдээж Монголын утга зохиолын салбарт томоохон үүрэг гүйцэтгэсэн соён гэгээрүүлэгч бол яахын аргагүй Бямбын Ренчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний үр удам нь ч өдгөө аавынхаа үргэлжлэл болсон Монголын суутуудын тоонд багтахын зэрэгцээ дэлхийд нэр алдраа алдаршуулж яваа. Түүний хүү Дэлхийн палеонтологийн салбарын шилдэг 10 эрдэмтдийн нэг Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич Р.Барсболд гуайтай энэ удаад ном эрдмийн тухай бус гэгээн цагаан өдөр үйлдэгдсэн дээрмийн хэргийн талаар ярилцсан маань гунигтай.

 

 

МОНГОЛЫН НИЙГЭМД АМГАЛАН ТАЙВАН, АЙДАСГҮЙ АМЬДРАХ НӨХЦӨЛ АЛГА

“Монголын нийгэм тун хэцүү болж дээ хүүхдүүд минь” хэмээн шимшрэн ярих Р.Барсболд гуай өдгөө 90 насны босгыг давах дөхжээ. Тэрбээр энэ удаад өөрт тохиолдсон нэгэн явдлын талаар ярьж санаашран сууна. Учир нь гэвэл, тэрбээр өөрийн хүү болох Б.Лэгдэнгийнд 14 хоногийн хугацаанд байх үедээ зэвсэглэсэн, бүлэг, дээрэмчдийн халдлагад өртсөн аж. Энэ явдал долоодугаар сарын 10-ний орой 20:00 цагийн үед болжээ.

Р.Барсболд гуай энэ үед амины орон сууцанд байсан аж. Гэтэл гэргийн хамт оройн хоолоо идчихээд сууж байтал үл таних хоёр этгээд гэрт нь дайран орж ирсэн байна. Чухам хаанаас орж ирснийг мэдэхгүй ч маш аяархан мэдэгдэхээргүй орж ирсэн гэдгийг Р.Барсболд гуай хэлж байгаа юм. Ингээд тэр цочирдож “юун хүмүүс вэ?” гэхэд тэдний нэг нь гал тогооноос хутга авч тулган буланд шахаж зогссон байна.

Харин эхнэрийг нь буйдан дээр суулгаж дуугарч болохгүй шүү хэмээн сүрдүүлсэн аж. Тухайн этгээдүүд өндөр биерхүү, бор царайтай ширүүн харцтай 30 орчим насны хүмүүс байж. Ийн хоёр дээрэмчний нэг нь Р.Барсболд гуайг гэргийн хамт гарах гарцгүй болтол хашиж хутга тулган сүрдүүлэх хойгуур нөгөө залуу нь гэрийн эд хогшлыг нь онгичиж эхэлсэн байна. Р.Барсболд гуай хэлэхдээ нэг нь хутга тулган биднийг сүрдүүлж аргацаах хооронд нөгөө залуу гэрээс авч болох үнэт зүйлс хайсан.

Надад хутга тулгасан залуутай би хэсэг ярилцсан. Гэтэл үл тоож харилцан ойлголцохыг хүсээгүй. Харин ч бүр эсрэгээрээ утсаар ярьж хэн нэгнээс үүрэг даалгавар авч ажиллаад буй мэт санагдсан байна. “Утсаар ярихдаа тэд англиар маш аяархан ярьсан. Би тэр үед “Монголчууд сүйрч байгаа юм байна” гэж хэлэхэд залуу “Та улс орноо ингэж хэлээд яах вэ дээ” гэсэн. Ийн ярилцаж байтал гэнэт чанга дуугаар намайг “доошоо суу” гэлээ би эсэргүүцэж “суухгүй зогсож байя” гэхэд “Танд ямар нэгэн хохирол учруулахгүй” гэж хэлсэн.

“Тэдний бусармаг үйлдлээс болоод би болон миний гэр бүлийн хүмүүс сэтгэл санааны хохирол амссан. Цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ ч хохирох байсныг үгүйсгэхгүй. Гэтэл танд хохирол учруулахгүй гэж хэлээд зогсож байх ч гэж дээ. Ингээд миний хөдөлгөөн бүрийг хянасан байдал 30 орчим минут үргэлжилсэн. Энэ явдлыг би зохион байгуулалттай хэрэг гэж бодож байгаа. Одоогоор тэр болов уу гээд таамаглах хүн алга.

Ямартай ч намайг болон миний гэр бүлийнхнийг маш сайн судалсан хүний явуулга юм уу гэж бодож байна. Тухайн үед азаар миний үнэт олдворуудаас тэр байшинд байгаагүй ” гэлээ.

Хэргийн үеэр сахиж байсан дээрэмчин гэрээс нь нөүтбүүк, мөнгөн аяга зэргийг нь хальсан хар уутанд хийж авч явахыг завдсан бөгөөд мөн түүний алтан бөгжийг авахаар санаархсан байгаа юм.

Р.Барсболд гуай хэлэхдээ “Дээрэмчид намайг ямар ажил хийдэг вэ гэж чухалчлан асуусан. Би тэднээс миний гэсэн юмыг авахгүй байхыг хүссэн. Учир нь тэд нөүтбүүк, таб зэрэг эд зүйлсийг авах гээд уутанд хийсэн. Би наадахаа үлдээчих” гэж гуйсан. Гэтэл “Хуруунд байгаа алтан бөгжөө өг” гэсэн юм. Би өгөөгүй “Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үнэт зүйлээ” өгөхгүй гэсэн.

Эцэст нь тэд надаас “мөнгө байна уу” гэж асуухад “Би түрүүвчинд байсан 100 мянган төгрөгөө гаргаж өгөхөд тэр мөнгийг аваад гарч зугтаасан. Сүүлд нь алдагдсан юм байгаа эсэхийг шалгахад бугуйн цаг маань байхгүй болсон байна лээ. Тэр ч тийм үнэтэй зүйл байгаагүй. Тэднийг зүүн хойд талын байшинд суух оршин суугчид хар хурдаараа зугтаахыг нь харсан байгаа юм. Тэдний нэг нь улаан шорттой байсныг сайн санаж байна. Ямартай ч энэ үйл явдал нийгмийг цочроохгүй ч гэлээ манай улсад амгалан тайван, айдасгүй амьдрах нөхцөл бүрдээгүйн жишээ энэ” хэмээн хэлсэн юм.

Харин энэ явдлаас хойш 10 гаруй хоног өнгөрч байхад цагдаагийн байгууллагаас огт дуудаж мэдүүлэг аваагүй байгаад өвгөн археологич ихэд гомдолтой буйгаа илэрхийлсэн. Нэг л ач холбогдол өгөхгүй байгааг гэр бүлийн хүмүүс ч хэлсэн юм. Үүнээс үзэхэд хулгай, дээрэм гэгч нь манай улсад энгийн л үзэгдэл болоод байх шиг байна уу даа. Р.Барсболд гуайн хүүгийн гэрт өмнө нь нэг биш удаа хулгай орж байсан аж.

Цагдаагийн байгууллага мөн л хэргийг шалгаж байгаа гээд таг чиг болсон гэдгийг хүү нь энэ үеэр хэлж байсан. Иймд энэ хэрэг явдлыг олон нийтэд сэрэмжлүүлэг болгох зорилгоор мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлж байгаа энэ аж. “Урьд урьдны хэрэг явдлаас үзэхэд Монгол Улсын хууль хүчний байгууллага зохион байгуулалт муутай ажилладаг нь илт байгаа” гэдгийг Р.Барсболд гуай мөн онцоллоо.

“Өөрөөр хэлбэл хүмүүсийн арга барил, зүтгэл бүх зүйл хуучнаараа байна” гэв. Тухайн үед харин дээрэмчид гэрээс гарч зугтаах явцдаа хутгаа өвсөн дунд шидсэн байсныг цагдаа нар эд мөрийн баримтаар хураан авчээ. Гэрийнх нь ойролцоо Элчин сайдын яам байдаг бөгөөд бүрэн камержсан аж. Камерт дээрэм хийсэн этгээдүүдийн зүс, царай, хаашаа яаж гарч юугаар явсан зэрэг нь баримт болон бичигдсэн байгаа гэж найдаж байгааг тэд хэллээ.

Гэхдээ Куба Улсын Элчин сайд гадагшаа явсан байгаа тул одоогоор камер шалгаж өгөх боломжгүй гэдгийг яамны ажилтнууд хэлсэн байна. Дээрэм үйлдсэн этгээдүүд зэвсэглэсэн байж магадгүй шинжтэй байсан. Тэд ямар нэгэн бээлий өмсөөгүй байсан. Маш олон эд хогшилд хүрсэн тул хурууны хээгээр олж тогтоох боломж бүрэн байгаа аж.

Зэвсэг хэрэглэсэн дээрэм бол ердийн нэг хулгай биш, нийгэмд онц аюул учруулж мэдэхээр гэмт хэрэг. Иймд Р.Барсболд гуай болон түүний гэр бүлийнхэн энэхүү үйл явдлыг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй.

Тухайн гэмт этгээдүүдийг олж илрүүлэх тал дээр хууль хүчний байгууллагынхан анхаараасай гэж хүсэж буйгаа илэрхийллээ. Энэ мэтчилэн өндөр настай болон ганц бие, бага насны хүүхэдтэй айлуудыг тэд онилж байдаг юм болов уу. Олны дунд нэр нөлөө бүхий хүмүүсийн гэр орон руу дайрч орж дээрэмддэг тохиолдол ганц үүгээр ч зогсохгүй биз. Энэхүү дээрмийн үйлдэл бол санамсаргүй зүйл огт биш урьдаас төлөвлөсөн. Хаа нэг газраас харж тандаж байсан ч мэдэхээр аж.

Ийм учраас манай улсад хүний хөлд хөдөлгөөн тасраагүй гэгээн цагаан өдрөөр ч цус асгаруулахаас сийхгүй дээрмийн хэрэг үйлдэгдэж байна гэдэг бол улс эх орон доройтон залуу хойч үе минь доройтож буйг харуулж байгаа нэгэн жишээ боллоо. Миний хувьд дээрэмчдээс айсан гэхээсээ илүүтэй монголын нийгэм амьдрахад тайван биш болсонд сэтгэлд зовж байна” хэмээн тэрбээр хуучилсан юм. Ийн ярилцсаар бид түүний хийж бүтээсэн ажил, үнэт олдворуудтай танилцлаа.

“ЧОЙРОДОН БАРСБОЛДИА” ОЛДВОР ДЭЛХИЙД ДАНСТАЙ

Түүний ширээн дээр ёстой л судлаач шинжээчдийн багаж болсон том дөрвөлжин микросоп, дээрэмчдэд алдах шахсан нөүтбүүк, хэд хэдэн үлэг гүрвэлийн сувейнер, байгалийн тогтоц бүхий чулуужсан мод гээд элдэв түүний үнэт олдворууд харагдана. Түүнээс ажил, амьдрал болоод Монголын шинжлэх ухаан, палеонтологи, геологийн салбарын сүүлийн үеийн сонин олдворуудын талаар асуухад “Монголын говиос 90 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн араг яс бүтнээрээ олдсон нь дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн. Энэ олдвороос Монголын говь чийглэг дулаан уур амьсгалтай, олон зүйл амьтантай байсныг дагуул судалгаагаар тогтоогдсон байдаг.

Үүнээс гадна дэлхий дээр 120 сая жилийн өмнө амьдарч байсан өөр нэг зүйлийн үлэг гүрвэлийн толгойн чулуужсан яс олсон. Үүнийг Чойродон барсболдиа гэж өөрийнхөө нэрээр нэрлэсэн. Дэлхий дээр 400 гаруй төрлийн үлэг гүрвэл амьдарч байсан нь одоогоор тогтоогдоод байгаа юм. Үүний 80 гаруй нь буюу таван үлэг гүрвэл тутмын нэгийг Монголын говиос нээн илрүүлсэн байдаг” хэмээн сонирхуулсан юм.

Хэн нэгэнд хэлхээтэй хэдэн яснаас цаашгүй сэтгэгдэл төрүүлэх мэт боловч эд харахаас хазахын заяагүй гадныхны шуналыг  хөдөлгөдөг ертөнцөд амьдарч байсан эртний аварга амьтдын нууц зөвхөн Монголын говь нутагт л байгааг дэлхий дахин онцолсоор байгаа. Монгол Улсаас дэлхийн аль ч тивээс өмнө нь олдож байгаагүй хоёр шинэ төрөл зүйл шинжлэх ухааны салбарт томоохон нээлт хийснийг олон улсын нэр хүндтэй PeerJ болон Plos One сэтгүүлд тус тус онцолсон байдаг байна.

Одоогоос 120 сая жилийн тэртээ цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт Чойродон барсболдиа, Гобихадрос монголиансис нэртэй хоёр төрөл, зүйлийн нээлт бүтээлийг Монголын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн, үлэг гүрвэл судлаач, доктор Х.Цогтбаатар туурвисан бөгөөд уг олдвор нь үлэг гүрвэлийн хувьсал, хөгжлийн шинэ үеийг агуулж буйгаараа онцлог аж.

Эдгээр амьтдын тухай түүхийг сөхвөл, судлаач Р.Барсболдын нэрээр нугасан хошуут үлэг гүрвэлийн өвгийг нэрлэжээ. Тэрбээр Р.Барсболд гуай хэлэхдээ” “Би их азтай хүн. Юу нь ч үл мэдэгдэх олдворыг анх илрүүлээд, харин үүнийг тодорхой болгох эцсийн нээлтийг хийхэд ч би байсан. Энэ бол нэг эрдэмтний хувьд тэр бүр олдоод байхгүй ховор тохиол юм“ хэмээв.

Манай улсад палеонтлогийн мэргэжилтэн их ховор дээр нь төр засаг эрдэмтэн, судлаачдыг дэмжих бодлого огт байдаггүй. Энэ мэтчилэн манай улсад палеонтологийн 60 гаруй нэр төрлийн олон зуун олдвор байдаг бөгөөд түүний тодорхой хувийг 1960 оноос хойш өдийг хүртэл энэ салбарт ажиллаж буй академич Р.Барсболдын оролцоотойгоор нээн илрүүлсэн байдаг түүхтэй.

 
 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна