Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчлахаар эх орноосоо мордлоо


Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм.

Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид явж байна.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна