Нэг модноос жилд 30-50 кг чавга хураан авдаг

2020 оны 05 сарын 22

Дархан-Уул аймгийн XV багийн иргэн Б.Төмөрхуяг  2013 онд хашааныхаа 0.03 га орчим газарт  Ховдын Булган сумаас чавганы долоон ширхэг гурван настай  бут авчирч суулгажээ. Эхний гурван жилд нялх хүүхэд шиг л бөөцийлж, арчилж, усалж, хөлдөхөөс хамгаалж ургуулсаар  мод нь  зургаан настай болсон байна. Өнөөдрийг хүртэл бутнууд нь 7-8 метр өндөр ургаж жил бүр үр жимсээ  өгсөөр иржээ. Чавганы модны үр нь орос гаралтай Монголд нутагшуулсан мод аж. Б.Төмөрхуяг өөрөө Ховдын Булган сумынх. Тэрээр хар багаасаа чавга, алимны модон дунд өссөн аж. “Би нутгаасаа гарч  Улаанбаатар хотод амьдрах болсон. Гэвч хотод нэг л идээшээгүй учраас Дарханд очиж амьдрахаар шийдсэн. Тэгээд “Иргэдийн оролцоо хөгжлийн хөтөч “ТББ-ын Ганбат ахтай танилцаж мод тарихаар шийдэж өөрийнхөө төрж өссөн нутгаас энэ бутнуудаа авчирсан. Долоон жилийн дараа модныхоо үр шимийг хүртэж энэ туршлагаа ярьж байгаадаа үнэхээр баяртай байна” гэсэн юм. Чавганы мод тавдугаар сарын 5-7 нд цэцэглэдэг гэнэ. Энэ үеэр нь дааруулахгүй бол цэцэг бүр нь чавга болдог гэж байлаа. Эхний гурван жилд үхүүлэхгүй ургуулж чадвал цаашид онцын арчилгаа шаардахгүйгээр бие даан ургаж, үр жимсээ өгдөг. Нэг модноос ойролцоогоор 40-50 орчим кг чавга хураан авдаг ажээ. Нэг чавга 15 грамм орчим жинтэй болохоор шувуу тоодоггүй гэж байсан юм. Эхэн үедээ чавгаа хүүхдүүд болон ах дүүсдээ амсуулах байдлаар идээд өнгөрдөг байсан бол энэ жилээс  борлуулахаар болжээ. Одоо Хятадын чавга нэг кг нь 6-8 мянган төгрөг. Тиймээс арай дээгүүр үнэтэй зарах санаатай гэж байв.  Тэрээр цаашдаа хорооныхоо таван айлыг чавганы модтой болгох зорилт тавьсан гэж байлаа. Усны жолооч залуу модыг нь усалсаар байгаад сүүлдээ эднийхээс алимны мод авч хашаандаа тарьжээ. Эдний гудамжныхан тэр чигтээ хашааныхаа гадна талд агч мод тарьсан байв. Одоо нүцгэн харагдаж байгаа ч зун маш гоё сагсгар том навчтай болж ургадаг. Усалгаанд айл бүхэн 5000 төгрөг хураалгаж 1-2 удаа маш сайн усалдаг. Түүнчлэн борооны ус тосож айл бүхэн өөрийнхөө хашааны урдах модоо усладаг гэсэн.

ХАШААГАА ОЙН  ЗУРВАС БОЛГОСОН  ӨРХ

Дархан-Уул аймгийн XV багийн II хэсгийн хоёр тоотод амьдрах Н.Ухнаа гуайн хашаагаар яваад ороход л ойд явж байна уу гэмээр модод гөлөглөж шувууд жиргээд  хаврын мод, бут тариалалт үрсэлгээ хийж буй дүр зураг харагдана. Мөн эдний хашаанд хоёр том хүлэмж, хоёр хэсэг газар ногооны талбай харагдаж байв. Н.Ухнаа гуай гэргийн хамт  2014 оноос эхлэн үхрийн нүд, чангааз зэрэг  жимсний мод үрсүүлэн тариалж эхэлсэн байна. Мөн гоёлын агч, монос зэрэг 20-иод төрлийн мод, бут тарьжээ. Одоо эднийх хашаандаа 100 гаруй үхрийн нүд, 200-300 орчим чангаазны бут мод тарьж, 2000 гаруй үрсэлгээ хийгээд байгаа юм байна. Жилд энэ хашаандаа мод, бут тариалж үрслүүлж 4-5 сая төгрөгийн орлого олдог гэнэ. Ухнаа гуай “Агч мод Канад улсын төрийн далбааг илтгэсэн эх оронч мод. Том ногоон навчнууд гарч маш өндөр ургадаг. Хус модноос шүүс гардаг шиг шүүс гаргадаг. Үүнийг нь канадууд дайны үед винондоо хольдог байсан гэдэг” гэсэн юм. Түүнчлэн эднийх сүүлийн хоёр жилд хүмүүст  агч модны үрсэлгээг хандиваар өгсөн байна. Түүний гэргий “Хавар, зун орой болтол өвгөн бид хоёр энэ талбайдаа ажилладаг. Бие хөнгөн сэргэлэн сайхан байдаг. Ногооны талбайгаас өөрт хэрэгцээтэй хүнсний ногоогоо хураан авдаг. Үрсэлгээгээ гэртээ хийж илүү зай талбайд нар дагуулан тавьдаг” гэлээ.  Мөн эднийх байшингаа өөрсдөө барьжээ. Вааран дээвэр, тоосго хоёроос бусдыг нь  өөрсдийн боломжоор босгосон. Гаднаас ямар нэгэн материал аваагүй гэж байсан юм. Гоёлын мод 200-300 жил ургадаг болохоор бидний дурсамж энэ модонд шингэж үр хүүхдүүд минь хожим аав, ээжийн минь тарьсан мод гэж бахархах байх хэмээн тэд хуучилсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 22
210.13.44.143
zuvmaa

yostoi saihan medee oruulsand bayarlalaa.

2020 оны 05 сарын 22
203.169.50.251
Иргэн

Яаж холбогдох вэ? Зөвлөгөө авч мод таримаар байна.