Мьянмарын цэргийн дэглэм эрх баригч намаа ТАТАН БУУЛГАХ шийдвэр гаргажээ


Мьянмар Улсад өнгөрсөн онд болсон ардчилсан сонгуулиар эрх чөлөөний төлөө тэмцэгч Ан Сан Су Чигийн Ардчиллын Төлөө Үндэсний Лиг нам үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин энэхүү ялалтыг нь тус улсын цэргийн эрх мэдэлтнүүд үгүйсгэн төрийн эрх мэдлийг цэргийн хүчээр булаан авч, 1 жилийн хугацаатай онц байдал зарласан юм. 

Цэргийн эргэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг хүчээр тараах оролдлого хийснээс болж 800 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн баривчлагджээ. Цэрэг, цагдаа нар энгийн иргэдийнхээ эсрэг хайр найргүй хүч хэрэглэж, гал нээсний улмаас өдөр бүр хүний амь эрсдэн, өлсгөлөн ядуурал газар авч буйг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж буй. 

Тэгвэл цэргийн эргэлтээр гарсан эрх баригчид тус улсын төрийн зөвлөх асан Ан Сан Су Чи тэргүүтэй Ардчиллын Төлөө Үндэсний Лиг намыг татан буулгах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн баасан гаригаас цэргийнхний мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АТЛ намыг эх орноосоо урвасан, өнгөрсөн онд зохион байгуулагдсан парламентын сонгуулийг луйвардсан тул бусад хэд хэдэн намын хамт нэн даруй татан буулгана хэмээн зарлажээ.

1961-2011 оны хооронд цэргийнхний дарангуйлалд байсан тус улсад энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан иргэний дайны хэмжээнд хүрсэн байна.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсныхоо дараа 2020 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын Намыг татан буулгах саналыг Дээд шүүхэд хүргүүлсэн. Мөн түүний мэдлийн Монголын Ардчилсан Холбоо 7 дугаар сарын 1-нээс өмнө бүх улс төрийн намуудыг тараах уриалгыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ. Хэрэв улс төрийн намуудыг татан буулгаж, парламентыг тараавал шинээр улс төрийн намууд байгуулагдан дахин сонгууль зарлагдах хүртэл хугацаанд Монгол Улс одоогийн Ерөнхийлөгчийн мэдэлд буюу нэг хүний дарангуйлалд шилжих цаад санаа харагдаж байгаа юм.

Дээрх 2 үйл явдлаас дүгнэхэд эрх мэдэлд хэт шунасан улс төрчид болон дарангуйлагчид улс төрийн ашиг хонжоо, сандал суудлын төлөө улс төрийн тогтолцоо, ардчиллаа хүртэл дэнчин тавьж болдог. Өнөөгийн бидний ардчилсан нийгэм Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед хэрхэн хэврэгшсэнийг харуулж байна.

Е.Энх-Орчих



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна