Эрүүл мэндийн яам мэргэжилтнүүдээ бүрэн шинэчлэх цаг болжээ

Х.Есү
Өчигдөр 13 цаг 57 минут

Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яам нь ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах амин чухал үүрэг хүлээсэн бодлого хэрэгжүүлэгч салбар юм. Гэтэл сүүлийн үед Эрүүл мэндийн яамтай, тэр тундаа яамны мэргэжилтнүүдтэй холбоотой хууль бус худалдан авалтууд, албан тушаалын томилгоо, авилгал, хээл хахууль, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хуулийн лобби зэрэг сэтгэл түгшээсэн олон үйл явдлууд гарч байгаа нь мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн бүлэглэл нийгмийн эрүүл мэндийн бодлогод ихээхэн аюул учруулж байгааг харуулж байна.

Чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үүрэг хүлээсэн Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийг хамаарал бүхий томоохон компаниуд өөрсдийн зорилгодоо ашиглаж, Засгийн газрын шийдвэрийг өөрчлүүлж, эм болон янжуур тамхин бүтээгдэхүүнийг бизнест ашигтай байдлаар дэмжүүлэхийг  эрмэлздэг. Энэ нь манайх шиг хяналт сул улсад амжилттай хэрэгждэг нь нууц биш. Үүний тод илрэл нь өнгөрсөн 7 хоногт болсон “Эмийн сонсгол”-оос ажиглагдлаа. Сонсголоор нийт Эрүүл мэндийн яамны 110 ажилтан албан хаагчаас 97 нь эмийн салбарт хамаарал бүхий компанитай бөгөөд энэхүү гаж үзэгдэл одоо л нийтэд ил болж байгаа ч ужгирсан асуудал гэдэг нь тодорхой юм.

No description available.

Эмийн сонсголд нэр нь дурьдагдсан мэргэжилтнүүд дотор Дангаа овогтой Баярболд гэх нэр байх бөгөөд 2022 онд цаасан дээр байгуулсан “Окта Хекта” ХХК -ийн хамаарал бүхий этгээд байх төдийгүй Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн нарийн бичгээр томилогдсон нь тамхины бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж тэдний эрх ашигт нийцсэн хуулийн төслийг бичилцэж байж болзошгүй юм.

Эмийн сонсголын үеэр ЭМ-ийн сайд асан С.Энхболд хэлэхдээ “Яамны удирдах албан тушаалтнууд 3 удаа халаа сэлгээ явагдсан” гэдэг. Тэгвэл Эрүүл мэндийн яамны халаа сэлгээ, найз нөхдийн томилгоог хамгийн их хийж буй хүн бол Совдын Төгсдэлгэр юм. Тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Д.Баярболдыг Тамхины хяналтын тухай хуулийн төслийн Нарийн бичгийн даргаар томилсон нь цаанаа ашиг сонирхлын үндсэн дээр хийгдсэн томилгоо гэж хардаж болохоор байна. Түүнийг ажлаа авснаас хойш Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан саналыг харахад Монголд зөвхөн янжуур тамхи татуулах хямд үнийн бодлого баримталж байгаа нь хуулийн төсөлд тусгасан саналаас харахад тодорхой байна. Монгол Улсад нэг хайрцаг янжуур тамхинд ногдох онцгой албан татварын хэмжээ бүс нутаг бүү хэл дэлхийд хамгийн багад тооцогдож байгаа бөгөөд сүүлийн 4 жилд энэхүү татвар огт нэмэгдээгүй гэдгийг онцолж хэлмээр байна.

Дэлхий даяар утаат янжуур тамхидалтыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, судалгаа, шинжилгээнд үндэслэж “тамхигүй үндэстэн” болох зорилго тавин ажиллаж буй энэ үед манай улсын хувьд хэвэндээ, бүр дордуулах стратегийн цаад эзэд нь хэн байв. Үүнийг гүйцэлдүүлэгчид ямар хүмүүс байгаа вэ гэдгийг ил зарлах цаг болжээ.

Юуны өмнө лобби хийх үйл ажиллагааг ил тод болгох зайлшгүй шаардлага байна. Лоббичид болон эм,тамхины компаниудад заавал ил болгох шаардлагыг хэрэгжүүлэх нь тэдний бодлого боловсруулагчидтай харилцах харилцааг тодруулж, илүү нягт нямбай, хариуцлагатай байх шаардлагыг иргэд ч шаардмаар байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн яаманд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого байх ёстой.

Үүний нэгэн адил нотолгоонд суурилсан бодлого боловсруулалтыг дэмжих нь чухал юм. Эрүүл мэндийн бодлого нь мөнгөтэй компанийн явцуу ашиг сонирхлоос илүү шинжлэх ухааны нотолгоо, нийгмийн эрүүл мэндийн зарчмуудыг баримтлах ёстой. Эрүүл мэндийн яаманд шударга ёс, бие даасан байдлын соёлыг төлөвшүүлснээр Монгол Улс эрүүл мэндийн бодлого нь аж ахуйн нэгжийн ашиг орлогод бус, иргэдийнхээ эрх ашигт нийцэх болно.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Та, ард иргэдийн эрүүл мэндийн эсрэг ажиллаж буй идээ бээрүүдээ “шахаж”, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай цаг үе тулгараад байна гэдгийг иргэд харж бас шаардаж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.175
    11 цагийн өмнө

    Тогтмолын Мөнхсайхан монгол хүний төлөө сэтгэлтэй хүн бололтой ийм л хүн эмч нэрийг өндөрт өргөнө

    Хариулах
  • 66.181.186.138
    17 цагийн өмнө

    сарангэрэл гэх мэт мангар авгайчууд сайд болчихоор дор нь байгаа хүмүүс Яах нь тодорхой биз дээ мөнхсайхан сайдын үед овоо нэг гайгүй болох нь уу гэтэл дахиад л бүтэхгүй болчих юм даа

    Хариулах