400 сурагчийг Ботаникийн 27-р сургууль руу шилжүүлэх асуудал эсэргүүцэлтэй тулгарчээ

2020 оны 09 сарын 18

БЗД-ийн Хо Ши Миний нэрэмжит, лаборатори 14-р дунд сургуулийн гуравдугаар ангийн 400 гаруй сурагчийг Ботаникийн 27-р дунд сургуульд ирэх намар хүртэл хичээллүүлэх болсон  асуудал эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ холоос зөөх хүндрэлтэй гэж буй. Чухам ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан талаар тус сургуулийн  захирал Э.Гунгаажав  "Манай сургуульд  БЗД-ын 13, 14-р хороонд оршин суудаг айл өрхийн хүүхдүүд хамрагддаг. Сургуулийн хүчин чадлын тухайд өргөтгөлтэйгөө нийлээд нэг ээлжиндээ 1850, хоёр ээлжиндээ 3640 хүүхэд сурах зориулалтай. Гэвч өнөөдрийн байдлаар  950 хүүхэд сурч  даац  1300 хүүхдээр хэтэрсэн. 

Хичээлийн шинэ жил эхлээд нэг ангийг хоёр бүлэгт хуваан, бага цагаар хичээллэхэд хүндрэл гараагүй. Одоо ердийн цагаар хичээллэхэд гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүрээд байгаа юм. Тиймээс хоёр жилийн өмнөөс өргөтгөл барихаар барилгын ажлыг эхлүүлсэн ч эдийн засгийн хямралаас болоод  төсөв нь танагдсан.  Нийслэл, Дүүргийн боловсролын газарт хандахад  өргөтгөл ашиглалтад ортол ойролцоох, хүүхэд багатай сургууль руу шилжүүлэн сургахыг үүрэг өгсөн" гэлээ. 

Харин эцэг эхчүүдийн зүгээс зөвхөн 3-р ангийн хүүхдүүдийг сонгосонд бухимдаж байгаа бөгөөд хол  газар хүүхдээ зөөхгүй хэмээн эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байгаа аж. 

Сургуулийн захиргаанаас 3-р ангийн сурагчдыг шилжүүлэх шийдвэр гаргасан үндэслэлээ тайлбарлахдаа  "Дунд, ахлах ангийн хүүхдүүдэд өөр өөр хичээлийн олон багш ордог. Жишээ нь газарзүйн багш тэнд хичээлээ заачихаад наашаа ирж дахиад хичээл заах боломжгүй. Мөн дунд, ахлах ангийн хичээл 8 цаг ордог. Нэгдүгээр ангийн сурагчид нь гараас гарт буюу анхаарал шаардлагатай хүүхдүүд байдаг. Хоёрдугаар ангийн сурагчид өнгөрсөн жил нэгдүгээр ангид байхдаа хагас хичээллэсэн учраас одоогийн сургуульдаа байх шаардлагатай гэж үзсэн" гэлээ. 

 

Үүсээд байгаа асуудалд  Нийслэлийн Боловсролын газар “Харьяаллынх нь дагуу шинэ сургууль нь ашиглалтад ортол сурагчдыг өөр өөр сургуульд түр хамруулан сургадаг. Энэ дагуу Ботаникийн 27-р дунд сургууль шинээр ашиглалтад орсноор өөр сургуулиудад түр хамруулж байсан хүүхдүүдээ хамран сургах тойргынх нь дагуу шинэ сургуульд шилжүүлэх асуудал үүсч байгаа юм. Шинээр сургууль ч, цэцэрлэг ч ашиглалтад орсны дараа харьяаллынх дагуух хүүхдүүдийг нь хамруулдаг. Тэгэхээр 3 дугаар ангийн сурагчид нь харьяаллаараа Ботаникийн 27-р сургуулийн хүүхдүүд  учир харьяаллаар нь шилжүүлэх ёстой" гэх тайлбар өгчээ. 

Т.Хэрлэн 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.