Стандарт, хэмжил зүйн газар БНСУ-ын Технологи, стандартын агентлаг (KATS)-тай хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө байгууллаа

Х.Есү
51 минутын өмнө

Стандарт, хэмжил зүйн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Технологи, стандартын агентлаг (KATS) хоорондын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх зорилгоор “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ерөнхий чуулганы үеэр байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Н.Хулан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал болон холбогдох дарга нар мөн БНСУ-ын талаас KATS-ийн удирдлага Дэжа Ким, KATS-ийн захирал Жинсок Бэ, KATS-ийн дэд захирал Нахён Ким, KATS-ийн олон улсын харилцааны зохицуулагч Жиёүн Рю, БНСУ-ын Стандартын холбоо (KSA)-ны захирал Кёнжин Чан, KSA-ийн судлаач Жувон Ли оролцлоо.

Монгол Улс, БНСУ-ын стандартчилал, хэмжил зүйн салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд Стандарт, хэмжил зүйн газар нь 1997 оноос хойш БНСУ-ын хэмжил зүйн байгууллагуудтай хэмжлийн эталон, эрдэм шинжилгээ, судалгаа, хэмжил зүйн салбарын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хоёр байгууллагын чиг үүрэг, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, стандарт болон техникийн баримт бичгийг нутагшуулах боломжийг судлах, мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварын солилцоог өргөжүүлэх, олон улсын стандарт боловсруулах үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

 Мөн цаашид хамтарсан төсөл, сургалт хэрэгжүүлэх, мэргэжилтэн солилцох, мэдээлэл, туршлага хуваалцах үйл ажиллагааг тогтмолжуулж, хамтын ажиллагааг тодорхой зорилт, хэрэгжихүйц арга хэмжээ, бодит үр дүнд чиглүүлэн хөгжүүлэхээр талууд тохиролцлоо. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна