ОХУ-ын төрийн Дум /Парламентын Доод танхим/ ын дарга, Холбооны хурлын /Парламентын Дээд танхим/ орлогч дарга Вячеслав Володин Монголд айлчиллаа. Тэрбээр зөвхөн “Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй” гэж хэлэхээр ирээгүй нь тодорхой. Түүний айлчлалын зорилго, Монголд ирээд амжуулсан ажлуудынх нь тоймыг албан эх сурвалжид үндэслэн хүргэж байна.
В.Володин ямар хэргээр Монголд ирэв
Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д айлчлахдаа хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулж, анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирсон байдаг. В.Володины айлчлалын үндсэн зорилго нь энэ юм.
Энэхүү шинэ бүтцийг бий болгохоор тохирч байх үед олон нийтийн сүлжээнд “ОХУ Монголын Парламентаар хэлэлцэгдэх гэж байгаа асуудлын мэдээллийг урьчилж авч байя гэжээ” хэмээн шүүмжилж байв. Энэ мэдээж өрөөсгөл ч, УИХ-ын гишүүдтэй хамтарсан бүтэц үүсгэнэ гэдэг тэднээр дамжуулаад УИХ-д албан ёсны лобби хийх боломж бий болсныг үгүйсгэх аргагүй.
Тэгвэл, шүүмжлэл хүлээж байсан Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын анхдугаар хуралдаан сая болж өнгөрлөө. Хурлаар хэлэлцсэн гол асуудал нь, хоёр улсын харилцааг илүү ойр, нягт болгох чиглэлүүдийг тодорхойлж, шинэ арга механизмуудыг бий болгох явдал гэж В.Володин өөрөө хэллээ. Тэгэхээр, Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс нь өөр, шинэ бүтцүүдийг бий болгох эрх мэдэлтэй маш чухал байгууллага гэдгийг зарлав.
“Манай хоёр улс хөрш орон. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг улам өргөжүүлэн хөгжүүлэх нь бидний үүрэг юм. Ялангуяа хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоох байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах нь нэн чухал” гэж тэрбээр онцолжээ.
Парламентын хоорондын хамтын ажиллагааны комиссын дараагийн хуралдааныг ирэх онд ОХУ-д зохион байгуулах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зарчмын хувьд дэмжсэн аж.
Айлчлалын гол үр дүн мэт мэдээлэгдэж байсан “Монгол Улс шатахууны экспортын хоригт хамаарахгүй” гэдэг мэдэгдлээ мөн хийсэн.
Анхдугаар хуралдааны үр дүнг УИХ-ын албан ёсны сайтад “Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд явагдаж, талуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааны цар хүрээг өргөжүүлэх болон хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой боллоо” хэмээн тодорхойлжээ.
Хоёр улсын харилцаа нягтарч, ойр дотно болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ОХУ манайхыг материаллаг хэрэгцээгээр хангах замаар өөрт ашигтай систем рүү татаж орууллсан түүх мундахгүй бий. 1995 онд Хил дамжиж урсдаг гол мөрний асуудлаар гэрээ байгуулахдаа “Хоёр улсын нутаг дамждаг гол мөрөн дээр байгууламж барих бол нөгөө талдаа заавал мэдэгдэнэ” гэсэн агуулгатай заалт оруулж, хожим түүнийгээ “Заавал зөвшөөрөл авна” гэж тохирсон мэтээр хэрэгжүүлж байгааг дурдахад хангалттай.
Төгсгөлд нь, УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д айлчлахдаа гаргасан үр дүн, шийдвэрүүдийг хүргэе.
•Монгол, ОХУ хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд хамтран ажиллах комисс байгуулна.
• УБТЗ-ын 200 тэрбумын өрийн асуудлаа барагдуулж ОХУ, Монгол хамтран тус компанийн дүрмийн санг 167 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. Энэ мөнгөөр УБТЗ дэр модоо шинэчлэх, хөрөнгө оруулна.
•ОХУ талаас хөрөнгө оруулалтдаа 5 шинэ зүтгүүр өгч буй. Энэ нь ачаа тээврийн эргэлт хамгийн багадаа 2 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо бий.
•Ангарскийн шатахууны үйлдвэр 8-р сард 30 хоног засварт орно. Гэхдээ шатахуун ХОМСДОХГҮЙ, үнэ ӨСӨХГҮЙ. Нийлүүлэлтээ өсгөж, нөөцлөх ажилд хамтран ажиллана.
• ОХУ-д гадаад оюутнууд ажил хийж болдоггүй хуультай. Харин ОХУ-д сурч байгаа монгол оюутнууд ажил хийх боломж нээгдлээ...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна