Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргалан сонгогдлоо

Х.Батсайхан
2023/09/26

Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган өчигдөр болж өнгөрлөө. Чуулганд 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцсон байна. Ерөнхийлөгчийн ссонгуульд долоон нэр дэвшигч өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, М-Ойл группын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Жаргалан, Д.Үүрийнтуяа нар тунаж, одоогийн дэд ерөнхийлөгч Батбаярын Жаргалан 50.8 хувийн саналаар ялалт байгуулжээ. Ардчилсан нам дөнгөж сая энэ талаар мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд “Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган 2023.09.25-ны өдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцлоо. Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50,8%-ын саналаар Батбаярын Жаргалан ялалт байгуулсан үр дүнг дээд чуулганаар баталлаа.

Монгол Улсын алс хязгаар, өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн итгэлээр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Батбаярын Жаргалан таны эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог манлайлах үйлсэд тань Ардчилсан намын нийт гишүүдийн нэрийн өмнөөс амжилт хүсье” гэжээ. 

Ирэх сонгууль холимог тогтолцоогоор болно. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн нь жагсаалтад маш дээгүүр эрэмбэлэгдэж орж ирэх боломжтой тул дээрх гурвын дунд “Хэн нь УИХ-д суух вэ” гэдэг өрсөлдөөн өрнөсөн гэж хэлж болно. 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бол Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага. Чиг үүргийн тухайд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан шийдлүүдийг эрэлхийлж, түүнийгээ намын бодлого шийдвэрт тусгуулах, хэрэгжилтэд нь манлайлалтай оролцох замаар эмэгтэйчүүдийн дэмжлэгийг авч, намаа сонгуульд амжилттай оролцоход нь туслах гээд ойлгочиход болно. 

Гэхдээ өнгөрсөн зун батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар, намууд цаашдаа эмэгтэйчүүдийн, залуучуудын гэх мэт ТББ ажиллуулахыг хориглож байгаа. Хуулийн үйлчлэл 2024 оны сонгуулийн дараа эхэлснээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Ардчилсан намаас өрх тусгаарлах юм. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна