Монголын шигшээ баг Азийн наадамд гурав тоглож, гурав хожигдлоо. Гурван баг нь БНХАУ, Хонконг, Хятадын Тайвань буюу үндсэндээ гурвуулаа хятад баг байв. Эдгээр гурван тоглолтод манай баг 189 оноо авч, 236 оноо алджээ. Зөрүү нь 47. Дунджаар 15.6 оноогоор хожигдсон гэсэн үг.
-Монгол-БНХАУ 50:89
-Монгол-Хонконг 64:69
-Монгол-Хятадын Тайвань 75:78
Азийн наадамд оролцсон 16 багаас манайх довтолгооноор Арабын нэгдсэн Эмират /173/, Индонези / 179/, Казахстан /181/, Хонконг /181/-ийг ардаа орхисон байна.
Харин хамгаалалтаараа Тайланд /260/, Катар /238/, Индонези /239/, Хонконг /240/-оос илүү байв. Хэрвээ Хонконгийн багтай хоёрдугаар, Хятадын Тайваньтай дөрөвдүгээр үедээ сайн тоглочихсон бол “Инчён 2014”-ийн амжилтыг давтах байлаа.
Ялангуяа Хятадын Тайваньтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтын дөрөвдүгээр үеийн эхэнд удаа даралсан довтолгоогоо алдсаар байхад дасгалжуулагчдын баг завсарлага аваагүй. Айлын баг энэ хооронд оноо түүсээр хоёр оноо дутуу байсныгаа долоон онооны тэргүүлэл болгож чадсан. Завсарлагын тактик алдсанаас манайх энэ тоглолтод хожигдсон.
Харин залуусын хувьд, туршлага хуримтлуулах зорилгоо хангалттай биелүүллээ. Дасгалжуулагчдын багаас өгсөн звлөгөө байх, довтолгооны 24 секундээ бүрэн ашиглахыг эрмэлзэж, найдвартай хийх момент хайж байгаа нь олзуурхууштай байлаа. Үүнээсээ болж 24 секунддээ амжихгүй байх тохиолдол хааяа гарч байсан нь тоогүй.
Ханжоуд очсон манай баг бол 2025 оны Азийн АШТ-д сойж байгаа манай гол найдлагууд. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр Улаанбаатарт болсон сорилго тэмцээний эхний шатанд Г.Билгүүн, Т.Санчир нарын хууччуул тоглож, сонгон шалгаруулалтад орох эрхийг авчирсан. Одоо ирэх арваннэгдүгээр сард сорилго тэмцээнд оролцож, 2025 оны Азийн АШТ-д орох эсэхээ шийднэ. Энд ямар баг тоглох нь тодорхойгүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон тэмцээний үеэр Т.Санчир, Г.Билгүүн тэргүүтэй лидерүүд “2025 оны “Азийн цом”-д орох эрхийг дүү нартаа авч өгөхийн төлөө бүхнээ дайчилна” гэж ярьж байсан.
Арваннэгдүгээр сард болох сорилго тэмцээнд манайх С хэсэгт БНХАУ, Япон, Гуамтай нэг хэсэгт орсон. Гуамыг яаж ийгээд хожиход шигшээ тэмцээнд орох эрхийн төлөө өрсөлдөх боломжтой болно.
Зургаан хэсгээс эхний хоёр байраар гарсан 12 баг эрхээ авах бол гуравдугаар байрт орсон зургаан баг дөрвөн эрхийн төлөө өрсөлдөх юм. Маш том боломж. Гагцхүү наана нь Гуамыг яаж ийгээд хожих чухал. Энэ чухал тэмцээний өмнө Ханжоуд манай залуус том шалгуурыг давж тууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.137
222 sanj undurtei 3 toglogch Mongold heregtei bn
Хариулах