З.Мэндсайхан: Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор жилд дунджаар 366.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ

Х.Есү
48 минутын өмнө

Сангийн сайд З.Мэндсайхан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллажээ. 

Тэрбээр, "Энэхүү төсөл нь дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулан, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Нийт 266.4 сая ам.долларын өртөгтэй, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл нь 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Төслийн хүрээнд тус бүр 22.5 МВт-ын хүчин чадалтай дөрвөн агрегат бүхий усан цахилгаан станц барьж байгуулах юм.

Барилга угсралтын ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 40 хувьд хүрчээ. Төслийн талбайд гүйцэтгэгч компанийн 225 ажилтан, орон нутгийн 250 иргэн тус тус ажиллаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд 49.8 км ашиглалтын авто зам, Ховд гол дээрх хоёр гүүр, ажилчдын кемп, бетон зуурмаг, хайрга боловсруулах үйлдвэр, лаборатори, агуулах, засварын цехийн барилгын ажлыг бүрэн дуусгажээ.

May be an image of text

Үндсэн байгууламжийн ажлаас голдирол зайлуулах туннелийн гүйцэтгэл 90 хувь, станцын барилгын суурийн ухлага 50 хувь, ус дамжуулах үндсэн туннель 47.11 хувь, ус хаях суваг 40 хувь, станцын барилгын суурийн ажил 12 хувийн гүйцэтгэлтэй байна.

Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 352.6 сая кВт.цагт хүрч, үүний 294.9 сая кВт.цагийг ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор жилд дунджаар 366.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн барилгын үе шатанд 800-1000 түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60–80 хүний байнгын ажлын байр шинээр бий болж, усан санг түшиглэн аялал жуулчлал, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ.

No photo description available.

Төслийн хүрээнд нийт 30 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд усан сангийн талбай нь Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутгийг хамарч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, импортын хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

No photo description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна