“Өдрийн сонин”-ы 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар дээр гарсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Түүнтэй Баялаг ашиглах бодлого, түүнийг тойрсон асуудлаар ярилцлаа. Тэр “Баялагийн менежмент” номын зохиогч юм.
Байгалийн их баялагтай орнууд ядуурах нь парадокс гэмээр үзэгдэл дэлхийн түүхэнд олон байдаг. Их баялаг авилга, хээл хахуулийг цэцэглүүлж, баялагийн үр шимийг хэдхэн хүн хүртдэг муу жишээ ч бас олон. Авилгыг чөлөөт зах зээл, хөгжлийн дайсан гэж үздэг. Бид асар их баялагтай мөртлөө ядуу амьдарч байгаа нь баялагийн менежмент буруу байгаатай холбоотой. Бид зах зээлийн нийгэмд шилжихдээ хөгжлийн тодорхой бодлогогүй, иргэдээ уг нийгэмдээ бэлдээгүй, сургаар яваад орчихсон гай одоо ч үргэлжилж байна. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болсон ч өнөөдөр бид хөгжлийн зөв бодлого, баялагийн менежментийн сайн загвараа олоогүй л явж байна.
Ардчилсан нийгэм байгуулах, нийгэм-эдийн засгийн хамгийн муу загвар Монголд хэрэгжиж байна. Нотолгоо нь авилга, хээл хахууль, баялагийн тэгш бус хувиарлалт, ядуурал, гэмт хэргийн өсөлт, богино мөчлөгт санхүү эдийн засгийн хямрал, байгаль орчны доройтол, гадаад өрийн дарамт гээд үргэлжилнэ.
Энэ нь дан хувийн хэвшлийг бус төр, хувийн хэвшлийн зохистой хослол, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэсэн, импорт шаардсан хөрөнгө оруулалтаас татгалзсан, экспортын болон импорт орлосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн, зах зээл дэх банк, хөрөнгийн захын зохистой харьцааг хангасан, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй загварыг сонгож ажиллах тухай ойлголт юм. Хөгжилд байгалийн баялагаас гадна баялагийн менежментийг хийдэг хүний хүчин зүйл хамгийн их нөлөөтэй. Тухайлбал Манайд хөрөнгийн захын хөгжил сул байгаагаас түүнээс хүртэх өгөөж муу байна. Энэ нь эргээд хөгжлийн тэнцвэрийг алдагдуулж байгаа нь үнэн. Хөрөнгийн захад бэлтгэгдсэн сайн мэргэжилтэнгүүдийг салбарын үнэ цэнтэй актив гэж үздэг. Хөгжлийн зөв, шинэ бодлогын гол шаардлага нь “Их хуримтлал үүсгэх замаар, хөгжлийн өндөр түвшинд хүрэхээр зорих” гэж тодорхойлж болно.
Стратегийн болон томоохон, ирээдүйтэй орд газрууд дээр Уул уурхайн хувьцаат компаниуд байгуулж, үр шимийг нь улс эх орны хөгжил, ард иргэдээ ядуурлаас гаргах, тэднийг амьдралын чанарыг дээшлүүлэхэд ашиглах шаардлага үүслээ. Уг компаниудыг дунд, урт хугацаанд бодлогоор дэмжиж, үйл ажиллагааны ашгаас нь дэд бүтцэд нь хөрөнгө оруулалт хийж, үнэ цэнийг нь өсгөж, IPO хийх замаар хөрөнгө оруулалт татах, нээлттэй компани болгох хэрэгтэй. “Төр муу менежер” гэсэн яриа байдаг. Энэ нь төрийг хүчгүйдүүлж, ашиг олох гэсэн бодлого, үг, үйлдэл. Төр нь хамгийн сайн менежер байж, улс орон хөгжинө. Чадвартай сайн ажилтнууд төрийг сайн менежер болгоно. Сайн орд газруудын үр ашгийг цөөхөн гэр бүл хүртэж, зарим нь улсаасаа баян болж, олонхи нь ядуу амьдарч ирсэн, өнгөрсөн 30 жилийн практикийг зөвтгөх ямар ч үндэслэл алга.
Баялагийн менежмент гэдэг нь баялагаас олж буй орлого, олборлолтоос үүсэх эрсдэл хоёрын тэнцвэрийг хангах асуудал. Баялагийн менежментийг маш сайн хийж буй улс орнууд олон. Муу хийж байгаа бас байна. Муу хийж буй тоонд Монгол улс орно. Бид баялагийн менежментийн бодлогоо шинэчилж сайжруулах шаардлагатай. Кувейт улс 1953 онд хөрөнгө оруулалтын санг газрын тосны орлогоор бий болгож байжээ. 1976 онд Канадын, Аляскийн сангууд байгуулагдсан. Норвегийн тэтгэвэрийн сан 1990 онд “Нефтийн сан” нэртэй байгуулагдаж, өнөөдөр 1,1 их наяд долларын нөөцтэйг дээр хэлсэн. Дараа нь Хятадын хөрөнгө оруулалтын корпораци 940 тэрбум доллар, Абу-Дабугийн сан 696 тэрбум доллар, Кувейтын сан 592 тэрбум доллар, Хонг-Конгийн сан 509 тэрбум доллар, Сингапурын GIC 4 тэрбум доллар, Хятадын нийгэм хамгааллын сан 438 тэрбум доллар, Австралийн баялагийн сан 212 тэрбум долларын хөрөнгөтэй жагсаж байна.
Баялагийн менежментийн дэлхийн хамгийн шилдэг жишээнд Норвегийн баялагийн сангийн туршлага орно. Анх энэ санг 1990 онд нефть бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлээс хамгаалах зорилгоор байгуулсан. Дараа нь “Тэтгэвэрийн сан” болж өөрчлөгдсөн. Норвеги нь 5 сая хүнтэй. Манай улстай төстэй зүйл олон. Норвегийн тэтгэвэрийн сан 2019 оны эцсийн дүнгээр 1,1 их наяд долларын нөөцтэй байна. Норвеги улс өнөөдөр дэлхийн хаана, хэнд ч өргүй улс. Энэ улсад авилгын асуудал байхгүй. Засаг, захиргааны институтууд нь сайн ажиллаж, иргэд нь чинээлэг, хангалуун амьдардаг.
Норвегийн эдийн засгийн баялагийн орлогоос хамаарах хамаарал нь жил бүр багасаж байна. Норвегийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс давж гарсан сангийн мөнгийг дотооддоо зарцуулбал Голланд өвчинд нэрвэгдэх, эдийн засгийн тэнцвэр алдагдах, мөнгөн тэмдэгтийн ханшинд нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг. Иймээс тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдэд байршуулж, үнэт цаасны арилжаагаар дамжуулж өсгөх бодлого баримталж ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд арилжаалагдаж байгаа үнэт цаасны 0.3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулах эрх мэдэл энэ сангийн захиралд байдаг. Сангийн жилийн ашгийн тал хувь нь улсын төсөвт ордог. 2005 онд тус сангийн захирал хөрөнгө оруулалтаасаа 11,1 хувийн ашиг олсон нь 26,0 тэрбум ам.доллар болсон. Энэ бол ямар ч улсын сангийн сайд атаархахаар тоо.
Нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялагаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг одоо ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хувиарлах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 05-нд “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийг баталж мөрдөж байна. Энэ сан олон улсад бүртгэлтэй. Сан хараат бус байх, ил тод байх, хөрөнгийг зохистой удирдах, хариуцлагатай байх гээд ажиллах зарчмыг хуулинд тодорхой заасан. Сангийн эх үүсвэр, түүнийг төвлөрүүлэх, сангийн удирдлагын зардлыг санхүүжүүлэх, хяналтын зөвлөлийн ажиллах журам, шаардлага, тайлагнал, ил тод байдал хяналт гээд бүх үйл ажиллагааг хуульчлагдсан. Ирээдүйн өв санд 2019 онд 1,0 их наяд төгрөгийн орлого төвлөрсөн. Үүнээс хүний хөгжлийн сангийн өмнө хуримтлагдсан 670 орчим тэрбум төгрөгийн өрийг дарж дуусган оны эцэст 368 тэрбум төгрөгийн хуримтлал үүсээд байна. 2020 оны төсөвт 977 тэрбум төгрөгийг тус санд хуримтлуулахад тусгасан. Ирээдүйн өв сангийн орлого энэ оны эцэст 1,3-1,4 их наяд төгрөг болохоор байна. Ирээдүйн өв сан бол баялагийн сан мөн. Сан байгуулж ажиллаж амжилтад хүрсэн олон улсын туршлага, өөрийн орны онцлогийг харгалзаж ирээдүйн өв сангийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар ажиллуулах боломж байна.
Байгалийн баялагаас олох ашгийн төлөөх улайралыг рент буюу давхар ашиг хайх авир гэж тодорхойлдог. Энэ авир Оюу толгой төсөл дээр тод ажиглагддаг. Байгалийн баялагийг экспортлоод олох орлогыг экспортын бусад бараа орлож чадахгүй тул бүх төрлийн үйлдвэрлэл хумигддаг. Ядуу буурай орнуудад баялагт хүрэх зам заавал улс төрөөр дамждаг тул улс төрчид бас хуруугаа дүрдэг. Баялагаас хамааралтай улс төр яваандаа ардчилсан шинжээ алдаж, эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрөх аюулыг дагуулдаг.
2010 оны тооцоогоор Менделеевийн үелэх системийн 111 элементийн 67 нь Монголын хөрсөн дороос олдсон гэдэг мэдээлэл “Finace Asia” сэтгүүлд гарч байсан. 2011 онд уг сэтгүүлд Монгол улсын ДНБ ний хэмжээ дөнгөж 5 тэрбум дол байхад эрдэс баялагийн үнэ 1.2 их наяд ам.доллар байна гэсэн мэдээлэл бас гарч байсан.
Монголын эдийн засгийн хөгжлийн хурд сүүлийн 6 жилд дундажаар 8.6 хувь байсан. 2020 гэхэд 2008 онтой харьцуулбал эдийн засгийн хэмжээ 14 дахин их буюу 67 тэрбум ам.доллартай тэнцэх болно гэж 2009 онд шуугиж байлаа.
2020 онд төлөвлөснөөр манай эдийн засаг 40.7 их наяд төгрөг буюу ам доллорт шилжүүлсэнээр 14,0 тэрбум орчим ам дол хүрэх төлөвтэй.
Монгол улсын хөгжлийн потенциал асар өндөр. Тэд байж болох боломжийг тооцож хэлсэн байх. Харамсалтай нь бид жалган дотроо байлдаж, улс төржсөөр баялагийн менежментээ маш муу хийж, бие биедээ цэцэрхсээр, ирээдүйн хөгжлөө баталгаатай болгож чадсангүй. Бид 21 дүгээр зуунд амьдарч байна. Энэ зууныхаа бизнесийн дүрмээр тоглож, ажиллаж, амьдрах шаардлагатай.
Тэр дүрэм нь хамгийн шилдэг баялагийн менежмент, гадаад дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаа, үнэт цаас гаргах замаар хөрөнгө босгох, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон асуудлууд орно.
2019 оны 11 дүгээр сарын байдлаар Монгол улсад 2889 хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үлдсэн 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл. Ашиглалтын тусгай зөвшөөрөлөөс 566 нь алтны, нүүрсний 296, жоншны 186, төмрийн хүдрийнх 77 гээд үргэлжилнэ. Мөн газрын ховор элемент, молибден гээд зөвшөөрөлүүд бий. Саяхан Засгийн газраас шалгалт хийгээд алдаа дутагдлыг засуулах, баримтлах чиглэлээ тодорхой болгосон тогтоол гаргасан.
Социолизмын үед улсын төсвөөр хайгуул хийж илрүүлсэн бүх ордыг мэдээлэлд ойр байсан болон тэдэнтэй холбоотой хүмүүс авчихсан нь үнэн. Авчихсан мөртлөө ашигладаггүй, дараад хэвтээд байдаг нь бас үнэн. Авсан бол ашиглаж авдагаа аваад, улсад өгдөгөө өгөх хэрэгтэй шт дээ.
АМХЭГ-ийн 2019 оны судалгаагаар 1200 орчим лицензүүд гадны компаниудад байна. Люксэнбургийн “КьюЖиЭкс Монгол” гэх компан 165 лицензитэй. Нидерландын “Сентеррагоулд” 153 лицензтэй. Японы иргэний эзэмшилтэй “Адамасмайнинг” 220 лицензтэй. Үүнээс ашиглаж байгаа юм алга. Зарим нь худалдах сонирхолтой. Энэ лицензүүдийг Монголд үйлчилж буй хуулийн дагуу л тэд авсан байх. Тэр утгаар тэднийг буруутгах гээгүй. Эндээс Монгол төрийн бодлого нь алдаатай, алдаан дээрээсээ сургамж авдаггүй, баялагийн менежмент нь буруу Монгол орон эзэнгүй гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм. Монголын төр Монголчууд эх орондоо эзэн болж чадсан цагт Монгол улс хөгжинө.
Хөгжлийн байгууллагын судалгаагаар дэлхийн тэргүүн баячууд насанд хүрэгчдийн 1 хувьтай тэнцүү бөгөөд дэлхийн нийт баялагийн 40 хувийг эзэмшиж байна гэсэн тоо байдаг. Энэ нь капиталист нийгмийн хувийн өмч, түүний өмчлөл, өв залгамжлал гээд олон зуун жилийн хөгжилтэй холбоотой. Манай улсын хувьд өөр. Бид 1990 оны эхэнд зах зээлийн нийгэмд шилжихдээ бүгд өмчгүй байлаа. Үндсэн хуулиндаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гээд заачихсан. Өнгөрсөн 30-аад жилд ард түмний мэдэлд байдаг байгалийн баялагийн ашиглах эрхийг зарах, бусадтай хамтарч ашиглах замаар цөөн хэдэн гэр бүлийн амьдрал сайжирч, олонхи нь ядуурсан. Хөгжлийн ийм зам, загвар бидэнд хэрэггүй. Манай хөгжлийн загвар нь баялагийн хувиарлалтын маш сайн, олонхийг хамрах бодлоготой байх шаардлагатай. Тийм загварууд байна. Өнгөрсөн хугацаанд Монголын төр нийтийн болон хувийн эрх ашгийн тэнцвэрийг хангаж ажиллаж чадсангүй. Бид хувийн эрх ашиг, хувийн сонирхлыг голлон дэмжиж ирсэн нь хөгжлийн тэнцвэртэй байдал алдагдаж, баян ядуугийн ялгаа гаарах хөрс суурь нь болсон. Өнөөдөр улс орны хөгжилд нийгэм, эдийн засгийн олон хурц асуудлууд тулгарч байна. Үүнийг хувийн хэвшил давамгайлсан манай өнөөдрийн эдийн засаг шийдэх боломжгүй. Үүнд л хамаг учир байгаа юм. Иймд хөгжлийн шинэ загварын асуудлыг гаргаж тавих шаардлага аль эрт үүссэн.
Манай уул уурхайн салбарын томоохон, стратегийн том ордууд дээр хувьцаат компани, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хувийн хэвшилийн, зарим онцлог салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл давамгайлсан холимог эдийн засгийн бодлого, загварыг ирэх 10 жилд хэрэгжүүлбэл зохино. Холимог эдийн засаг амжилттай хэрэгжих нөхцөл болох хувийн болон улсын секторын тэнцвэржилтийг төр хангаж чаддаг байх шаардлага тавигдана. Энэ бодлого, загварын хэрэгжилт, үр нөлөөг тооцож, алдааг засаж, ололтыг бататгаж, цаашид хөгжүүлэх арга замыг тодорхойлж байх нь зүйтэй. Мөнхийн зөв, мөнхийн буруу зүйл гэж байдаггүй.
Баялагийн менежмент нь буруу бол баялаг хүссэн үр дүнг авч ирдэггүй нь үнэн. Байгалийн баялагтай орнуудад нийтлэг тохиолддог шинж бол Засгийн газрын зардал нэмэгдэж, толгой нь данхайж, авилга нэмэгдэх хөрс суурь болдог. Төсвийн мөнгийг хөрөнгө оруулалтын эрх ашгийн эрэмбээр биш, үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа жишээ олон байна. Хөрөнгө оруулалтыг хариуцлагатай болгоход улс орны эрх ашгийн эрэмбэ дээр суурилсан, төсвийн зөв төлөвлөлт, хэрэгжилт, хяналт хэрэгтэй.
Голланд өвчин гэдэг нь баялагийн орлого нь эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлсэнээс үүссэн нэр томъёо. Гадаад валют их хэмжээгээр нийлүүлэгдсэнээр үндэсний валют чангарна. Энэ чангаралт нь уул уурхайн бус үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг бууруулж, экспортод сөргөөр нөлөөлж эдийн засгийн тэнцвэрийг алдуулж хөгжилд эрсдэл нэмэгддэг. 1960-аад онд Голланд улсад нефть, хийн олборлолт эхэлснээс хойш үйлдвэрлэлийн салбар уналтад орж, эдийн засагт үүссэн таагүй үзэгдлийг “Голланд өвчин” гэж олон улсад нэрлэх болсон. Байгалийн баялаг ихтэй хөгжиж буй орнуудын хөгжлийг харахад Голланд өвчинд өртөх магадлал өндөр байна.
Голланд улсад тухайн үед баялагаас их хэмжээний мөнгө орж ирсэнээс үндэсний мөнгөн тэмдэгт нь чангарч, уул уурхайн бус салбар хөгжих боломжгүй нөхцөл үүссэн байдаг. Манайд бол баялагийн мөнгө их хэмжээгээр бус бага орж ирсэнээр үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж, инфляци өндөр болж, уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл зогссон, ажилгүйдэл, ядуурал ихэссэн шинж тэмдэгээр илэрч байна. Үүнийг Голланд өвчний нэг төрөлд хамруулж болох боловч “Баялагийн хараал” гэх нэр томъёонд илүү ойр жишээ. Голланд өвний шинж тэмдэг илэрвэл эдгээх аргууд байдаг. Үүнд валютын ханшийн бодит түвшинийг тогтоож, хянах, уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг төр, засгаас авч хэрэгжүүлэх. Эмчилгээний гол арга нь гадаад валютын урсгалыг хянах гэж үздэг.
Ийм нэр томьёог байгалийн их баялагтаа мөртлөө ядуу амьдардаг, баялагаас олсон орлогоо хүртээмжтэй зөв зарцуулж чадаагүйгээс эдийн засгийн болон улс төрийн хямрал нүүрлэсэн орны талаар бичихдээ ашигладаг нэр томьёо. Улс орон хичнээн их нөөц баялагтай байна, тэр хэмжээгээр баялагийн олборлолтын орлогоос хамааралтай болж, хүний хөгжлийн индекс нь доогуур үзүүлэлттэй байдагийг тайлбарлахад бэрх. Баян ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг холдож, эцэстээ эвлэршгүй дайсагнал, улс төрийн тогтворгүй байдал, иргэний дайнд хүргэдэг жишээ хүн төрлөгтөний түүхэнд олон. “Баялагаас олсон орлогыг цөөн хүмүүс хүртэж, хөгжил дэвшил зогсож, баялаг нь хүссэн үр дүн авчрахгүй байхыг баялагийн хараал хүрэх” гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ ийм хараал байхгүй. Авилгач, баялагийн хулгайч нар өөрсдийн хийсэн нүгэлийг цайруулах гэж гаргасан нэр томьёо гэж үздэг.
Баялагийн менежментийн Африкийн жишээ олон оронд сургамжтай гэж үздэг. Бид баялагаа муу ашиглавал хэдэн жилийн дараа баялагийн менежментийн муу жишээ Монгол гэж яригдаж болзошгүй.
Баялагтай орон бүрт баялагийн хараал хүрдэг үү гэвэл тийм биш юм. Австрали, Канад, Норвегид ардчилсан, сайн институцууд баялаг илрэхээс өмнө оршин тогтнож, авилгаас нийгэм, улс төрийг ангид байлгаж чадсан учраас энэхүү гунигт түүх давтагдаагүй. Эдгээр орнуудад ардчилсан институцууд засгийн газрыг авч хэрэгжүүлсэн алхам бүрт хариуцлагатай байлгаж чадсан байдаг.
Баялаг хүссэн хөгжлийг яагаад авч ирдэггүй талаар судлаачид авч үзээд 3 шалтгаан байдагийг тогтоожээ. 1.Их баялаг гэнэт илрэх нь нийгэмийн сэтгэл зүйд нөлөөлж, зөвхөн тэр салбарт бүх анхаарлаа тавьж, бусдыг хаясанаар “Голланд өвчин” үүсэхэд хүргэдэг. 2.Баялагаас олж байгаа орлого нь бусад салбарын үйдвэрлэлийг хааж, өрсөлдөх чадварыг бууруулдаг. 3.Гол нэрийн барааны үнэ тогтворгүй болж, эдийн засгийн өсөлт бууралт нь тооцоогүй хөрөнгө оруулалт, үр ашиггүй зарцуулалтаас хамааран мөчлөгийн шинжтэй болж ирдэг.
Баялагаас олсон орлого олон сувгаар засаглал, төрийн институцийг доройтуулдаг нь судалгаагаар тогтоодсон байдаг. Ингэж баялаг эзэддээ хор хохирол авч ирж, улс орныг нь ангал руу түлхдэг. Байгалийн их баялагтай орнуудын ихэнх нь өмнө үедээ колони байж, аж үйлдвэржсэн орнууд тэдний баялагийг зөөж хөгжсөн нь түүхийн хуудаснаа үлдсэн байдаг. Энэ түүх одоо ч үргэлжилж байна.
Баялаг ихтэй орнуудын хөгжил дэвшлийн гол суурь нь сайн засаглал юм. Монголд сайн засаглал тогтохгүй бол эдийн засагчдын хэлдгээр бид “Түрээсийн улс” болж хувирна. Энэ нь хүч, хөдөлмөр гаргаагүй мөртлөө мөнгө олж, амьдарч болоод байдаг гэсэн үг. Ийм засаглалтай улс оронд бүх юмыг үнэгүй олж авч сурдаг. Бидэнд хөгжлийн сайн бодлого, оновчтой зөв төрийн зохицуулалт, сахилга, дэг журам юу юунаас илүү чухал байна. Тони Блейрын санаачилсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд ашигт малтмал, түүхий эдийн арилжаанд оролцогч бизнесийн үйл ажилгаагаа ил тод явуулах ёстой. Жорж Соросын санаачилсан баялагийн төлбөрийг ил тод болгох, иргэний хяналт, ил тод байдлыг уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарт жинхэнэ утгаар нь бий болгох хэрэгтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна