У.Хүрэлсүх: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэхэд анхаарна

Zuv.mn
2023/10/09

Монголын эдийн засгийг тулж, түшдэг уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хуваалцах “Mining Week-2023” нэгдсэн арга хэмжээ “Шангри-Ла Улаанбаатар” цогцолборт өнөөдөр эхэллээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ жилийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байна.

Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хүргэх, шинэ төслүүдийг танилцуулах, тэрчлэн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаар тандах, салбарын чөдөр тушаа болсон асуудлаа ний нуугүй хоорондоо ярилцах, хэлэлцэх, тал бүрээс нь уудлах, цаашдын хөгжлийг зураглах, гарц, шийдэл рүү зорих нь тус арга хэмжээний зорилго.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, “Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулах, удаан хугацааны түнш байх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллах болно” хэмээн онцолсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад уриалсан юм. Засгийн газар урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байгааг салбарын сайд тодотгов.


Хөрөнгө оруулалтыг тодотгох өнөө жилийн “Mining Week”-ийн онцлох зочин нь “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд байлаа. Түүний хувьд Оюутолгой тэргүүтэй дэлхийд тэргүүлэх зэсийн том ордуудыг нээн илрүүлсэн.

Уул уурхайн салбарт гарсан томоохон дэвшлүүдийн нэг нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль юм. Нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс тэргүүтэй экспортын голлох бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаар буюу биржээр арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн нь маш олон давуу талыг бий болгоод байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өдгөө 7.5 сая тонн нүүрс, 100 гаруй мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжаалаад байна. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах уул уурхайн биржийн тогтолцоо нь экспортын худалдаа ил тод, шударга, шилэн, дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалах боломжийг бүрдүүлж байна.

Монголын эдийн засгийн гол хөшүүрэг уул уурхайн салбарт эрх зүйн шинэчлэл үргэлжилсээр. Тодруулбал, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийт, оролцогч талуудын түвшинд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал хүсэлт авах, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсох үйл явц өрнөж байна. Энэ жилийн “Уул уурхайн 7 хоног” хөрөнгө оруулалтаас гадна ил тод, хариуцлагатай уул уурхайг чухалчлан авч үзсэн юм.

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг нэмэгдүүлэх, хатуу хучилттай авто зам тавих, дэд бүтэц, логистикийг сайжруулах, төмөр замын сүлжээг өргөтгөх, уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн чуулга уулзалтаар Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар, Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл, Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр, Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчны талаар Засгийн газар болон хувийн хэвшлийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлж, “Салбар хоорондын уялдаа” сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл нар оролцоно.

Монгол Улсад хөрөнгө оруулалт татах гол салбаруудад нь ашигт малтмалын хайгуул, уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолтын төслүүд хэвээр байна. Уул уурхайн салбараас гадна үйлчилгээний салбар тэр дундаа худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, банк санхүү болон тээврийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж байна.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 23.6 хувь, төсвийн орлогын 24.8 хувь, нийт экспортын 93.7 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг уул уурхай, олборлох салбар дангаар бүрдүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна