Ц.Бат-Энх: Манай “Спорт” гэдэг салбарт оролцож байгаа хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээ нь дээд зэрэгтэй хөгжсөн

Х.Батсайхан
2023/10/26

"Улаанбаатар спорт менежмент” компанийн ерөнхий зохион байгуулалтын газрын захирал, Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхтэй ярилцлаа.

Манай улсад биеийн тамир, спортын салбарын хөгжил яг ямар замаар яваад байна вэ. Дахиад урагшлах зай үлдсэн үү. Одоо байгаа тогтолцоонд спортыг илүү хөгжүүлэх нөөц боломж байна уу, эсвэл шавхагдаж дууссан уу гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?

Салбарын өнөөгийн байдлыг ярья гэвэл асуудал их бий. Спортын холбоод засаглалын, төрийн байгууллага нь бүтэц, тогтолцооны хувьд хямралд орсон байна.  Шууд ярихаар шүүмжилсэн, салбараа доош нь хийсэн болох гээд байдаг. Би бол бусад шиг сошиал дээр юм бичээд, сэвээд байдаг “амьтан” биш. Судалж боловсруулан оюун дүгнэлт хийгээд “Ийм байгаасай, тийм байгаасай” гэсэндээ спортын менежментийн асуудлаар санал санаачилга гаргадаг. Ямар сайндаа л хэрээ мэдэхгүй МҮОХ-ны ерөнхийлөгчид хоёр удаа нэр дэвших вэ дээ. Даанч бодлого шийдэл хардаг биш, “хайрцагны” сонгууль явчихаад байх юм.

Тэгвэл хоёулаа салбарын өнөөдрийн байдал, илүү хөгжүүлж болох гарцын талаар ярилцья?

Миний хувьд, спортын салбарыг шинэчлэхийн тулд соён гэгээрүүлэх, ойлгуулах ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрчихээд байна л даа. Сүүлийн 30 жилд Монголын спортын салбар дан ганц амжилтын төлөө л явчихаж. Гэтэл төрийн байгууллагын тогтолцоо нь социализмын үеийнхээрээ. Спорт холбоод нь Төрийн бус байгууллагын хуулиар зохицуулагдаж байгаа гэх боловч сүүлийн үед гэр бүлийн, өв залгамжлалын шинжтэй болж засаглалын хямралд орчихсон. Дээрээс нь нэмээд манай “Спорт” гэдэг салбарт оролцож байгаа, энд орж амьдарч байгаа хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээ нь дээд зэрэгтэй хөгжсөн. Хэн мөнгөтэй хүнээр холбооны дарга тавьж, тэр хүний мөнгийг хэдэн жил авч ашигладаг. Гэтэл мөнгө гэдэг хязгаарлагдмал нөөц учраас дуусна шүү дээ. 

Бизнесмэн бол бизнес нь амжилтгүй болно, улстөрч бол нам нь ялахгүй бол тендертээ ялж чадахгүй гээд сонгуульт хугацаандаа амласан мөнгөө өгч чадахгүй тохиолдол гарна. Тэгэнгүүт л нөгөөхөө “харамч п...”-гээр нь дуудаад, хараагаад, дараагийн мөнгө өгөх хүний эрэлд гараад, ингээд л 30 жил явчихаж. 

Дээрээс нь энэ спорт гэдэг юмыг “Бизнес юм аа” гэж хэн ч хардаггүй. Хийх гэж хичээгээгүй. Улсын төсвийн мөнгө юм уу, хэн нэг бизнесмэн, УИХ-ын гишүүний мөнгөөр амьдардаг бүлэглэл бий болоод л явчихсан. Үүнд миний оруулсан хувь нэмэр ч их байх гээд байна. 

Манай волейболын спортоор жишээ татахад, мундаг тамирчид аймгийн аваргад нисэж очоод 500000 төгрөгөөр тоглодог боллоо шүү дээ. Яагаад гэхээр, аймгийн үзэгчид, тамирчид тэр мундаг одыг үзэх гээд, эрэлт бий болчихсон байна. Гэхдээ арилжааны, лицензийн системийг нэг холбоо дангаар хөгжүүлэхэд хэцүү юм билээ. 

Спорт гэдэг маань өөрөө том брэнд. Одоохондоо үнэгүй байгаа учраас монголчууд мэдрэхгүй яваад байна гэж хардаг. Хэтэрхий хатуу санаа байж магадгүй, гэхдээ спортын холбоод нэгдээд, тэмцээн уралдааны мэдээллийг олон нийтэд цацахгүй хэсэг хугацаа өнгөрч, иргэдэд спорт үзэх хэрэгцээг нь үүсгэж байгаад харьцвал арай өөр байх юм болов уу гэж боддог юм.

 Манайд спортын тэмцээн, уралдааныг телевизээр дамжуулдаг тогтолцоо нь бас урвуу. Би волейболын холбоонд байхдаа тэмцээнээ телевизээр гаргах гэж мөнгө төлдөг байсан. Дэлхийн жишиг бол телевиз тэмцээн уралдаан шууд дамжуулах эрхээ худалдаж авдаг. 

Олимпын наадам яагаад ийм нэр хүндтэй, олон нийтийг хамарч чадаж байна вэ гэхээр, NBC гэсэн нэг том медиа агентлаг шууд дамжуулах эрхийг аваад цааш нь жижиглэнгээр зардаг, бизнес болчихсон. Тэндээс ашгаа ч олдог, олон нийтэд хүртээмжтэй байлгаж ч чадаж байгаа. Гэтэл Монголд тийм биш. Хамгийн наад захын жишээ ярья. Хэдэн компани Спортын төв ордны захиргаатай гэрээ хийгээд өөрсдийнхөө сурталчилгааг жилээр нь байршуулчихдаг. 

Би заалыг нь түрээслэх гээд өөр нэг компаниас ч юм уу, хоёр айлаас мөнгө авч, телевиздээ мөнгө төлчихөөд байхад надад мөнгө өгсөн хүний сурталчилгаа гарах боломжгүй, төр түрүүлээд гэрээ хийчихсэн байх жишээтэй. Өнөөдөр СТО-д тэмцээн уралдаан болоход холбоодын биш, төрийн таалсан брэндийн лого гарч байна. Нарийн яривал энэ бол зохиогчийн эрхтэй холбоотой асуудал, жинхэнэ мөнгө болоод явдаг. Гэтэл тэнд өмссөн тамирчны хувцас дээр ямар компанийн лого байна вэ гэдэгт хэн ч санаа тавьдаггүй. 

Компаниуд тэмцээнийг яах гэж ивээн тэтгэдэг вэ гэвэл, телевизэд шторкны мөнгө өгснөөс бага зардлаар маш урт хугацаанд тухайн брэндийг дэлгэцээр үзэгчдэд хоногшуулж байгаа л арга шүү дээ. Спортын маркетинг, телевизийн ашиг олох арга ердөө энэ. Гэтэл Монголд үүнийг ямар ч телевиз, спортын холбоо анхаардаггүй.

Телевизүүд тэмцээн уралдаан шууд дамжуулалтад зориулж төсөв ч гаргадаггүй байх...?

 Тийм, төсөв ч тавигддаггүй. Сая чиний хэлдгээр явья гэж бодъё. Гэтэл нэгдэх чадвар монголчуудад байгаа юу гэвэл байхгүй шүү дээ. Монголын хувийн телевизүүд дэлхийн том контентыг авах гэж бие, биенээсээ өрсөж байгаад үнийг нь хадаагаад хаячихсан. Нийлж байгаад “мяалаад” хямдхан авах хөлбөмбөгийн эрхийг өрсөлдөж байгаад нэг нь өндөр үнээр авдаг. Сая “Токио 2020” олимпын үеэр МҮОНТ ямар хөөрхийлөлтэй байв. Олимпын наадам болж байхад нэг ч мэдээ байхгүй, сумын хэмжээний уралдаан гаргачихсан. 

Яг наад санаатай чинь холбоотой түүх ярихад, “Ийгл” телевиз Том Терригийн үед бүх спорт холбоодтой 250 000 төгрөгөөр бүтэн жилийн гэрээ хийж байсан юм. “Өөр ямар ч телевизэд битгий өг, зөвхөн “Ийгл”-д л өг” гэсэн утгатай гэрээ. Ер нь бол агуулга нь зөв. Гэхдээ тэр үед би ганцаараа гэрээ хийгээгүй үлдсэн. МҮОНТ-ийн “Чандмань” студийнхэн уйлаад ирж байлаа шд. “Хөлбөмбөгийн холбоо, Үндэсний бөхийн холбоо “Ийгл”-тэй гэрээ хийчихсэн, та нарт мэдээгээ өгөхгүй гэж байна” гээд. 

Миний татгалзсан шалтгаан юу байсан гэхээр, нэгд, би 250 000 төгрөгийг нь 750 000 төгрөг болтол нь “унжсан”. Хоёрдугаарт би тэр үед Волейболын холбооныхоо салбар зөвлөлийг Монгол Улсынхаа бүх аймагт байгуулчихсан, 330 суманд тэмцээн уралдаанаа зохиодог болчихсон байсан учраас “Ийгл” телевизтэй гэрээ хийснээс мөнгөгүй ч гэсэн волейбол тоглож байгаа 15 секундын дүрс МҮОНТ-ээр орон даяар цацаж байх нь надад хэрэгтэй байна гэдэг байр суурийн үүднээс би ганцаараа гэрээ хийлгүй хоцорч байсан тал бий. 

Магадгүй, тухайн үед “Ийгл”-ийн тэр төсөл хэрэгжээд явчихсан бол өнөөдөр телевизүүд спортод хөрөнгө гаргадаг, спорт холбоод баян ч байх байсан юм бил үү гэж хааяа боддог л юм.

Үнэндээ спортын салбарт сэтгэл зүрхээ зориулаад ажиллаж байгаа хүмүүс амжилт гаргасан гаргаагүйгээс үл хамааран амьдрал нь хангалуун, ирээдүй нь баталгаатай, хичээллэж байгаа хүмүүс нь урам зоригтой нийтийн биеийн тамир гэдэг утгаар олон нийтийг хамарсан байлгах л гол зорилго шүү дээ. Олимпын амжилт яах вэ тэртэй тэргүй улс орны хөгжлийн түвшнээ дагаад гарч ирдэг хойно... Улс хөгжөөгүй байхад тэнд худлаа өндөр дүн үзүүлэх гэж зүтгээд яах вэ гэж боддог юм?

Би түрүүнд ярьсан тогтолцоо гэдэг сэдэв наад асуултын чинь суурь юм. Өнөөдөр спортын салбарыг хариуцдаг төрийн байгууллага нь социализмын үеийнхээрээ байна. Яагаад ингэж хэлж байна вэ, гэхээр, аймаг, дүүрэг болгонд Биеийн тамир спортын хороо гээд захиргааны ч юм шиг, үйлчилгээний ч юм шиг тодорхой бус статустай нэг, нэг нэгж байна. Сүүлийн үед даргаар нь улс төрийн томилгоогоор, цүнх барьсан нөхөд тавигддаг болсон. 20 гаруй хүний орон тоотой бүтэц. Гэхдээ яг өнгийгөөд харахаар, санхүүжилт, бүтэц зохион байгуулалтын хэлбэр нь үндсэн зорилготойгоо зөрчилдчихсөн. 

Орон тооны ихэнхийг нь манаач, цэвэрлэгч гэх мэт аж ахуйн ажилтнууд эзэлдэг. Ихдээ л тухайн орон нутагт хөгжсөн 2-3 спортын төрлөөр дасгалжуулагч ажиллуулдаг, нэг арга зүйчтэй. Жилийн төсвийн ихэнх нь халаалт, дулаан гэх мэт урсгал зардалд явж, яг тэмцээн уралдаан зохион байгуулахад 10, 20-хон сая төгрөг үлддэг байх жишээтэй. Хүн амын бие бялдрын хөгжил, эрүүл мэндэд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг нь багийн спорт байдаг. Гэтэл багийн спортыг хөгжүүлэх сонирхолгүй, холбооноос тэмцээн уралдаан хийх хүсэлт тавихаар хүлээж авах сонирхол бага. 

Волейболоор улсын аварга боллоо гэхэд нэг л медаль гэж тооцогдоно, арван хэдэн таваг хоол иднэ. Тэрний оронд 10 бөх бэлтгэл хийлгээд 10 медаль авахуулчихвал ажлын үзүүлэлтэд хэрэгтэй гэж сэтгэнэ. Цаад систем, ажлын үзүүлэлт тооцох тогтолцоо нь яах аргагүй ийм байдал руу түлхээд байна. 

Зөв гольдрилд оруулахын тулд яах ёстой вэ?

Ер нь спорт холбоод ч гэлтгүй, аливаа нэгдэл өөрийн үүсгэл санаачилгаараа явж байж л оршин тогтнодог жамтай. Хүчээр хэрэгжүүлсэн юм ерөөсөө хөгждөггүй. Би Волейболын холбоог авсан 1995 оноос тор, бөмбөгөө үүрээд, бүх нүүдэл хотыг чиглэж байхад ганцаараа Улаанбаатараас хөдөө рүү 10 жил явсан байхгүй юу. Тэрний хүчинд одоо сум болгон волейболын секцтэй, сум болгонд волейбол тоглодог болчихсон. Түүнээс биш “Би Азийн аварга авна”, “Би дэлхийн аварга авна” гэж “попорч” чадахгүй. Гэхдээ дурын суманд очиход волейболын секц ажилладаг, хүүхдүүд тоглож байдаг л болсон. Энэ хөгжил юм уу, сөнөлт, ухралт юм уу гэдгийг хүмүүс ойлгодог байх ёстой.  

Хүмүүс шинэчлэл их ярьдаг ч тодорхой гарц, гаргалгаа ярьдаггүй шүү дээ. Танд тодорхой хувилбар байна уу?

Шинэчилье, дүрэм болохгүй байна энэ тэр гэхээсээ өмнө асуудал юунд байна вэ гэдгийг эхлээд тодорхойлох ёстой. 

Яг юунаас эхлэх вэ гэдгээ юу?

Тийм. Бидний одоогийн байдал яг ямар байгаа юм, болоод байгаа юм уу, болохгүй байна уу гэж. Хэн нэгнийг шүүмжлэхдээ гол нь биш. Бид асуудлаа зөв олж, гарах гарцаа олж байж дараагийн алхам явахаас биш нэг их мэдэгч, нэг гадаадад төгссөн нөхөр орж ирээд сайхан болгоод байдаг юм биш. Спорт ч гэлтгүй, аль ч салбарт гадаадад суралцаж ирсэн нөхдүүд орж ирчихээд “Манай АНУ-д ингэдэг, Англид ингэдэг” гээд юм яриад байдаг. Гэтэл тэр Англи гэдэг улс чинь нэг тогтолцоогоороо хэдэн зуун жил, ямар түүх дамжиж байж энэ хүмүүсийнх нь ойлголт, ухамсар төлөвшил энэ түвшинд хүрсэн юм бэ гэдэг асуудлыг хэн ч, хэзээ ч ярьдаггүй...

Аливаа шинэчлэл, өөрчлөлтийг хийхийн тулд иргэдийнхээ “тархины түгжээ”-г мултлах ёстой гэж үү?

Яг үнэн. Бидний өөрсдийн суурь, потенциаль ямар түвшинд байгаа юм бэ гэдгээ тодорхойлох ёстой байхгүй юу. Манайхан тоон дээр ажиллах, нарийн тооцоо судалгаа хийж, ул суурьтай үндэслэлүүд гаргаж ирэх, боловсруулж арга зам, хувилбаруудыг гаргаж ирэхдээ тааруу. Яах вэ, Англи, Америкийн сайн туршлагыг авч болно л доо, үгүйсгээгүй. Шууд авчраад наах гэж гэж оролдоод байгаа нь л асуудал гэж би хэлээд байгаа юм. 

Гэрэл зургийг MPA

Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө спорт клубт очоод, 100 000 төгрөг төлөөд хичээллэх хүн өнөөдөр Монголд яг хэд байгаа юм бэ. Барууны нийгэмд хэд байдаг юм бэ. Дуртай спортынх нь тэмцээн уралдаан болж байхад ордонд нь очоод тасалбараа хэл үггүй аваад үздэг үзэгч хэд байгаа юм бэ гэдэг чинь асуудал. Спортыг хөгжүүлэхдээ үзэгчээ, өөрөөр хэлбэл иргэдээ давхар хөгжүүлж байх ёстой.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна