УКРАИНЫ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭР: В.Зелинськийн “өөрчилсөн” төлөвлөгөөг В.Путин хүлээж аваагүй юу

Zuv.mn
36 минутын өмнө

АНУ-ын төлөөлөгч Стив Уиткофф, Д.Трампын хүргэн Ж.Кушнер нар өчигдөр Москвад Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, АНУ-ын санаачилсан, Украинд энхтайван тогтоох 28 зүйлт төлөвлөгөөний Украинтай хамтарч боловсруулсан хувилбарыг хэлэлцэх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Уг уулзалт өчигдөр Кремльд болж, таван цаг гаруй үргэлжилжээ. Улмаар дуусаж, С.Уиткофф тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчдийг суулгасан онгоц Москвагаас нисэж одсон байна. Үр дүнгийн тухайд, одоогоор тодорхой мэдээлэл гараагүй ч газар дээр ажилласан сэтгүүлч нар гол зорилго болох Украинд энхтайван тогтох асуудалд нааштай ахиц гараагүй гэсэн мэдээллийг тус, тусынхаа редакцид илгээж байна.

ВВС агентлагийн Европ дахь сурвалжлагч Лаура Гоцци “Кремльд өнгөрүүлсэн таван цаг ямар ч үр дүн вчирсангүй” гэсэн бол мөн агентлагийн Москва дахь сурвалжлагч Элизабет Фохт “Украины дайны төгсгөл ойртсонгүй” гэсэн байна.

Бусад агентлагуудад тавигдсан мэдээллээс ч харсан, Украинд энхтайван тогтоох ажил идэвхитэй үргэлжилж байгаа ч үр дүнгийн хувьд бүх зүйл ОХУ-аас шалтгаална гэсэн хүлээлт тайлагдаагүй хэвээр байгааг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна.

Вашингтон, Киевийн тухайд аль, аль нь талууд асуудалд нухацтай хандаж, ахицтай байгааг хүлээн зөвшөөрч буй ч Украины Ерөнхийлөгч В.Зелинський зарим асуудал, ялангуяа газар нутаг шилжүүлэхтэй холбоотой асуудал маш хүнд байгааг мэдэгдэл болгондоо хавчуулж байгаа юм. Одоогоор Украин улс ОХУ-ын хяналтад байгаа газр нутгийнхаа талаар хүлээн зөвшөөрсөн мэдпэгдлийг нэг ч удаа хийгээгүй хэвээр.

Хэлэлцээрт шууд оролцоогүй ч Украинтай нягт холбоотой буй Европын холбоо мөн энхийн хэлэлцээрийг өөрсдийнх нь оролцоог хангаж явуулах ёстойг байнга сануулсан байдалтай байна. Харин В.Путин энхийн төлөвлөгөөг зөвхөн Д.Трампын засаг захиргаатай л хийнэ, Европын улсуудыг оролцуулахгүй гэдэг байр сууринд хатуу зогсож байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.163
    39 минутын өмнө

    Зөв Орос АНУ хоёр л энхтайван тогтооно бусад нь цаашаа

    Хариулах