-С.Баяргүй сонсгол сонсгол биш-
Монголчууд Нийтийн сонсголын тухай хууль баталж, мэдэх эрхээ хуулиар баталгаажуулснаас хойших хамгийн чухал сонсгол ердөө тав хоногийн дараа эхлэх гэж байна.
УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороо нь Оюутолгойн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 8-12-нд товлож, тус сонсголд 300 гаруй гэрчийг дуудсан билээ. Гэрчүүдийн дотор тухайн үеийн албан тушаалаар Монгол Улсын гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, УИХ-ын 39 гишүүн, Засгийн газрын 25 сайд болон бусад холбогдох албан тушаалтан, иргэд байгааг хэвлэл мэдээллээр нээлттэй мэдээлж байна.
Дуудагдаагүй хүмүүс ч оролцох хүсэлтээ илэрхийлж байгаа нь “Оюутолгойн сонсгол” олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаагийн илэрхийлэл мөн. Монгол Улс ардчиллын замыг сонгосноос хойших 35 жилд хөдөлгөж чадсан цорын ганц дорвитой төслөө алдагдалтай, нууц байдлаар хөдөлгөснийхөө горыг бид бишгүй амсаж яваа. Магадгүй, сонсголын үр дүнд ил тод байдал бий болж, хардлагаас үүдэлтэй хор хохирлоо дахиж амсахгүй байх найдлагыг тээж буй нь ард түмний буруу биш.
“Оюутолгой”-н нээлттэй бус байдлаас болоод хардлагад өртөж хохирч байсан улстөрчид, хаалганы цаадахыг нь гадарлах хүмүүс ч гэрчээр оролцож мэддэгээ хэлье гэж байгаа нь ард түмнийхээ мэдэх эрхийг хүндэтгэж байгаа нэг хэлбэр мөн.
Гэтэл гэрээ байгуулах үед Ерөнхий сайд байсан С.Баяр сонсголд оролцохгүй гэж мэдэгдсэн нь огт байж болшгүй үйлдэл юм.
Хяналтын сонгол бол хуулийн дагуу зохион байгуулагддаг, иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болохоос шүүх хурал биш. Хэн нэгнийг яллах нь сонсголын гол зорилго биш, байгаа юмыг байгаагаар нь ойлгож, цаашид хийх алхмаа тодорхой болгох нь гол зорилго нь гэж ойлгогдож байгаа. Тийм ч учраас сонсголд зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед шууд холбоотой албан тушаал хашиж байсан хүмүүсийг уриагүй.
Оюутолгойг ард түмний аман яриа төдий байхаас нь бөөцийлж өдий зэрэгт хүргэсэн Н.Багабанди, “Айвенхоу майнз”-тай “Их өр” дарах улс төрөөсөө эхлээд “дөрөө харшуулсан” Н.Энхбаяр, ардчилсан Монгол Улсын түүхэн дэхь хамгийн том бөгөөд одоогоор цорын ганц дорвитой Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийг гэх мэтээр урьсан. Ард түмнээ мэдээлэлжүүлэхийн тулд.
Гэтэл энэ чухал гэрээг байгуулах Засгийн газрыг удирдаж байсан хүн очихоос татгалзана гэдэг байж болшгүй хэрэг юм.
МАН-ын даргын сонгуулийн үеэр яригдсан трэндээр бол С.Баяргүй Оюутолгой, Оюутолгойгүй С.Баяр гэж байхгүй. С.Баяр оролцохгүй бол сонсгол сонсгол биш болно.
Сонсголоос хүлээгдэж байгаа нэг шууд үр дүн бол Оюутолгойтой холбоотой хий хоосон хардлага, улстөржилтөөс чөлөөлөгдөх, хор хохирлыг нь дахиж амсахгүй байх явдал. Хардагдаж, хохирч явсан хүмүүсийн хувьд бол нэрээ цайруулж авах том боломж. Гэтэл энэ чухал боломжоос татгалзана гэдэг хардлагыг хэвээр үлдээж, сонсголын үр дүнд шууд нөлөөлнө.
Тиймээс Ерөнхий сайд асан С.Баяр сонголд заавал ирж, Засгийн газрыг тэргүүлж байхдаа хийсэн хамгийн бахархалтай үйл гэж өөрөө ил тод хэлдэг Оюутолгойн асуудлаар өөрт байгаа мэдээллээ өгөх үүрэгтэй.
С.Баяр ч гэлтгүй, сонсголд дуудагдсан гэрчүүд бүгд ард түмний төлөөлөл болсон УИХ-ын дуудлагыг хүндэтгэж, үнэн зөв мэдээлэл өгөх нь ёстой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна