М.Бадамсүрэн: Баруун бүс гурилын үйлдвэргүй, тариалангүй учраас энэ тогтоолийг өргөн мэдүүлсэн

С.Гандэлгэр
1 цаг 2 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийллээ.Тэрбээр "Яагаад заавал баруун бүсээр орж ирэх гурил будаа, малын тэжээлийн татварыг бууруулж байгаа юм бэ ? Бидэнд бодлогын тогтвортой байдал алга. ХХАХҮ-ийн өмнөх сайд нь татвар тэглэсэн асуудлыг хүчингүй болгоё гэж хаваржингаа явсаар батлуулсан. Одоо буцаагаад татваргүй болгоё гэх юм. Тэгэхээр татварын бодлого урт хугацаанд тогтвортой бус байна. Үүнээс газар тариалангийн салбар бизнесээ төлөвлөж чадахгүй байна" хэмээн асуусан юм. 

Хариуд нь ХХАХҮ-ийн сайд М.Бадамсүрэн "УИХ-ын 1999 оны тогтоолоор Гурил тэжээлийн татварыг уян хатан байх эрхийг Засгийн газарт олгож байгаа. Засгийн газрын тогтоолын төслийг манай яам боловсруулж байгаа. УИХ-ын чуулганаар энэ тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжсэн тохиолдолд "0" байхаар тогтоох саналыг Засгийн газарт оруулна.

Яагаад баруун бүс вэ гэвэл тэнд энэ бүс онцлогтой. Тэнд гурилын үйлдвэр байхгүй. Өндөрлөг бүс учраас тариалангийн үйл ажиллагаа бараг явагддаггүй. Мөн олон жилийн дунджаар баруун бүсийн боомтуудаар импортын гурил орж ирдэг. Тийм учраас баруун бүсийн онцлогийг харгалзан татвар тогтоох саналыг оруулж байгаа.

УИХ-ын гишүүн 67 гишүүн Засгийн газарт саналаа ирүүлсэн. Үүний дагуу Засгийн газар тогтоолд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Нэг хэсэг нь дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барина гэж үздэг. Нөгөө хэсэг нь хямдхан гурил хэрэглэх ёстой гэж үздэг. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх явцад зөв буруу нь тодорхой болно" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна