“Араатан”, “Адгуус”-ын тулааныг шийдэж мэдэх ДӨРВӨН ТҮЛХҮҮР

Zuv.mn
1 цаг 3 минутын өмнө

Холимог тулааны “ONE Championship” холбооны холион бантан жингийн аваргын бүсний төлөө аваргын бүс эзэмшигч “Гайхамшигт жаал” /“Wonder boy”/ хочит Фабрисио Андраде, бүс горилогч, жингийн чансааны №4 “Тамлагч” /Tormentor/ хочит Баатархүүгийн Энх-Оргил нар маргааш Тайландын алдарт Люмпини /Lumpinee/ цэнгэлдэхэд нэгийгээ үзэж, нэхийгээ уралцан тулалдах гэж байна.

Тулааны хурц, дайчин арга барилаараа гайхагддаг Фабрисио Андрадег “Араатан” гэж шагших нь бий. “Physical Asia” шоу нь олон нийтэд цацагдсанаас хойш холбооны хамгийн хурдан алдаршиж буй тулаанч болж хувирсан манай Б.Энх-Оргилыг харин ер бусын их тэсвэр тэвчээрээр нь Австралийн алдарт паркурчин ямакаси Дом ди Томассо “Адгуус” гэж хочилсон.

Тэгвэл “ONE” холбооны албан ёсны цахим хуудаст энэ хоёр дайчин эрсийн тулааныг шийдэж болох дөрвөн “түлхүүр”-ийг дурдан нийтэлснийг уншигчдадаа хүргэж байна.

#1 Андрадегийн бие рүү чиглэсэн цохилтууд

Фабрисио Андрадегийн тулааныг харахад өрсөлдөгч нь нэрийн хуудас болсон цохилт, өшиглөлтөө мартсан мэт болж, улам, улам идэвхигүй болсоор сайн дураараа бууж өгч байгаа мэт дүр зургийг харуулдаг. Үнэндээ бол тэд өөрсдөө ялагдаж бсайгаа юм биш, харин Фабрицио тулааны эхнээс л өрсөлдөгчийнхөө их биед маш хүчтэй, хорон цохилтуудыг эгзгийг нь олж шигтгэдэгтэй холбоотой юм. Яг энэ чадвараараа олон ч тулааныг эхний үед дуусгаж байжээ.

Эхний секундээс ч ар, араасаа орж ирэх шуурган довтолгоог нь зогсоосон ч дараагийн үед тулалдах урам зориг нь мохчихсон байх нь олонтаа. Тиймээс ч эхний үед буюу шуурган довтолгооныхоо давуу талыг гаргаж байх үедээ Б.Энх-Оргилын биед олон удаа оновчтой цохиж чадвал тулааныг өөрийн талд эргүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин чадахгүй бол...

#2 Б.Энх-Оргилын барилдааны чадвар

Б.Энх-Оргил холбоонд 6-1 үзүүлэлт гаргахдаа барилдааны ур чадвараа тулаан бүртээ ашиглаж, тухай бүртээ өрсөлдөгчдөө ялагдаж байсангүй. Барилдаан түүний хувьд өрсөлдөгчөө зогсоох, өөрийн арга барил, хэмнэлдээ оруулах хамгийн найдвартай арга хэрэгсэл нь байж ирсэн.

Тиймээс Фабрисиугийн богино хугацааны гайхамшигт тэсрэлтийг нь тэсэж гарах, зогсоох найдвартай арга бол Б.Энх-Оргилын барилдаан. Барилдаан амжилттай болбол тэр өөрийнхөө арга барилаар цааш тулалдаж, ялалт авах боломжтой.

Түүний эгэл биш их хүч чадлыг /манай тамирчныг танктай зүйрлэжээ/ дэлхий даяарх дэмжигчид нь Physical: Asia нэвтрүүлгээс харсан. Тэр энэ их хүчээрээ өрсөлдөгчөө дарамталж, хүчийг нь хайр гамгүй үрэн, өөртөө хүртэл шингээж, өөрөө ч гамгүй цацдаг. Гэтэл аймшигтай энэ өрсөлдөөний дараа өрсөлдөгч нь ихэвчлэн эцэж цуцдаг бол Б.Энх-Оргилд дахиад хүч тэнхээ үлдсэн байдаг бөгөөд тэрбээр энэ хүчээ ашиглан тулааныг амжилттай дуусгадаг юм.     

Барилдаанд шилжиж, өрсөлдөгчдөө хүч чадлаа мэдрүүлэн кимура өчилт хийх нь түүний сайн чаддаг мэх. Зөвхөн кимури хийх гэж дайрдаггүй өөр зэвсгийн эрдэм ч бий гэдгийг Карло Бумина ангийг гурвалжин бололтоор “унтуулж” харуулсан.  

Хэрвээ Фабрисиог унагаж чадаж гэмээ нь тэрбээр бразил эрийн гол давуу тал болох цохилтын техникийг ажиллагаагүй болгож, улмаар тулааныг өөрийн талд эргүүлэх боломж бий.

#3 Андрадегийн зай мэдрэх авъяас

Фабрисио Андрадег аюултай болгодог чадвар бол тулааны үед өрсөлдөгчийнхөө зайг мэдрэх юм. Тэрбээр өрсөлдөгч нь ойроос цохих гэхэд холдож, холоос аюул учруулна. Холдож зайлах гэхэд дагаж ойртоод хамгийн эвтэй, хамгийн хүчтэй цохиж болох зай, байрлалыг авч, хийх ёстойгоо хийчихээд хариу өгөхийн завдалгүй аюулгүй байрлалд шилжиж орхидог. Үгүй гэхэд цохилт даах чадвар өндөр. Лантуун гарт Жон Линекерийн асар хүнд цохилтуудыг бултаж зайлалгүй давж гарсан төдийгүй ялж чадсанаараа хүлээн зөвшөөрөгдсөн юм.  

Өрсөлдөгч нь хэт ойртож гэмээ нь өвдөг, тохойн довтолгоондоо торгон мэдрэмжтэй.

#4 Баатархүүгийн Элит бэлтгэлжилт

Б.Энх-Оргилыг өрсөлдөгчөө сүйрүүлэгч, тамлагч болгодог хамгийн гол чадвар бол “Дуусашгүй шатахууны сав” /Кардио сайтай, ядардаггүй тэсвэртэй/ бөгөөд тулаан удаан үргэлжлэх тусам өрсөлдөгчдөө айдас төрүүлдэг.  

Энэхүү тасралтгүй ажиллах чадвар нь түүний тулааны хэв маягт төгс нийцдэг. Тэрбээр байнга урагш довтолж, цохилтыг шингээж, өрсөлдөгчөө хатуужил, харгис хүчээрээ бут цохидог.

Хэрэв тэр Андрадегийн эхний довтолгоог даван туулж чадвал түүний тэсвэр тэвчээр нь туршлагагүй байдлыг нь карьерынхаа хамгийн том ялалт болгон хувиргаж чадна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна