Ирэх онд Өндөр Гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдээс Италийн алдарт Боргезе музейд дэлгэн толилуулж, Италийн зураач Рафаэль, уран барималч Жан Лоренцо Бернинигийн бүтээлүүдийг Монголд дэлгэнэ.
Мөн Ватиканы алдарт нууц номын сангаас Монголын түүхтэй холбоотой бичгийн дурсгалуудыг олж, судлахаар болоод байгаа юм.
Энэ талаар “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуунаас тодрууллаа.
- Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой хүрээнд соёлын салбарт хамтарч ажиллахаар боллоо. Ватиканы нууц архивт Монголын түүхтэй холбоотой олон дурсгал бий гэгддэг. Гэрээний хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Гэгээн ширээт улсад хийсэн айлчлалаар Чингис хаан үндэсний музей тус улсын нууц номын сантай хамтарч ажиллах гэрээг байгууллаа.
Ватиканы нууц номын сан, архивт Монголын түүхийн хамгийн чухал дурсгалууд хадгалагдаж байдаг. Гурван зүйл дээрх гэрээнд тусгагдаж байгаа.
Нэгдүгээрт, Монголын түүхтэй холбоотой бичгийн дурсгалуудыг илрүүлэн олох,
Хоёрдугаарт, Монгол Улсаас судлаач нарыг Ватиканд суулгах,
Гурвдугаарт, хоёр улс хамтран ном бүтээх, эрдэм шинжилгээ судалгааны өгүүллэг хэвлэн нийтлүүлэх гэсэн чиглэл байгаа.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд анх удаа Монгол Улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага дэлхийн хамгийн том нууц номын сан, архивтай хамтран ажиллахаар боллоо.
Мөн Италийн уран зураг, баримлын музей Боргезед Өндөр Гэгээн Занабазарын бүтээлийг тавих, үзүүлэх боломжийг нээж байгаагаараа онцлогтой.
Товчхондоо энэ удаагийн айлчлалаар түүх соёлоо илрүүлэх, сэргээх, хамтран судлах ажил хийгдэнэ гэж ойлгож болно.
-Италиас хэний, ямар бүтээлийг Монголд аваачиж толилуулах вэ?
-Боргезе музейгээс 2026 оны долдугаар сард Монгол Улсад анх удаагаа Италийн уран барималч Жан Лоренцо Бернинигийн бүтээл, Рафаэлийн уран зургийг дэлгэн үзүүлэхээр тохиролцсон. Мөн Өндөр Гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдээс Италийн алдарт Боргезе музейд дэлгэн толилуулна.
-Таны хувьд Ватиканы нууц архивт орж ажилласан цорын ганц хүн. Энд Монголын түүхтэй холбоотой хичнээн баримт байгаа вэ?
-2018 онд тус нууц архивт ажилласан. Архивт Монголын түүхтэй холбоотой 10 орчим баримт бий гэгдэж байсан. Энд ажилласнаар XX зууны эхэн үе хүртэл 100 гаруй баримт байна гэсэн бүртгэл, цэсийг хийсэн юм.
Өдгөө эдгээр бүртгэл цэснээс сонгож, латин хэлний сурвалжуудыг нь хувилан авч монгол, англи хэлээр "Ватиканы нууц архив дахь монголын түүхэнд холбогдох баримт бичгүүд" гэсэн томоохон бүтээлийг туурвих ажлыг эхлүүлж байна.
-Гүег хааны захидлын эх хувь Ватиканд хадгалагдаж байгаа. Энэхүү түүхэн баримтын ач холбогдол нь юу вэ?
- Чингис, Өгөдэй, Гүег, Мөнх нарыг Монголын дөрвөн их хаан гэж нэрлэдэг. Энэ дөрвөн их хааны бичгийн дурсгал нь Гүег хааны захидал. Тус захидал дээр алдартай далай их хаан гэсэн Чингис хааны тамганы дардас байдгаараа онцлогтой.
Өөрөөр хэлбэл, Чингис хаан болон Монголын их хаадууд ямар тамга барьж байсныг гэрчлэх цорын ганц баримт. Дээрээс нь Монголчууд хүн төрөлхтөнд энх амгаланг хэрхэн тогтоосныг гэрчлэх түүхэн баримт.
-Чингис хаан үндэсний музейд Монголын түүхтэй холбоотой олон бүтээл, баримтуудыг авчрахад та багагүй хүчин чармайлт гаргаж ажилласан. Одоогийн байдлаар хичнээн түүхэн баримтыг эргүүлэн авчирсан бэ?
- Чингис хаан үндэсний музей байгуулагдсанаас хойш дэлхий дахинд хадгалагдаж байгаа Монголын эзэнт гүрэн, их хаад, ил хаад, Алтан орд, бусад улсуудтай холбоотой дурсгалуудыг хуулбарлан авах, албан ёсны зөвшөөрлийг авах ажил эрчимтэй явагдаж байгаа.
Тухайлбал, Австри, Польш, ОХУ, Гэгээн ширээт зэрэг олон улсаас авсан. Өнөөдөр дэлхий дахинд байгаа Монголын эзэн гүрэн, их хаад, харъяа буюу бүрэлдэхүүнд байсан улсуудын хаад, язгууртнуудтай холбоотой дурсгалуудыг үндсэндээ хувилж авч дуусч байна.
-Сүүлд ОХУ-аас түүхэн дурсгалт баримтуудыг хувилж авчирсан гэж дуулсан?
-ОХУ Монголын түүхтэй холбоотой хамгийн баялаг дурсгалыг хадгалж байдгаараа онцлогтой. Тэр дундаа Монголын эзэн гүрэн, Алтан улс, Хүннүгийн улс, хар хорин хоттой холбоотой дурсгалууд бий. Эдгээр дурсгалуудыг хуулбарлах ажлыг хийж дууссан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.103
Амжилт
Хариулах