Азийн зуны спортын пара наадмын гурав дахь өдөр монголчуудад тун ээлтэй байлаа. Өчигдөр манайхан нэг алт (таеквонд), гурван хүрэл (жүдо хоёр, хөнгөн атлетик нэг) медаль хүртэж, багийн чансаагаа 16 дугаар байр хүртэл дээшлүүлсэн юм. Тэрхүү гурван медалиас Монголын спортыын түүхэнд анхдагч болж, түүхэн амжилт байгуулсан бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Ц.Баттулгыг онцолъё.
Ц.Баттулга нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүдний их эмч мэргэжилтэй. "Ханжоу 2022" Ц.Баттулгын хувьд хоёр дахь Азийн наадам бөгөөд өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд дөрөвдүгээр байр эзэлж байжээ. Тэрбээр ДАШТ-ий долдугаар байрт шалгарч, Бээжингийн гранпри, Бүх Оросын аваргаас алтан медаль хүртэж байв.
"Ханжоу 2022" Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд Үндэсний шигшээ дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор есөн тамирчин оролцож байгаагаас Ц.Баттулга бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд 9.74 метр түлхэж, хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр энэ амжилтаараа бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр Азийн наадмаас медаль хүртсэн анхны хөнгөн атлетикч болж, далимд нь улсын дээд амжилтыг шинэчилжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна