Ордон чухлыг ойлгуулсан МСБХ, багийн эздийн хуваагдал

Х.Батсайхан
2023/10/30

-"UG arena"-д Монголын сагсанбөмбөгт гавьяа байгуулах боломж байна-

Монголын сагсанбөмбөгийн холбоо, Үндэсний дээд лигт баг өрсөлдүүлдэг эздийн хооронд хагарал үүсэж, энэхүү спортын цаашдын хөгжилд нөлөөлөхүйц сөрөг үр дагаварт хүрэх нь ойлгомжтой боллоо. Яг одоогийн нөхцөл байдал гэвэл сагсанбөмбөгийн дээд лигийн нэр бүхий таван багийн эзэд Монголын мэргэжлийн сагсанбөмбөгийн лигийг үүсгэн байгуулсан бол МСБХ доод лигээс дээрх таван багийг нөхөж, тэмцээнээ хугацаанд нь явуулна гэж буй. Гэхдээ ингээд бүх зүйл дуусахгүй харин ч эхэлнэ. Цаашдаа зөрчилдөөн маш хурцаар үргэлжилнэ гэдэг нь МСБХ-ноос уржигдар гаргасан "Мэргэжлийн лигт тоглохоор болсон таван багаас тоглогч элсүүлэх эцсийн хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээр тавьж өгсөн явдал юм.

Европын хөлбөмбөгт саяхан яг ийм тохиолдол гарч, ЕХХ тоглогчдын эрх ашгийг хөндөн байж дарж авсан жишээ бий. Тодруулбал, Каталоны "Барселона" тэргүүтэй Европын топ 5 лигийн хамгийн шилдэг багууд нэгдэж, "Аваргуудын лиг"-тэй өрсөлдөхүйц тэмцээн бий болгохоор тохирсон нь ил гарч шуугиан дэгдээсэн. Үнэхээр шилдгүүд нэг дор цугларсан учир энэ тэмцээн зохиогдсон тохиолдолд "Аваргуудын лиг"-ийг бут цохих нь тодорхой байсан. Харин Европын хөлбөмбөгийн холбоо "бослого гаргасан" дээрх багийн тоглогчдыг ДАШТ, Европын АШТ-д оруулахгүй, ФИФА-тай ярьж байгаад бусад тивийн тоглогчдод ч энэ маягаар хориг тавина хэмээн сүрдүүлсээр түр зогсоож чадсан билээ.
МСБХ мэргэжлийн лигт тоглох таван багаас тоглогч элсүүлэх хугацааг лигийн тэмцээн эхэлснээс хойш багагүй хугацаанд боломжтой байхаар зохицуулсан нь энэ хооронд дээр дурдсан шиг дарамтыг Мэргэжлийн лигийн багууд хийгээд тоглогчдод үзүүлнэ ээ гэдгийг харуулж байна. Эндээс тамирчид л хамгийн их хохирдог билээ.

Хэн нь буруутай вэ буюу эвлэх зай үлдээх шалтгаан

Хуваагдлын шалтгааныг эрвээс, багийн эзэд тасалбар борлуулалтын орлогоос хувь хүртэх /МСБХ-нд ногдох 30 хувийн орлогын 25 хувь буюу нийт орлогын 7 орчим хувь/ шаардлага тавьсан, харин МСБХ Үндэсний дээд лигийн тэмцээн нэгэнтээ товлогдож, бүх зүйл тодорхой болсны дараа "Шинэ юм" гаргаж ирлээ хэмээн буруутгаж буй. Тэгэхээр хэн, хэнийг нь буруутгах хэцүү. Сагсанбөмбөгийн баг байгуулж, тэрбум, тэрбум төгрөг зарж байгаа багийн эздийг энэ спортын хөгжлийн төлөө санаа зовдоггүй, мөнгө бодсон шуналтнууд мэтээр ойлгуулж огт болохгүй. Тэд мэдээж, сагсанбөмбөгт мөнгө зарж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг ч болтугай нөхдөг болчих юм сан гэж хүсэх нь түмэн зөв. Угаас ийм боломжийг бүрдүүлэх ч ёстой.

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны багуудын орлогын эх үүсвэрт яалт ч үгүй тасалбар борлуулалт орсон байдаг. Өөрийн гэсэн ордонтой бол их ашигтай, өөр ордон түрээслэдэг бол арай бага ашигтай гээд баг болгоны нөхцөл байдал харилцан адилгүй ч тасалбар борлуулалт гэдэг үндсэн эх үүсвэр мөн юм билээ. 

Тэгэхээр, одоогийн нөхцөл байдал бол багууд хөл дээрээ тогтож, МСБХ, санхүүгийн эх үүсвэртэй багууд өөрийн гэсэн ордонтой болох тэр үе хүртэл л үргэлжлэх түр зуурын нөхцөл байдал юм. Тиймээс, сагсанбөмбөг гэдэг нэг л зорилгын төлөө зүтгэж байгаагаа санаж, эвлэрэх зайгаа үлдээгээрэй гэдгийг талуудад сануулах гэсэн юм.
Яваандаа арилчих, түр зуурын энэ нөхцөл байдал дээр хэтэрхий томоор хагаралдаж, ирээдүйгээ бүрхэгдүүлэх вий хэмээн санаа зовж байна.

"UG arena"-д Монголын сагсанбөмбөгт гавьяа байгуулах боломж байна

Багийн эздийн нэгдэж байгуулсан холбооноос МСБХ-нд хандаж гаргасан шаардлага, мэдэгдэлд дурдсанаар бол Үндэсний дээд лигийн тэмцээнийг хүлээж авч буй "UG arena" спорт цогцолбор тасалбар борлуулалтын орлогын 70 хувийг авч, үлдсэн 30 хувийг л МСБХ-нд өгдөг гэх. Тэр мөнгө нь хоёр тэрбум орчим төгрөг гэхээр Үндэсний дээд лиг нийтдээ долоон тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийдэг гэсэн үг. МСБХ өөрт ногдох хоёр тэрбум төгрөгийнхөө 60 орчим хувийг багуудад шагнал урамшуулал хэлбэрээр өгдөг юм билээ.
Эндээс харвал, "UG arena" орлогын 70 хувь биш, 60 хувийг авдаг болчихвол оролцогч талуудын ашиг сонирхол хангагдаж, асуудал нааштайгаар эргэх боломж харагдана. Болдог бол энэ жилээс, болохгүй бол ирэх жилээс хувь хэмжээн дээрээ тохирох боломж гарна гэж найдаж байна. Бөхийн өргөө, UB palace зэрэг урлаг соёлын байгууллагууд л лав тасалбар борлуулалтынхаа орлогын 70 хувийг авдаггүй юм билээ.

Өнөөдөр багийн спортын төрлүүдээс хамгийн эрчимэй хөгжиж, дэлхийд гарах гэж тэмүүлж байгаа холбоо, багийн эзээд, тамирчдынхаа их урам зоригийг нэг байгууллага бүтээн байгуулалтынхаа өртгийг нөхөх гэсэн эрмэлзлээс болж мохохыг хармааргүй байна. Үнэндээ "UG arena"-д сагсанбөмбөгийн үндэсний дээд лиг шиг заал дүүргэлттэй найдвартай түнш олон гарахгүй шүү дээ. тасалбар борлуулалтаас гадна ордонд тухалж байгаа үзэгчдийн идэш, уушийн борлуулалт гэх мэтилэнгээр дагалдах орлого ашиг мундахгүй гардаг болов уу гэж санана. 

Тиймээс МСБХ, багийн эзэд хоорондоо удаан зөрчилдөлгүй, "UG arena"-тай хэлцэл хийх нь асуудлыг шийдэх илүү хялбар арга зам байж мэдэх юм. Хэрвээ энэ чиглэлд хүчин чармайлт гаргах юм бол "UG arena" компанийн Монголын сагсанбөмбөгт байгуулах гавьяа тэр болох гээд байна. Аль ч талын эрх ашгийг хангах шийдэл байж болно шүү дээ. Сагсанбөмбөг сонирхогчид найдвартай ар тал нь болно. 

Монголд одоогоор "UG arena" шиг цогц үйлчилгээ үзүүлдэг газар ховор, бараг байхгүй. Бидний олж авч чадсан мэдээллээр, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулдаг газрууд бол түрээсээ нэг өдрийнх гэж тооцоод авчихдаг аж. Үнэ ханшийн тухайд, СТӨ 6 сая, "Улаанбаатар палас" 9 сая, МҮЭСТО 3-5 сая, Драмын театр хоёр байгууллагын дунд байдаг, өөрсдөд нь ч тайз олдох нь бага тул түрээслээд байдаггүй, гэхдээ тийм зүйл болж гэмээ нь цагийн 1.5 сая төгрөгөөс эхэлдэг ханштай гэнэ. 

"UG arena"-гийн хувьд, хувийн байгууллага учир үнээ тогтоох нь тэдний эрх. Талууд тохиролцсон л бол хэн, хэдэн хувь авах нь хамаагүй гэсэн зах зээлийн зарчим үйлчилж байгааг буруутгаж болохгүй. Гэхдээ, ирэх жилээс МСБХ багийн эздийн тавьсан нэг тойрог илүү тоглуулах шаардлагыг хүлээж аваад, "UG arena"-тай тохиролцчихвол багуудад хуваарилах 25 хувь нь бараг гараад ирэх дүр зураг харагдана. Түүнээс биш МСБХ нь "Холбооноос ямар ч мөнгө авахгүй гэсэн багууд ард нь дугаарлаж байгаа" гэдэг байдлаар, багийн эзэд нь шилдэг тоглогчидтой хийсэн гэрээндээ найдаад спортынхоо хөгжлөөр, тамирчдынхаа хувь заяагаар тоглож болохгүй.   

Эцэст нь хэлэхэд, багууд өөрсдийн ордонтой болохыг зорих цаг нь болсон байна. дэмжлэг багийнхаа өмсгөлийг нэг удаа мөнгө гаргаад худалдаад авчих хөгжөөн дэмжигчийн сэтгэл ч нэг нь нэгдэхгүй чухал болсон гэдгийг энэ явдал харууллаа. 

МСБХ-ны Дээд лигт оролцох багууд

"Хасын хүлэгүүд"
"Налайх Бизон"
"ШУТИС Шаркс"
"Сэлэнгэ Бодонс"
"Монголианс"
"Өмнөговь Ёлнууд"
"Дархан Юнайтед"

Мэргэжлийн дээд лигт оролцох багууд

Эрдэнэтийн Уурхайчид
IHC Apes
Тэнүүн Өлзий Металл
Завхан Brothers
BCH Гарьд



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна