Тулааны ертөнц "Хөл толгойгоо алдах"-аас 40 жилийн өмнө...

Х.Батсайхан
2023/11/08

-Антонио Иноки vs Мохаммед Али буюу бөх, боксын хамгийн алдартай тулаан-

Холимог тулааны аварга Конор Макгрегор, мэргэжлийн боксын “амьд домог” Ф.Мэйвейзертэй 2015 онд тулалдсанаас хойш боксын аваргууд холимог тулааны аваргуудтай тулалдах явдал түгээмэл болсон билээ. Хамгийн сүүлд мэргэжлийн боксын хүнд жингийн аварга Тайсон Фьюри холимог тулааны UFC холбооны аварга Фрэнсис Нганнутай тулалдлаа. Олны танил, хүний сонирхлыг татаж чадах л бол хэн ч хамаагүй тулалдаж, тулааны спорт "хөл толгойгоо алдаж байна. Нөлөө нь Монголд ч тусаж, Наабаа нэрээрээ олон нийтэд танигдсан, Хөвсгөл аймгийн харъяат залуу, "Бурхны хүү" гэж өөрийгөө нэрлэсэн н.Баярбаатар гэгч мөн "Шоу тулаан хийнэ. Чингис хаан, Наабаа хэн ч байсан хамаагүй" хэмээн хөөрцөглөж явна. Гэхдээ бид энэ удаад шоу тулаан олшрох нь сайн, муу гэдэгт дүгнэлт өгөх гэсэнгүй. Харин энэ бүхний эхлэлийг тавьсан, спортын ертөнцөд лавтай зууны онцлог үйл явдлуудын нэгээр тэмдэглэгдэж үлдэх нэгэн тулааныг дурсах гэсэн юм. 

Тулааныг өгүүлэхийн тулд эхлээд өрсөлдөгч хоёрыг танилцуулах ёстой. А.Инокигоос ганц насаар ах М.Али тухайн үед хэдий WBC/WBA холбооны бүс эзэмшдэг ч Сонни Листон, Жо Фрейзейр, Жорж Формэн нартай домогт тулаануудаа хийчихсэн, харих тийшээ хандаж байв. Харин 80-аад оны дунд хүртэл дэвжээнд гарсан Антонио Инокигийн хувьд ид үедээ байсан гэж хэлж болно. Хоёр аваргын дэвжээнд гарах болсон шалтгаан нь зургаан сая ам.долларын мөнгөн шагнал байлаа. К.Макгрегор, Ф.Мэйвейзейрийн тулаанаас олох 600 сая ам.долларын 400 саяыг нь мэргэжлийн боксчин авахаар болсон. Харин 40 жилийн өмнө болсон тулаанаас А.Иноки дөрвөн сая, М.Али хоёр саяыг авах гэрээ хийсэн нь бас л сонин баримт.

Биеийн хувьд тэд адилхан 190 орчим см өндөр, 100 орчим кг жинтэй. Антонио Иноки мэргэжлийн бөх болохоосоо өмнө зээрэнцэг шидэлт, жад шидэлтээр хичээллэж нэг бус тэмцээнд түрүүлж байв.

Хэвлэлийн бага хурал

Хэвлэлийн бага хурлыг М.Али заншил ёсоор өрсөлдөгчөө доромжлохоос эхэлсэн. Тэрээр өрсөлдөгчийнхөө өргөн түүш, шанааг дайруулан “Хотон шувуу” гэж нэрлэсэн бол А.Иноки “миний өргөн шанааг цохиод гараа хугалчихав” хэмээн орчуулагчаараа дамжуулан хариу барьжээ. 


М.Алигийн дасгалжуулагч Анжело дандигийн хэлснээр бол М.Али байгаа нь л тэр бөгөөд хэвлэлийн хурал болгоныг “шатаах” дуртай, А.Инокигийн тухайд бол харин ч гайгүй хэлсэн гэнэ. Гэсэн ч тулаан тухайн жилийнхээ спортын хамгийн их хүлээлт үүсгэсэн үйл явдлын нэг болжээ. Японы Токио хотод болсон тоглолтыг 34 оронд шууд дамжуулж, АНУ-ын бизнесмэн, хожим WWE (World Wrestling Federation/Entertainment) буюу монголчуудын нэрлэж заншсанаар нохой зодооны холбооны Ерөнхийлөгч болсон Винс МакМэн Нью Йоркт спортын ордон түрээслэн хаалттай шууд дамжуулалт хийхэд 30 мянган тасалбар зарагдсан гэдэг.

Тулаан

А.Иноки эхэндээ тавилттай тоглолтыг М.Алид санал болгож байжээ. Гэхдээ яг ямар тавилт санал болгосон бэ гэдэг нь 40 жилийн дараа ч гүйцэт тодорхой болоогүй. Ер нь бол хоёр яриа бий. Эхнийх нь, А.Иноки тавилттай тоглолт санал болгосон ч М.Алигийн багийнхан япон эрийг гэнэдүүрж байгаад жинхэнээсээ цохих вий гэж болгоомжлоод жинхэнээсээ тулалдахаар болгосон гэх. Нөгөө нь, А.Инокигийн санал болгосон зохиол нь М.Алид таалагдаагүй учир тулаан жинхэнээсээ явагдсан гэх ажээ. 

Сэтгүүлч Жим Мерфигийн ярьснаар, М.Али тулааны үеэр шүүгчийг санамсаргүй цохиж нокаутад оруулна. Улмаар А.Иноки М.Алигийн толгойд өшиглөн нам унагаснаар ялах саналыг А.Инокигийн баг тавьжээ. Тиймээс М.Али ялагдлыг хүлээн зөвшөөрөлгүй жинхэнээсээ тулалдана гэсэн байна. Тулаанаас зургаа хоногийн өмнө М.Али дахин болзол тавьж, А.Инокиг бөхийн ямар ч мэх хэрэглэхгүй байхыг шаарджээ. А.Инокиг бусад бөхчүүдтэй бэлтгэл хийж байхыг харсныхаа дараа М.Али дээрх шаардлагыг тавьж хүлээж авахгүй бол тулалдахгүй гэжээ. А.Инокид ганц л боломж олгосон нь өшиглөх. Гэхдээ бөхийн нэг өвдөг нь дэвжээнд хүрсэн тохиолдолд л өшиглөж болно гэсэн байна. А.Иноки дүрмийг хүлээн зөвшөөрсөн нь тулааны өрнөлд шууд нөлөөлсөн юм.  


Тулааны турш М.Али ердөө зургаан цохилт хийсэн бол А.Иноки нэг өвгөө дэвжээнд хүргэсэн байдлаас өрсөлдөгчөө өшиглөх гэж зовсон. Тэрээр 15 үеийн турш дэвжээн дээр хэвтсээр дууссан юм. Харин М.Али хөл дээрээ хөнгөн үсчиж, өрсөлдөгчөө босоод ир хэмээн дуудаж байлаа. Бөх, боксын анхны тулаан ийнхүү М.Алигийн тавьсан хэтэрхий олон нөхцлөөс болж маш сонирхолгүй болж өндөрлөжээ.

А.Инокид өшиглүүлсэн өвдөг нь тэсэшгүй бэрх өвдөж байсан учир М.Али тулааны дараах хэвлэлийн баг ахуралд ирсэнгүй.            

Гэмтэл бэртэл, дуулиан шуугиан

Нөхцөл нь хязгаарлагдмал байсныг мэдээгүй үзэгчид тоглолтын үеэр “Иноки босооч, хулчгар амьтан минь” гэх зэргээр дайрч давшилж байв. Мэх хийвэл тулалдахгүй гэсэн хүн болох М.Али ч эдгээр үгсийг хэлж байжээ.

Тулаан хэвтээ байдалд  шилжих бүрт шүүгч тэр дор нь босгож байсан. Уг нь А.Иноки гурван оноо илүү авсан ч бүгдийг нь алдаатай байсан гээд хүчингүй болгосон юм.

Тулаан үзэгчдийн сэтгэлд хүрээгүй гэдгийг дээр хэлсэн. Тоглолтыг үзсэн нэгэн гэрчийн хэлснээр, зохион байгуулагчид уурлаж хилэгнэсэн үзэгчдийн шидсэн хогийг дэвжээний орчмоос цэвэрлэх гэж бүтэн өдрийг зарцуулсан гэнэ.   

Тулаан ийнхүү сонирхолгүй болж өнгөрсөн ч М.Али өвгөө хүнд бэртээж, энэ нь цаашдын амжилтад нь нөлөөлсөн гэсэн яриа газар авсан юм. Үнэхээр тийм эсэхийг одоо тогтоох боломжгүй ч энэ тулаанаас хойш М.Али ч, А.Иноки ч нэг ч өрсөлдөгчөө нокаутаар ялж чадаагүй нь үнэн юм.   

Нөхөрлөл       

Тулаан ийнхүү олигтой болоогүй ч хоёр тамирчны нөхөрлөлийн үүдийг нээсэн байжээ. А.Иноки 1990 онд лалын шашинд орсон нь тэдний холбоог улам ойртуулсан юм. Мохаммед Хусейн нэртэй болсон А.Иноки М.Алитай хамт Саддам Хуссейнтай уулзаж,  Иракт олзлогдсон АНУ, Японы цэргүүдийг суллах хэлэлцээр хийж байсан түүхтэй. 


М.Алиг нас барсныг мэдсэн А.Иноки тусгайлан хэвлэлийн бага хурал зарлаж, сайн нөхрийнхөө төлөө гүнээ эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлж байв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.