НИЙСЛЭЛ улсын доторх улс болж, АЙМГУУД барьцах вий

Х.Батсайхан
2023/11/09

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлаад 30 жилийн нүүр үзжээ. Хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон “Эцэг хууль”-иа бид энэ хугацаанд хэлбэрэлтгүй мөрдөж, бусад хууль, тогтоомжийг нийцүүлэн баталж ирлээ. Гэсэн ч төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн ёс зүй доройтож, хариуцлага, чадамж буурснаас болоод Үндсэн хуулийг өөр, өөрсдийнхөөрөө тайлбарлан хүчгүйдүүлэх явдал газар авч, Засаг захиргааны нэгжүүд эрх мэдлийн төлөө улайран, яваандаа газар нутгийн бүрэн бүтэн, төрийн нэгдмэл байдалд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол төрөх боллоо.

Бид энэ удаад хөгжлийн зөв төлөвлөлт байхгүй, авлига хээл хахуультай тэмцэж чадаагүй, төрийн нэр барьсан луйварчдыг хэтэрхий өөхшүүлж, албан тушаалын хэнээтэй болгосон, эрх баригч намууд өөрсдийн алдаагаа засахын тулд эрх мэдэл шаардаж, улмаар иргэдийн суурь эрхэнд халдахаар санаархаж байгаа сэдвийг онцолж байна.  

Нийслэлд хэмжээгүй эрх олговол аймгууд барьцах эрсдэл бий болно

Монгол Улс бол нэг үндэстний, нэгдмэл улс. Төрийн байгуулалтын хувьд нэгдмэл  байхаа Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Гэтэл нийслэл, аймаг, бүр сум, багийн түвшинд энэхүү заалтын утга агуулгыг алдагдуулах явдал гарах болсон нь санаа зовоож байна.

Уншигчид санаж байгаа бол Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдаж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй. Энэ хууль батлагдсанаар нийслэл эрх зүйн чадамжийн хувьд бараг л улсын доторх улс болж хувирсан билээ. Дарга нь сайдын эрбэмбэд очиж, тодорхой зарим чиг үүргүүдийг бие даан хэрэгжүүлэх болсноос гадна хүсвэл бонд гаргах ч эрх мэдэлтэй болсон. 

Төр өөрсдийн бий болгосон “Хэт төвлөрөл, замын түгжрэл”-тэй тэмцэх үүднээс ийнхүү онцгойлон авч үзэж, “Улс дотор улс” болохыг нь зөвшөөрсөн юм. Ингэж зөвшөөрснөөрөө дор хаяж л иргэдийнхээ Үндсэн хуулийн 16.18 дугаар зүйлд заасан эрхийг зөрчихийг нь хүлээн зөвшөөрчихсөн. Яг Одоо УИХ-аар хэлээлцүүлж байгаа Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах багц хууль Нийслэлийн энэ эрхийг баталгаажуулна.

Нийслэлд олгосон онцгой эрх, “Нийтийн эрх ашиг”-ийн төлөө иргэд өөр олон эрхээ зөрчүүлэхэд бэлэн байх хэрэгтэй болно. Цааш нь жаахан өнгийвөл дүүргүүд ч бие дааж, асуудлаа шийдвэрлэх үлэмж эрх мэдэлтэй болсныг харж болно.

Нийслэл дээр ийм арга хэмжээ авсныг шууд буруутгаж байгаа юм биш.Маш хэрэгтэй хууль. Гол нь жишиг болчих вий, цаашдаа аймгууд ижил статустай болох гэж "тэмцэж" эхлэх вий гэсэн болгоомжлол байна. 

Аймагт төрийн бодлого шийдвэрийг Засаг дарга, орон нутгийн үйл ажиллагааг ИТХ удирдаж явдаг хуулийн зохицуулалттай. ИТХ нь “Бид өөрсдөө Засаг даргаа томилно” гэсэн эрх мэдлийн төлөөх тэмцлийг Засгийн газартай өрнүүлж байсан түүх бий. Одоо ч ийм байр суурьтай аймгууд олон байдаг. Тэд яваандаа нийслэлийн жишгийг дагаж, бие даасан бодлого явуулна гэж зүтгэхийг үгүйсгэх аргагүй. Одоо мөрдөж байгаа сонгуулийн тогтолцоо энэ эрсдлийг улам нэмнэ. Жижиг мажоритар тогтолцооноос болоод сум, аймгийн Засаг дарга нь тойрогтоо нэр нүүр олохын тулд иргэдээ УИХ, Засгийн газрын эсрэг турхираад сууж байгаа жишээ олон байна.

Аймгуудын хөгжлийн харилцан адилгүй байдал нь энэ эрсдлийг нэмнэ үү гэхээс багасгахгүй. Өмнөговь аймгийн удирдлага харъяат иргэдэдээ “Нутгийн хишиг” хэмээн сар бүр 50 000 төгрөг олгож байсан жишээ бий. Одоо хэвээрээ эсэхийг мэдэхгүй ч Засаг даргынх нь мөрийн хөтөлбөр “Нутгийн хишиг” нэртэй байгаагаас үзэхэд энэ нэр иргэдэд онцгой таалагддаг болох нь харагдаж байгаа юм. 

Энэ нь яваандаа нөгөө л Үндсэн хуулийн 2-ын 1. ”Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэсэн заалтыг эрсдэлд оруулж буй.

Байгалийн баялагтай хэсэг нь аминч үзэл гаргаснаас болж Судан хэмээх нэгдмэл улс хоёр хуваагдсан түүх бий шүү дээ. Орон нутагт хэтэрхий их эрх мэдэл олгох нь сайны ёр яавч биш.

Монгол Улс бол нэг үндэстний орон. Дотроо олон ястантай ч нэгнийгээ алж хядах хэмжээнд хүртлээ харилцаа нь хурцадахааргүй. Шашны хувьд хэзээнээ олон шашинд нээлттэй хандаж ирсэн учраас энэ тал дээр ч гадны өлөн нүдтэнгүүдэд ашиглачих юм байхгүй гээд хэлчихэд болно. Харин уул уурхай, мал аж ахуйн эсрэгцэл дээр Засаг захиргааны нэгжийн эрх мэдлийн төлөөх тэмцэл нэмэгдчихвэл эрсдэл үүсч мэднэ. Дээр нь нэмээд, орон нутагт хэтэрхий их эрх мэдэл олгосон, цашдаа онцгой эрхтэй засаг ноёд бий болж, баялагаа дангаар эзэмших эрх ашгийнхаа төлөө тэмцэлдэж эхлэх эрсдэл үүсгэсэн Нийслэлийн эрхзүйн байдлын тухай болон Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай багц хуулиуд алсдаа гай болж мэднэ.  

Алдаа гаргасан төрд эрх мэдэл нэмж олгож болохгүй 

Хуулийн төсөл батлагдсанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар /өөр хэн ч байсан ялгаагүй/ титэмгүй л болохоос хаан болно. Аймгийн засаг ноёд үүнийг хараад зүгээр суухгүй байх вий. Ирэх жилээс, байгалийн баялагтай буюу уул уурхайтай аймгуудад орлогынх нь тодорхой хувийг үлдээдэг болж байгаа. Энэ хувиа нэмэгдүүлнэ, өөрсдөө уул уурхай ажиллуулна гээд л эхэлбэл байдал бишдэж байгаа нь тэр. 

Монгол улс Үндсэн хуульдаа заасанчлан, аль болох нэгдмэл удирдлагаар хангагдах нь илүү хэрэгтэй гэдгийг бүгд мэдэж байгаа ч засаж болохгүй алдаа, нэгэнт эхэлчихвэл зогсооход хэцүү үйл явц гэж бий. Маргаан зөрчил үүслээ гэхэд аль, аль талынх нь өмнөө барих бамбай нь Үндсэн хууль байх учраас эрх баригчид эцэг хуулиа ард иргэдэдээ ойлгуулах, таниулах, зүйл заалт, эрх ашгийг нь эрэмбэлэх шаардлагатай байна. Эцсийн эцэст, түгжрэл, зах замбараагүй гэр хороолол бол төр буюу эрх баригч намын бодлогын завхрал болохоос иргэд ямар ч буруугүй. Тэдний алдааны өмнөөс иргэд дахиж эрх мэдлийг нь нэмж, суурь эрхээ зөрчүүлэхийг хүлээн зөвшөөрч болохгүй. 

Тиймээс Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай багц хуулийн төслийг яг оруулж ирсэн чигээр нь баталж болохгүй. Хуулийн хатиг, авлигач албан тушаалтнуудыг төрүүлдэг "Болно" гэдэг үг /"Ер нь чамайг яахыг би шийднэ"/ Төлбөртэй бүсийн торгууль шийтгэвэртэй холбоотой 7 дугаар зүйлд / тэр тусмаа төлөгдөөгүй төлбөр, торгуулийг иргэн, хуулийн этгээдийн данснаас гаргуулахтай холбоотой 7.6, 7.7, 7.10 заалтад/ нэг биш удаа орсон талаар бид өмнө нь хөндөж /https://zuv.mn/1109/ байсан билээ.     








Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.92
    2023/11/11

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль баталсан нь маш буруу. Засаг захиргааны нэг субьектийг бусдаас нь тусгайлан авч үзэх нь буруу. Одоо бүр байгууллага бүр өөртөө зориулсан хууль батлуулаад түүгээрээ амар тайван амьдардаг.болох хандлага бий боллоо. Үүний нэг нь одоо Худалдаа аж үйлдвэрийн танхимийн тухай хууль яригдах шинжтэй

    Хариулах
  • 43.228.129.162
    2023/11/10

    нямбаатараа хоёрын хооронд ү үхэх гээд хэрүүл хий хээ болиочээ

    Хариулах
  • 202.126.88.208
    2023/11/09

    ОЙРЫН ҮЕД ҮҮСЭЖ БОЛОХ АСУУДЛЫГ МАШ ЗӨВ ХАРЖ ЭРСДЛИЙН ТАЛААР ТОДОРХОЙ БИЧСЭНД ТАЛАРХАЖ БАЙНА. ЯЛАНГУЯА. ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСАН НИЙТИЙН ЭРХ МЭДЭЛ, ЭРХ ЗҮЙН АСУУДЛЫГ АЙМАГ, НИЙСЛЭЛД ӨГЧ ОГТ БОЛОХГҮЙ, ХАРИН ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛД СУУГАА ОРШИН СУУГЧДЫН АХУЙ АМЬДРАЛТАЙ ШУУД ХОЛБООТОЙ ХЭСГИЙГ НЬ ӨГЧ ӨӨРСДӨӨ БИЕ ДААЖ АХУЙ АМЬДРАЛАА АВЧ ЯВАХ ЧАДАВХИЙГ НЬ ДЭЭШЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ БОЛ ДЭМЖИНЭ ҮНДСЭН ХУУЛИНД БАЙГАЛИЙН БАЯЛАГ БОЛ БҮХ НИЙТИЙН ӨМЧ ГЭСЭН БАЙГАА НЬ ЭЦСИЙН, ХУВААШГҮЙ, ШИЛЖҮҮЛЭШГҮЙ ЭРХ ШҮҮ

    Хариулах