Чингис хаан-Монголын имижийг шинээр бүрдүүлэхүй

Х.Батсайхан
2023/11/14

“Миний эх оронд, миний Монголд муухай зүйл ганц ч байхгүй. Монгол минь гайхамшигтай сайхан орон”

Д.Урианхай

Өнөөгийн дэлхий ертөнцөд дүр төрх гэдэг ойлголт маш чухал болжээ. Хувь хүн, улс орон ялгаагүй энэ тал дээр анхаарч, тусгайлан ажилладаг болсон байна. Илүү ойлгомжтойгоор хэлбэл, өөрсдөө эх орон, улс үндэстнээ хайрлахаас гадна бусдаар хайрлуулахыг хичээж, үүнийхээ төлөө болохоосоо болохгүйг нь хүртэл хийдэг болж. Улс үндэстнийхээ талаарх хар бараан түүхийг залруулж, буруу зөрүү ойлголтуудыг цэгцлэхийн тулд зорилго тавьж ажилладаг, түүндээ хүрэхийн төлөө бүх түвшиндээ хүчээ нэгтгэж чаддаг болж. Ингэж чадсан нь бусдыг өөртөө татаж, хөгжил дэвшил нь хурдасч байна. Монгол Улс, монголчууд энэ асуудалд дорвитой анхаарахгүй явж ирсэн ч ойрын үед дорвитой ажиллаж эхэлсэн нь талаар энд бичих болно.

Гарчигт буй Шинэ Монгол нь Монголоо шинээр барьж байгуулах бус, имижийг нь дэлхий нийтийн оюун санаанд илүү тод, томруунаар шинээр амилуулахыг хэлсэн нь одоо тодорхой болж байгаа биз ээ. Энэ ажлыг эхлүүлэхэд тулах цэг хэрэгтэй. Тэрхүү тулах цэг нь Чингис хаан, саяхан ашиглалтад орсон музей нь болж байна. 

Ирэх оны төсөвт Хэнтий аймгийг хөгжүүлэх чиглэлд 732 тэрбум төгрөг төсөвлөснийг дээр, дооргүй шүүмжилж байна. Гэвч энэ нь одоо л хийж байгаа хөрөнгө оруулалт биш, хэдэн жилийн өмнөөс эхэлсэн, хожим үр ашгаа хангалттай өгөх өгөөжтэй хөрөнгө олруулалт юм.  

Чингис хэмээх энэхүү брэндийг цааш улам хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн гарцыг ч нээх хүчтэй гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Чингисийн чигчийд ч хүрэхгүй "баатар"-аа тордсоор улс орноо аялал жуулчлалын өлгий, орлогынхоо эх үүсвэр болгосон жишээ эргэн тойронд олон байна.

Имиж гэдэг үгийг судлаачид монгол хэлнээ “Дүр төрх”, “Шинж төрх”, “Нэр хүнд” “Таны тухай бусдын ойлголт” хэмээн буулгасан байдаг. Бидний хөндөх сэдэвт эдгээр ойлголтууд бүгд багтаж буй.

УЛС ОРНЫ ДҮР ТӨРХ ГЭЖ ЮУ ВЭ, ЯМАР АШИГТАЙ ВЭ

Улс орны дүр төрхийг бүрдүүлнэ гэдгийг хамгийн товчоор илэрхийлбэл “Дэлхий дахинд улсынхаа талаар эерэг ойлголт, төсөөлөл бий болгох замаар дэлхий дахин, бүс нутаг, эс бөгөөс зорилтот зах зээл дэх жин нөлөөгөө нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа гэж ойлгож болно.

Өмнө нь улс орны дүр төрх яг байгаагаараа бусдын өмнө бүрэлдэн тогтдог байсан бол одоо албаар бий болгодог болжээ. Өрсөлдөөний талбар, далайц нь улс орныхоо жингээс шалтгаалаад өөр, өөр. Жишээ нь, хөгжиж буй орнууд байгалийн нөөц баялаг, өрсөлдөх чадвар, тодорхой нэг салбарт тэргүүлэхийн төлөө өрсөлддөг бол арай томчууд нь хүн амын дундаж наслалт, амьдралын чанар, эх, хүүхдийн эндэглийг устгах, цаашлаад олимп зохион байгуулах зэрэгт илүү ач холбогдол өгнө.

Зорилтын хувьд ч ялгаатай, жижигчүүдийн мөрөөдөл нь ихэнхдээ л өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалын салбараас хүртэх хувь хэмжээгээ өсгөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах зэрэгт төвлөрдөг бол томчуудын хувьд дэлхий дахины үйл хэрэгт оролцох жин нөлөөгөө нэмэгдүүлэх, манлайлал бий болгож өөрийн үзэл баримтлал бодлогодоо бусдыг татан оруулах явдал байдаг.

Улс орны эерэг дүр төрхийг бий болгож брэнд үүсгэх анхны оролдлогыг Их Британийн домогт маркетер, “Ogilvy & Mather” сурталчилгааны компанийг үүсгэн байгуулагч Дэвид Огилви Пуэрто Рикод хэрэгжүүлсэн гэж үздэг.

Латин Америкийн жижигхэн энэ улсын гол зорилго нь АНУ-тай харилцаагаа сайжруулж, жуулчдыг нь татах явдал байсан гэдэг. Пуэрто Риког брэнд болгох ажлаа Д.Огилви 1950-иад оны дундуур эхлүүлэн улсын зөв дүр төрхийг боловсруулсан байдаг. Харин одоо үед энэ чиглэлийн хамгийн том мэргэжилтэн нь Саймон Анхольт бөгөөд тэрээр улс орны эерэг дүр төрх бүтээх ажлыг “80 хувь нь уялдаа холбоо, 15 хувь нь харилцаа холбоо, таван хувь нь урам зоригоос бүрддэг” хэмээн тодорхойлж байжээ.

Бүр тодруулбал, тухайн улсын онцлог, давуу талуудыг тодорхойлоод түүн дээрээ таарсан санаануудыг гаргаж хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Харин үр дүн нь эдийн засгийн өсөлт, улс төрийн нөлөөгөөр илэрнэ. Энэ ажлыг хийхэд олон салбар оролцдог бөгөөд үүнийг нэг цөмийг тойрсон олон электронууд маягаар харуулбал илүү ойлгомжтой юм.

Тухайн үндэстэн эртний баялаг түүхтэй, хүн төрөлхтний түүхэнд үүрэг гүйцэтгэж байсан, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүн олонтой, спортын төрлөөр дэлхийн хэмжээний тамирчин төрж гарсан, соёл урлаг, байгаль, газар нутгийн хувьд ялгарал нь тод томруун бол брэнд үүсгэх ажил илүү амар бөгөөд суурь сайтай гэж үздэг. Төрийн хэлбэр, улс төрийн тогтвортой байдал, нээлттэй байдал үүнд мөн голлох жин дардаг.

ЭЕРЭГ ДҮР ТӨРХТЭЙ БАЙ, БАЙХГҮЙ БОЛ БИЙ БОЛГО

Улс орнууд яг одоо “Эерэг дүр төрхтэй бай, байхгүй бол бий болго” гэсэн дүрмээр тоглоцгоож байгаа бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд зөөлөн хүчний бүхий л арга хэрэгслийг ашиглаж, түүхийг гуйвуулж буй. Тухайлбал, БНСУ энэ дүрмээр хамгийн чадварлаг тоглож амжилт олж байна. Өөрсдийгөө өөрийн гэсэн зарчимтай, зангарагтай хүмүүс гэж харуулахын тулд бас түүхийг гуйвуулдаг. Манайхны сайн мэдэх “Зоригт эрийн түүх” хэмээх кинонд зохион байгуулалттай гэмт бүлэглэл, гудамжны дээрэмчдийг “Үндэсний нударгачид” хэмээн нэрийдэж, зарчим, хуулийг нь их л энэрэнгүйгээр харуулсан байдгийг үзсэн хүмүүс нь санаж байгаа биз. Тухайлбал, гол дүр Ким Дохан бүлэглэлийн толгойлогчийг дийлчихээд “Юугаа хараад байгаа юм, ахыг эмнэлэгт хүргэ” гэх мэт. Үнэндээ бол дээрэмчид дүрэм ёсоор толгойлогчийг унагахын тулд үхлийн тулаанд ордог, нэгнээ устгаж байж эрх мэдэл нь баталгааждаг байсан гэдэг. Кинонд түүнд дийлдсэнийхээ дараа эмнэлэгт хэвтэж, улмаар алс газар явж байгаагаар гардаг дээрэмчид үнэндээ Ким Доханд алагдсан байдаг.

Солонгосчууд түүхэндээ харийн олон улсын эрхшээлд орж байсан хэр нь дайнч, байлдаанч ард түмэн байсан гэсэн ойлголтыг олон ангит киногоороо дамжуулан дэлхий дахинд өгч чадаж байна. Ингэхдээ бусад улсын түүх, түүхэн хүмүүсийг гутаан доромжлохыг ч юман чинээнд тоохгүй болж буй.

Жишээ нь, “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” гэх кинонд Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн солонгос хатан Өлзийхутаг буюу Ки хатны тухай гарах бөгөөд Ки хатан нь уг кино дээрээ эрэлхэг зоригтой, ухаан саруул дайчин дүрээр гарах бөгөөд харин Монголын хаан Тогоонтөмөр аймхай, хүчин мөхөс “мулгуу” сул дорой байдлаар дүрсэлсэн байх жишээтэй.

Улс орнууд түүхээ шинээр бичиж, далимд нь хар бараан толбуудаа баллуурдаж байна.

Хүн хийгээгүйгээ хийсэн болгоход заавал хэн нэгнийг үгүйсгэж таардаг. Түүн лүгээ нэгэн адил түүх гуйвахад үнэн үгүйсгэгдэж, хохирогч заавал гарч ирдэг юм. Харамсалтай нь, түүх гуйвуулах их өрсөлдөөнийх нь хөлд өртөж, үгүйсгэгдэж байгаа үндэстнүүдийн нэг нь Монгол болох нь уу гэсэн харамсал төрөх болов.

“ДҮНХҮҮ”-ГЭЭС “МОНГОЛ” ХҮРТЭЛ БУЮУ НЭРНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ЦАГ

Авто уралдааны “Томъёолол 1” ангиллын нисгэгч, Нидерландын тамирчин Макс Ферстаппен Португал улсад болсон уралдааны үеэр саад учруулсан өрсөлдөгч тамирчныг “Монгол” хэмээн хараасан нь шүүмжлэл дагуулсныг бид мартаагүй байна. Түүний хэлсэн хараалын агуулга, дараа нь гаргасан хандлага зэрэг нь зөвхөн Макс Ферстаппен гэдэг хувь тамирчны хувьд ч бус, Нидерланд улс, цаашлаад Европ, дэлхий дахинд Монголыг харах “ӨӨР” өнцөг байгаа гэдгийг харуулсан юм.

Ферстаппены хэлсэн “Монгол” гэдэг үг уг нь нээгдэхдээ “Монгол маягийн тэнэг” гэж нэрлэгдээд одоо “Дауны синдром” гэж шинэ нэршилтэй болсон ч анхны нэршил нь тогтоод үлдчихсэн, хоромосомын илүүдлээс үүдэлтэй өвчний нэрнээс гаралтай юм.

Энэ өвчний нэрэнд Монголойд гэдэг үг оруулснаараа эрдэмтэн Жон Лэндон “Даун монгол үндэснийг доромжилсон” гэсэн үзэлтэй хүмүүс манайд олон байдаг.

Үнэндээ бол яг ч монгол хүнийг бодож Монгол маягийн тэнэг гэж нэрлэсэн гэхэд бас хэцүү. Хар, шар, цагаан арьстныг ерөнхий нэршлийг шинжлэх ухаанд негройд, монголойд, кауказойд буюу монголчууд Негржүү, Монголжуу, Европжуу гэж нэрлэдэг. Ази хүмүүсийг Монголоор төлөөлж нэрлэнэ гэдэг бол тухайн үед дэлхийд азиудыг Монгол Улс, монголчуудаар төсөөлсөн ойлголт байсны шинж мөн. Дауны өвчтэй хүний нүд жаатайж онигор болдог нь Ази үндэстнийг санагдуулдаг учраас арьстны ерөнхий нэршлээр нь “Монгол маягийн хам шинж” гэж нэрлэсэн байх магадлалтай . Өөрөөр хэлбэл, нэр зохиосон хүн нь цаанаа “Ази маягийн хам шинж” гэж бодож нэрлэсэн гэсэн үг л дээ. Гэвч яалт ч үгүй монголойд гэж нэрлэчихсэн, тэр нь Оксфордын толь бичигт орчихсон учир сэтгэцийн гажигтай холбоотой нэршил болчихож. Эдүгээ монгол гэдэг нэрийг сэтгэцийн өвчинтэй холбож ойлгодог улс 20 гаруй байдаг аж.

Доктор Н.Доржготов яг энэ сэдвээр бичсэн нэгэн нийтлэлдээ “Mentality гэдэг үгийг сэтгэхүй гэж дүйцүүлж орчуулдаг. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д сэтгэхүйг “Хүний онцгой чанар болох бодох тунгаах чадвар” гэжээ.

Mongolian mentality гэвэл бид “Монгол сэтгэхүй” гэж орчуулна. Харин гаднынхан mongolian men- tality гэж яриад байгаа бол цаана нь сэтгэхүйн гажигтай гэсэн утгын илэрхийлэл явж байдгийг бид мэдэж байх ёстой.

“Монголизм” бол монгол үзэл санаа, монгол сургааль, Монгол бахархал гэж орчуулагдах үг. Гэтэл өнөөх гайтай Англи тольд "mongolism, a condition of mental defiency combined with a mongol-like ap- pearance", орчуулбал “монголизм монгол төрхтэй хавсарсан сэтгэхүйн гажигтай байдал” гэж оруулсан. Цаашид бид Уэбстэр, Оксфорд мэтийн толинд тэр тодорхойлолтыг Дауны өвчин юм уу Даун гэж солих талаар ажиллах ёстой” хэмээн бичиж байв.

Түүний зөв бөгөөд монголчууд бид үнэхээр л хөгжье, дэвшье, дэлхийтэй хөл нийлүүлье гэж байгаа бол эерэг зөв дүр төрхийг одооноос бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд монгол үндэстний талаар буруу ойлголт төрүүлдэг дээр өгүүлсэн төөрөгдлүүдийг бүгдийг нь засах ёстой юм.

Нэрнийхээ төлөө тэмцдэг бол чухам одоо тэмцэх цаг үе нь ирчихээд байна.

Засах зүйл гадаадаар зогсохгүй дотоодод ч бий. МЭӨ IIV-II зууны үед Төв Азид хүннүчүүдтэй зэрэгцэн амьдарч байсан дунху нарыг монголчуудын нэг өвөг дээдэс гэж үздэг. Хятадууд энэ ард түмнийг Дунху гэж нэрлэсэн нь “Дорнын бүдүүлгүүд” гэсэн утгатай үг юм гэдэг. Гэтэл монголчууд ойлгоц удаантай нэгнээ “дүнхүү” хэмээн нэрлэдэг нь өөрсдийгөө доромжилж байгаа хэрэг юм.

Бидэнд хийх ажил их байна. Дэлхий нийт монголчуудын байлдан дагууллыг сайшаах маягтай болсон нь хойшид үлдээсэн ул мөр, агуулгыг нь үнэлсэн л хэрэг болохоос үнэндээ бүтэн нэртэй байгаагүй, яг ард түмэнд бол аймшиг нь байсан гэдгээ бид хүлээн зөвшөөрөх ёстой. Бат хаан, Сүбээдэй жанжин байлдан дагууллаа хийж байх үед монголчуудын талаар “Нохой толгойтой, хүний махаар хооллодог” гэсэн цуу яриа гарч, зураачдын бүтээлд тусгалаа олсон байдаг. Германд “Татарын довтолгооноос аварч хайрла” гэдэг залбирал гарч, хүүхдээ “Монголчууд ирнэ шүү, монголчуудад өгчихнө шүү” гэж айлгадаг байсан бол Данийн загасчид ч монголчуудаас айн далайд гарч чадахгүй байсан гэдэг.

Одоо бид орчин үеийн, “ойлгодог” дүрмээр нь тоглож, өнөөгийн Монгол Улсын эерэг дүр төрхийг сурталчлах учиртай. Харамсалтай нь бид ингэж чадахгүй байна.

Монголыг түүхээс арчих гэсэн оролдлого бүрийг нухчин дарж, Монголын талаар сөрөг сэтгэгдэл төрүүлэх бүхэнтэй тэмцэж, засаж залруулах нь өнөөгийн бидний №1 үүрэг.

Орчин үеийн хүчирхэг, өрсөлдөх чадвартай Монголыг сурталчилж чадаагүй цагт бид түүхээрээ үнэлэгддэг хэвээрээ л байх болно.

ЦАГААЧЛАЛЫН АСУУДАЛ-ЭМЗЭГ ЦЭГ

Хувь хүн зөвхөн өөрийгөө биш гэр бүл, удам судар, нутаг ус, цаашлаад улс орноо үүрч явдаг учир бий. Монголчууд нэрээ “нэр төр” хэмээн улс оронтойгоо холбодог нь ч санамсаргүй хэрэг биш биз. Хувь хүний буруу үйлдлийг бусдад хамаатуулдаг энэ шударга бус ч юм шиг ойлголт магадгүй, манайд дэлхийн бусад улс орнуудаас илүүтэй байж ч мэднэ. Энэ ч утгаараа үг, үйлдлээ хянах, цаашдын үр дагаврыг нь бодолцдог зан чанар монголчуудад байдаг. Харамсалтай нь монгол хүний энэ чанар сүүлийн үед бүдэгшин бүрхэгшиж, харь оронд улс орныхоо нэр хүндийг гутаахыг юман чинээнд бодохоо больж байна. Улсын имиж, дүр төрхийг бүтээхэд цагаачид чухал үүрэгтэй бөгөөд тухайн улсдаа нэргүй элчин сайд болж байдаг юм. Виз мэдүүлэхдээ бичиж өгсөн хүсэлт бол манай улсын талаар хамгийн бодит мэдээллийг өгдөг. Гэтэл цагаачид үнэн зөв бичдэггүй.

Тэр ч утагаараа Монгол Улсын дүр төрхийг гутаагчдын эгнээнд барууны орнуудад цагаачлан сууж байгаа иргэд томоохон байр суурийг эзэлдэг. Тэднээс болж Монгол Улс барууныхны нүдэнд хөгжил буурайгаас гадна бурангуй ёс дэглэмтэй, харгис хэрцгий, аллага хядлага, дарангуйлал хавтгайрсан, хүний эрхийг уландаа гишгэдэг улс болж харагдаад удаж байна.

Барууны орнуудад цагаачлахын тулд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлах ёстой болдог. Гэтэл Цагаачлалын албаны шаардаад байгаа тэр аллага хядлага дайн самуун нь Монголд байхгүй учир ёстой “эр хүний 13 мэх” гэгчийг хэрэглэсэн байдаг.

2008 онд Л.Гүндалай гишүүнийг онгоцны буудал дээр баривчилж байгаа видео бичлэг, тухайн үед гарсан өдөр тутмын сонинуудыг материалдаа хавсаргаад гишүүний “хамаатан”, “улс төрийн хамтрагч” болж олон хүн цагаачилсан явдал үүнийг гэрчилнэ.

Энэ үеэс Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, дарангуйллын эхний шинж тэмдэг илэрч байгаа юм байна гэсэн ойлголтыг барууны орнууд олж авсан. Гэтэл “7-р сарын 1”-ний хар үйл явдал цагаачлах хүсэлтэй иргэдийн нарыг нь гаргасан гэж хэлж болно.

Энэ бүх худал хуурмаг мэдээллүүд дээр нэмээд хулгай хийж, худал хэлдэг монголчуудаас болж эх орны маань нэр хүнд гадаад ертөнцөд унасаар байна. Барууны дэлгүүрүүд үүдэндээ “Хятад хүн, нохой хоёрыг оруулахгүй” гэдэг бичиг байдаг байсан бол одоо “Монгол хүн оруулахгүй” гэж бичдэг болжээ. Ажил хийх эрх өгдөггүйг нь мэдсээр байж оччихоод хулгай хийж, түүнийгээ “амьдрахын эрхэнд” гэж цагаатгадаг хэсэг бүлэг үүнд буруутай.

Манай төр засгийн удирдагчид гаднын өндөр хөгжилтэй улс орнуудад айлчлахдаа эх орноо цэцэглэн хөгжиж байгаа гэж ойлгуулахыг хэрэндээ хичээж байгаа харагддаг. Гэвч өндөр хөгжилтэй орнуудын цагаачлалын албанд ирж байгаа мэдээлэл огт өөрийг хэлж байгаа юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын талаар хар бараан мэдээллүүдийг цацдаг байдал арилаагүй хэвээр, үүнд цагаачид нэрмээс болж байгаагийн гол шалтгаан нь улс оронд баялгийн хуваарилалт жигд бус байгаад оршиж байна. “Эдийн засгийн” гэж нэрлэгдсэн цагаачлалын давалгаа дэлхий даяар өрнөж байгаа, үүнийг хэн ч зогсоох аргагүй. Гэхдээ Монгол Улс энэ давлагаанд хэтэрхий их савлаад байна уу гэж санагдана.

ЭЕРЭГ ДҮР ТӨРХ БОЛГОН САЙНЫГ АВЧИРДАГГҮЙ

Улс орны эерэг дүр төрх нь өөрөө бий болчихдоггүй, тодорхой ур ухаан, хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсан зорилготой үйл ажиллагааны үр дүн байдаг. Тиймээс бий болгосон үр дүн бидэнд эргээд ашиг өгдөг байх учиртай. Гэхдээ бидний зориудаар бий болгоогүй оригинал байдал хамгийн их амбийцлаж байгаа аялал жуулчлалын салбарт хор хүргэж байгаа жишээ бас байх юм.

Монгол хүн, монголчуудад үнэндээ дэлхийд ч гайхагдмаар олон сайхан чанар бий. Нэг нэгэндээ ээл түшигтэй, нөмөр нөөлөгтэй, тус дэмтэй, эв найртай амьдарч ирсэн, “Хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа хувааж” явдаг сэтгэлгээ бий... Хатуу ширүүн байгалийн эрхшээл, гэнэтийн огцом өөрчлөлт, хувирал дор аж төрдөг нүүдэлчид тэр хатуу ширүүнийг хамтын ухамсар, тус дэмийн хүчинд даван гарахаас өөр ямар ч арга нөхцөлгүй юм. Эс бөгөөс бүгд мөхөх болно. Тиймээс монгол хүнд тусч чанар заавал байх ёстой зүйл гэж үздэг, ядарч зовсныг чадлаараа дайлаад гаргадаг, тусч бус хүнийг “Монголоо алдсан” гэж үздэг ёс одоо ч хэвээрээ... Энэ эерэг тал маань харин Монголыг хамгийн өртөг багатай аялж болох орны тоонд оруулсан байх юм.

Аялал жуулчлалын салбар одоо хүлээж авсан жуулчны тоогоор биш, нэг жуулчнаас салгаж авсан мөнгөнийхөө хэмжээгээр өрсөлдөж байна. Харин монголчууд бадар барьж хээрээр гэр хийдэг нөхдийн диваажин байгаа нь бидэнд хэр ашигтай байх вэ.

Бид улс орныхоо дүр төрхийг аль болохоор ашигтай байлгахын тулд бүхнийг хийх цаг ирээд байна. Товчхондоо энэ цаг үед зөв Монгол, эерэг Монголоо бүтээн байгуулах цаг болсон. "Чингис" хэмээх дэлхийн "брэнд"-ийг нутагшуулж, музей, онгон, амьдралын түүхэн цаг үетэй холбоотой түүхэн газар гэх мэт салбараар хөгжүүлэх нь улс орныхоо дүр төрхийг шинээр бүтээх үйлсийн тулах цэг болох учиртай. Музей байгуулсан, олон аймагт тараан цацаж байхаар жуулчин татах, мөнгө олох хамгийн боломжтой газраа нэгмөсөн их хөрөнгө хүч хаян хөгжүүлэх зэрэг одоо явж буй бодлогыг яг энэ талаас нь харвал зөв юм.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.66.87.78
    2023/11/14

    Дауны өвчтэй хүний тухай монгол кино европд мандаж бна хэдэн цаасны төлөө төрсөн эхээ худалдахана тэр одонцрууд биднийг бүгдээрээ тийм гэж ойлгож бна...

    Хариулах
  • 66.181.178.37
    2023/11/14

    Eyreg sur turhoo buteetsgee hun buhend l hamaatai. Uneniig uguisgrj boldoggui ymaa hichneen nuuj uurchilson ch unen uneneeree l orshsoor bn

    Хариулах