УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлээд байгаа билээ. Тэрбээр өнөөдөр цахим хуудастаа мэдэгдэл хийжээ.
Тэрбээр “МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой. Д.Амарбаясгаланг Женкотой холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр шөнө, өглөө оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч байна.
НАМАЙГ ХОЛБОЖ БИЧҮҮЛЖ БАЙГАА НӨХӨД ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНТЭЙ ХАМТАРЧ, ЮУ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ.
Харин бид энэ хүний эсрэг сөрөн зогсож, түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, намаа татан буулгах хэмжээний асуудлыг даван гарч байсныг журмын олон нөхөд минь мэдэх буй за.
МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал!
Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу нөхөд өө?
Манай нам бас ч гэж дотроо өрсөлддөг, асуудлаа ярьж чаддаг нам байсныг сануулах илүүц биз.
Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна. Олон жил зүтгэсэн намынхаа ЕНБД-ын хариуцлагатай ажлыг хийж, шинэ үеийн дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай нам болгохын төлөө зүтгэж ирснийхээ хувьд МАН маань уруудан доройтож байгааг хараад зүгээр суух эрх надад байхгүй.
Би МАН-ын даргад өрсөлдөнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна