"Нийслэлийн өдөр"-т зориулан хотын соёлыг уриалсан үзэл санааны явган алхалтад 300 гаруй иргэд нэгджээ

Zuv.mn
2023/11/23

Нийслэлийн 384 жилийн ойд зориулан, “Нийслэлийн өдөр”-өөр Улаанбаатар хотын 9 дүүргийн төлөөлөл болсон иргэд хотын төв талбайд цуглан 5 км-ийн үзэл санааны явган алхалтын арга хэмжээнд нэгдэн алхацгаалаа. Их хотдоо амар тайван амьдарч, хотын соёлыг түгээж, иргэд нь өөр хоорондоо халуун дотно, найрсаг харилцааг эрхэмлэсэн хот байхыг уриалсан “Би хотдоо хайртай” сэдвийн дор зохион байгуулагдсан энэ удаагийн алхалтад 300 гаруй иргэд нэгдэн алхжээ.

Тус арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо хамтран зохион байгуулсан ажээ. Арга хэмжээний нээлт Д.Сүхбаатарын талбайд болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд НАЖГ-ын дарга Д.Батсүх, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын газрын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, МЯАХ-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ болон МЯАХ-ны салбар холбоодын удирдлагууд, идэвхтэн алхагчид, иргэд оролцлоо.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой.


Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үзэж болох юм. Нүүдлийн өргөө /1639-1778/ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
Энэхүү түүхт ойг нийслэлчүүд жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг хэдий ч энэ жилийн онцлог үйл явдал нь иргэд анх удаа эв саналаа нэгтгэн, хотын эерэг соёлд уриалан, иргэддээ ээлтэй хотын үзэл санааг уриалан алхацгаасан явдал байлаа.
Явган алхагч иргэд Д.Сүхбаатарын талбайгаас эхлэн Энхтайвны өргөн чөлөөгөөр дамжин Нийслэл Улаанбаатар хотын музейд хүрч, хотынхоо түүхийн жимээр аялаж, шинээр дэлгэгдсэн ховор үзмэрүүд, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцав. Үргэлжлүүлэн цааш алхсаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүрч, хаалтаа хийцгээв.
Уг арга хэмжээнд Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар чуулга, Хан-Уул дүүргийн Соёлын төв, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид, дуучид, бүжигчид оролцож урлагийн үзүүлбэрүүдээр бэлэг барьсан юм.
Цаашид “Нийслэл хотын өдөр”-т зориулан жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын иргэдийн үзэл санааны алхалтыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор НАЖГ, МЯАХ хамтран зохион байгуулж байх санаачилгыг гаргав.
Явган алхаж байгаа иргэддээ ээлтэй хотын орчныг бүрдүүлж, хотынхоо өнцөг булан бүрд соёлыг түгээж, нийслэл хотоо хамтдаа хайрлаж, эзний ухамсартайгаар аж төрөн амьдрах соёлыг түгээх санаачилгад нэгдэн хүрэлцэн ирж оролцсон алхагчдын хамгийн бяцхан нь 8 настай, хамгийн ахмад нь 82 настай байв.
Алхалт үнэ цэнийг бүтээнэ. Завгүй их хотын амьдрал дунд 2 км дотор автомашины хэрэглээг бууруулж, 2 давхарын зайд цахилгаан шатыг хэрэглэхгүй байж, автобусны 2 буудлын хооронд явган алхах дадал хэвшлийг бүрдүүлснээр иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засагт ихээхэн тустай болохыг туршлагатай явган алхагчид энэ үеэр зөвлөж байлаа.
Явган алхалтын ач холбогдлыг танин мэдэж, суралцаж, хөгжихийг хүсвэл МЯАХ-ны www.facebook.com/groups/mongolwalkers энэхүү цахим групт нэгдэж мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой ажээ. Иргэд хоорондоо нөхөрлөж, танилцаж, хөл нийлүүлэн алхаж, хамтдаа хотдоо эзэн байх бүтээлч ухамсарыг бүрдүүлсэн “Нийслэлийн өдөр – 384 жил”-ийн дурсамжит нэгэн өдрийн үйл явдлыг онцоллоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.138
    2023/11/23

    saihaan, bugdeeree mongolchuud alhaj baival ih zugeer baigaa yum

    Хариулах