Мэргэжлийн сүмогийн хоёр "сүпер од"-ыг "сүүдэрлэсэн" Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ

Х.Батсайхан
36 минутын өмнө

Zuv.mn мэргэжлийн сүмоч, саяхан өндөрлөсөн Кюшюү башед 13 даваа, хоёр унаатай түрүүлж, ёкозүна цолны болзол сонсохоор болсон Киришима Б.Лхагвасүрэнг онцолж байна.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын Хацү башед сэкивакэ цол хүртэж, гуравдугаар сард болсон Харү башёд түрүүлэн, сэкивакэ цолтой барилдсан анхны тэмцээндээ түрүүлсэн дөрөв дэх, олон мянган жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн ес дэхь монгол бөх болсон юм. Харин өчигдөр Кюшюү башёд тэргүүлснээр дээд зиндаанд Монголын бөхчүүдийн 100  дахь түрүүг хүртсэн төдийгүй, мэргэжлийн сүмогийн дээд цол ёкозүнагийн болзлыг дахин сонсох нь тодорхой боллоо.      

Озэки Киришима /өмнө нь Кирибаяма нэрээр барилдаж байсан/ Бямбачулууны Лхагвасүрэн 1996 онд төрсөн, энэ жил 27 настай. Мэргэжлийн сүмогийн “Мичинокү” дэвжээний бөх. 2015 онд 19 насандаа мэргэжлийн сүмод орж, 2015 оны долдугаар сарын тэмцээнд жонокүчи зиндаанд Кирибаяма Тецүо нэрээр барилдаж эхэлжээ.

Анхныхаа тэмцээнд тав ялж, хоёр ялагдсан амжилтаар зиндаа дэвшсэн Б.Лхагвасүрэн дараа нь жониданд 6-1 амжилт үзүүлэн санданмэ зиндаанд дэвшиж, улмаар тус зиндаанд анхны тэмцээндээ 7-0 амжилтаар түрүүлсэн юм. Тэрбээр мэргэжлийн сүмогийн доод гурван зиндааг гуравхан тэмцээнд туулсан нь хэр баргийн аавын хүү үзүүлээд байдаг амжилт биш аж. Ер нь ирээдүйтэй гэдгээ харуулж л байжээ гэж одоо бодогдож байна.

Нэрийн хуудас:

Нэр: Бямбачулууны Лхагвасүрэн

Дэвжээний нэр: Киришима Тецүо

Цол: Озэки

Төрсөн огноо: 1996 оны дөрөвдүгээр сарын 24

Төрсөн газар: Монгол

Өндөр, жин: 186 см, 140 кг

Амжилт: Дээд зиндаанд хоёр, макүшита, санданмэ зиндаанд тус бүр нэг удаа түрүүлсэн

Шагнал: Техниктэй бөхийн шагналыг гурван удаа, дайчин бөхийн шагналыг нэг удаа хүртжээ

Ингээд 2016 оны Хацү башёд мэргэжлийн сүмогийн хамгийн хэцүү бэрх зиндаа гэгддэг макүшита зиндаанд барилдаж, анхны тэмцээндээ гурав ялж, 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй. Буцаад санданмэ руугаа бууж, хоёр тэмцээний дараа /4-3, 6-1/ буцаад макүшитадаа дэвшсэн ч гэмтэж, тэмцээн өнжсөнөөр буцаад санданмэ руугаа буужээ.

Гэхдээ энэ удаад харин санданмэд ганц тэмцээн /6-1/ зарцуулаад макүшитад дэвшиж, улмаар мэргэжлийн сүмогийн дээрээсээ гурав дахь зиндаанд анх удаа 50 хувийн амжилт үзүүлсэн байна. Энд гурван жил барилдаад 2019 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшин цолтой бөх болжээ.

Жүрёод тэрбээр харин удаагүй, яг нэг жил барилдаад 2020 оны нэгдүгээр сард макүноүчи буюу дээд зиндаанд дэвшсэн юм.

Дээд зиндааны анхны тэмцээндээ Б.Лхагвасүрэн 11-4 амжилт гарган шуугиулж, "Дайчин барилдааны шагнал" хүртсэн. Улмаар дараагийн тэмцээнд нь /2020.III/ 9 ялж, юу юугүй комүсүби цолны босгонд тулаад ирсэн байдаг. Гэвч гэмтсэнээр маэгаширагийн дээд хэсэгт нэг хэсэг барилдсан юм.

Комүсүби болсон ч буцаагаад алдаж байв. Харин өнгөрсөн оны есдүгээр сард комүсүби болсноосоо хойш том цолтны эгнээнээс хасагдалгүй 9-6, 8-7, 11-4, 12-3 /түрүүлсэн/,  11-4, 7-6-2, 9-6, 13-2 амжилт үзүүлээд байна

Нацү башёд 11 ялсных нь дараа япончууд Б.Лхагвасүрэнг “Дараагийн ёкозүна байж болох юм” гэсэн байдлаар ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Такакейшёо, Хоошорюүтай нэгэн зиндаанд үнэлдэг болсон. Одоо харин түрүүлээд дээд цолд хүрэх юм биш үү гэсэн байдлаар хандаж эхэлжээ. 

Такакейшёо 2018 оноос хойш дээд зиндаанд дөрвөнтээ түрүүлсэн ч Мэргэжлийн сүмогийн холбооноос тогтоосон “Хоёр дараалж түрүүлэх” босгыг давж чадалгүй бүдэрч яваа бөх. Хоошорюү энэ онд хамгийн тогтвортой /90 барилдаанаас 59 ялсан/ барилдсан. Харин Киришима Б.Лхагвасүрэн долдугаар сард хоёр барилдаан өнжсөн ч 62 барилдаанд ялж, нөгөө хоёроосоо илүү гарчээ.

Тэрбээр ирэх нэгдүгээр сард болох Хацү башёод түрүүлбэл, мэргэжлийн сүмогийн 73 дахь, Монголоос төрсөн зургаа дахь их аварга болно. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.162
    2023/11/27

    Одоо ийм махан толгой өөхөн цулцан бидэнд хэрэггүй ээ Захаасаа хүн алж байна.

    Хариулах
    • 103.212.117.202
      2023/11/27

      ПОШЕЛ ТЫ НАХУЙ ДУРАК БАРАН