​ Ши Жиньпиний санаачилсан гэх, “Бүс ба зам зам” дахь Монголын орон зай ​

Х.Батсайхан
2023/11/27

“Zuv” “Ши Жиньпин санаачилсан” гэх тодотголтой ч үнэндээ 2009 оноос эх суурь нь тавигдчихсан “Торгоны шинэ зам” буюу одоогийн "Бүс ба зам" санаачилгын талаар хөндөж байна.

ОХУ-ын бодлого Ази руу чиглэсэнтэй холбоотойгоор манай улсад хоёр хөрштэйгөө харилцаагаа
нягтруулах зайлшгүй шаардлага бий болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай дамжин
өнгөрөх тээврийг хөгжүүлж, БНХАУ-ын байгуулж буй “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд багтах
явдал бидний шинэ зорилт болоод буй.

Гэвч энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд гадаад харилцаандаа баримталж ирсэн “Аливаа эвсэлд үл
нэгдэх” уламжлалт бодлогоосоо татгалзах хүндхэн сорилт тулгарч ирснийг бид мэдэж байгаа. 

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх лоббиг хоёр хөрш идэвхитэй явуулж
ирсэн бөгөөд энэ нь бидний хүсээд байгаа дамжин өнгөрөх тээвэр, “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд багтах эсэх асуудалтай холбоотой гэдгийг хоёр хөршийн удирдагчид сануулсаар ирсэн байдаг.

“Торгоны зам”-ын тухай

2000 гаруй жилийн өмнөөс ашиглагдаж байсан Ази-Европыг холбосон их замыг дэлхий нийт
ерөнхийд нь “Торгоны зам” гэж нэрлэдэг. Түүхийн урт хугацаанд балран арилж, шинээр гарч ирж
байсан ч монголчуудын мандан бадралын үед ач холбогдол нь ихэсч, өрнө, дорныг холбосон гол
судас болж, дэлхийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тооцогддог. Торгоны их зам нь Хятадын
эртний Хан улсын нийслэл Чанань хотоос эхэлж, умард, өмнөд нутаг руу хоёр салан явсаар Ганьсу
муж, Шинжаанаар дамжин БНХАУ-аас гарч, Дундад Азийн улс орнуудаар дамжин Энэтхэг, Араб,
Перс, Туркт хүрдэг байжээ.

Энэхүү түүхэн ач холбогдол бүхий авто замын сүлжээг сэргээх ажил БНХАУ-ын санаачилгаар
хийгдэж байгаа юм. 

Эхлээд "Шинэ Торгоны зам" нэрээр явж байсан бол сүүлд шинэчлэлт хийгдэж, нэр нь "Бүс ба зам" болоод буй.

Зам баригдсанаар БНХАУ Европтой хийх худалдаагаа үлэмж өргөжүүлэх
боломжтой болох бөгөөд зам дайрч өнгөрсөн улсуудад ч өгөөжөө хайрлах боломжтой гэдэг
утгаараа Төв Азийн улсууд ихээхэн сонирхож, эдүгээ эрчээ аваад байгаа юм.

Бүтээн байгуулалтын ажил нь 2009 онд Казахстанд “Баруун Европ-Баруун Хятад” нэрийн дор
хэрэгжиж эхэлсэн. “Торгоны шинэ зам” дайрч өнгөрөх, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Дундад Азийн бусад улс орнуудын хувьд зам байгуулах санхүүгийн хувьд дутагдалтай байгаа нь төслийг хойш татах шалтгаан байсан. Гэвч БНХАУ хөрөнгө мөнгөөр туслан бүтээн байгуулалт үргэлжилсээр байгаа юм.

БНХАУ-ын энэ мэт хэт мэриймтгий энэ байдал ялангуяа ОХУ-ын зүгээс болгоомжлолыг
төрүүлж байгаа ч яаж ч чадахгүй байна.

“Торгоны зам” сэргэснээр ямар үр дүн гарах вэ

БНХАУ Дундад Азийн Казахстан, Тажикистан, Киргизстан зэрэг орнуудад ашигт малтмалын олон
тооны ордуудыг эзэмших болсон бөгөөд “Торгоны зам” сүлжээ сэргэснээр эдгээр ордоос
олборлосон ашигт малтмалыг зөөх, нутгийн гүнд авчирч боловсруулаад буцаагаад Европын орнууд
руу гаргах бололцоо бүрдэнэ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао 2009 оны
есдүгээр сард болсон Давосын чуулга уулзалт дээр “Шинжлэх ухааны шинэчлэл нь “Хятадад
үйлдвэрлэв” гэснийг “Хятадад бүтээв” гэсэн ойлголт руу шилжих ажилд гол үүрэг гүйцэтгэнэ” гэж мэдэгдэж байсан.
Энэ нь шууд утгаараа аутсорсинг хийхээ больж, өөрсдөө өндөр технологиор эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг болно гэсэн үг. Харин энэ бүтээгдэхүүнийг борлуулах гол зах зээл нь Баруун Европ,
тээвэр хийх зам нь “Торгоны шинэ зам” байх юм.

Монгол Улсын орон зай юу вэ 


Монгол Улс дэлхийд хаана ч байдаггүй онцлог чанар бүхий мал аж ахуй, байгалийн гаралтай түүхий
эдээ бэлэн бүтээгдэхүүн болгоод гадны зах зээлд худалдах хүсэлтэй. Баруун Европ бол бидний
сонирхлыг зүй ёсоор татах том зах зээл мөн. Тиймээс Торгоны шинэ зам эдийн засгийн бүслүүрт
багтаж, автозамын сүлжээнд нэгдэх нь том боломжийг бий болгоно.

Түүхэн талаасаа аваад үзвэл, их замын дээрэмчдийн балгаар ашиглагдахаа байж, тасарч балрахад
хүрээд байсан Торгоны замыг монголчууд л харуул хамгаалалттай болгож, худалдаачдын аюулгүй
байдлыг хангаснаар дээр дурьдсан түүхэн үүргийг гүйцэтгэх боломжийг бий болгосон.

Марко Пологийн тэмдэглэлд энэ талаар “Замын хоёр талаар өндөр мод тарьсан учир нүдээ аниад
явсан ч төөрөхгүйн дээр нарнаас сүүдэрлэгдээд таатай, харуул хамгаалалт маш чанд байх учир
дээрэмч тонуулчдаас айх аюулгүй, шөнө явсан ч болно” хэмээн тэмдэглэсэн нь бий. Үүнээс гадна
“Чингисийн далан” гэж нэрлэгдсэн томоохон байгууламж манай улсын Хэнтий, Дорнод аймгийн
нутагт байдаг.

Зүүнээс баруун тийш 600 гаруй км үргэлжлээд газар балран шингэсэн 1.5 метр урт, 10-15 өргөн
энэхүү байгууламж нь /өндөр, өргөний харьцааг харсан ч/ далан гэхээсээ илүү замтай төстэй.
Магадгүй, “Торгоны зам”-ын Монгол дахь салаа байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Тиймээс сэргээн байгуулагдаж байгаа “Торгоны шинэ зам”-д Монгол Улс нэгдэх эрхтэй. 2000-аад
оны эхээр хэрэгжиж эхэлсэн “Мянганы зам” төслийн хэвтээ тэнхлэгийн автозамыг Казахстан юм уу
БНХАУ-тай холбосноор бид “Баруун Европ” гэсэн том зах зээлийг нээж, өөрийн гэсэн онцлогтой
бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдэх юм. 

Шинээр сэргээгдэж байгаа “Торгоны зам” нь зөвхөн авто зам ч биш, төмөр зам, далайн боомтууд бас хамаарч байгаа гэдгийг хэлэхээ мартсан байна.
Хэрвээ бид энэ бүсэд багтлаа л бол төмөр зам, авто зам, далайн тээврийг хосолсон хүчирхэг
сүлжээнд холбогдож байгаа гэсэн үг юм.
Ингэснээр зүүн тийш Хятад, ОХУ-ын боомтуудыг ашиглан далайд гарч, баруун тийш Ази, Европыг холбосон сүлжээнд орсноор Монгол Улс “хоёр гарц”-тай болж, худалдан авагчийн тоогоо нэмэгдүүлэх бодит боломж бүрдэнэ. ОХУ, Барууны орнуудын хооронд “татагдсан хөшиг” улам зузаарч, Монгол улс Баруун Европ, ОХУ-ын аль, алинтай нь найрсаг харилцаагаа хадгалж чадвал бидний боломж бүр ч нэмэгдэнэ. 

Гэхдээ энэ нөхцлийг хангахад хоёр хөршийн санал болгож буй “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх санал" саад болж буй. Бид яг одоо байгаа шигээ, АПЕК-ийн гишүүнчлэлээ хадгалж, ШХАБ-т ажиглагч хэвээрээ байх тохироог хоёр хөрштэйгөө хийж чадах эсэх нь үүнд их чухал. 

Монгол Улс эдийн засагт ашигтай тодорхой үр дүн гарсан тохиолдолд ШХАБ-д нэгдэх үү

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагч гишүүний статустай. Үйл
ажиллагаанд нь идэвхитэй оролцоход ажиглагч гишүүний статус хангалттай гэж үзэж, “жинхлэх”
саналд эелдгээр татгалзсаар ирсэн билээ. Гэхдээ 2014 онд  Душанбед болсон гурван талт уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Хэрвээ дамжин өнгөрөх тээвэр болон бусад асуудлаар
бодитой алхам хийж, үр дүн гаргасан тохиолдолд орж болох юм” гэсэн санааг илэрхийлсэн байдаг.

Тухайн уулзалтад улсаа төлөөлж орж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ши Жиньпин, В.Путин нар ШХАБ-д элсэх санал тавьсан уу” гэсэн асуултад “Энэ саналыг Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар тавьсан. Өмнө нь ч тавьж байсан. Бид бол “За энэ саналыг

маш хүндэтгэлтэй сонсож байна” гэж хэлж байсан. Одоогийн бидний томъёолж байгаа томъёолол
бол Монгол Улс их идэвхтэй ажиглагч орон байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч
байна.
Мөн бүс нутгийн томоохон төсөлд Монгол Улс оролцох ёстой. ШХАБ-ын байгууллагын хүрээнд
Монгол Улсын оролцоог хэрэгжүүлж байгаа. Дэд бүтцийн шинжтэй бидний сонирхож байгаа дамжин
өнгөрөх тээвэр, Монгол Улсад холбогдох боломжтой гэж бид үздэг тэр хөнгөлөлтүүд
шийдвэрлэгдэхгүй яваад байгаа. Энэ асуудлаар хөрш хоёр улстай яриад л яваад байгаа. Тэгэхээр
гурван талт ярилцъя, бүр ШХАБ-ын гишүүн болон ажиглагчийн хүрээнд томоохон дэд бүтцүүдэд
оролцъё.
Ялангуяа төмөр зам байна. Тэр байгалийн хий дамжуулах хоолой байна. Мөн эрчим хүч үйлдвэрлэж
дамжуулж болох боломж байна. Тэгэхээр энэ боломжуудыг ярилцъя. Европ, Азийн авто замаар
холбогдох боломжууд байгаа. Тэр ажил руу оръё. Ийм үр дүнгүүд гарах ёстой гэж би харж байгаа.

Түүнээс биш зүгээр нэг оролцоод хэдэн минут үг хэлээд хүмүүстэй гар бариад өнгөрөх биш. Энэ ажлаас илүү бодит ажлын үр дүнг хүлээж байна гэж бид хариулж байгаа. Бид бол идэвхтэй оролцоно. Одоохондоо ажиглагчийн статус нь бидэнд хангалттай юм. Бид саналаа маш тодорхой хэлж байгаа. Бид дамжин өнгөрөх тээвэр, эдийн засагт үр ашигтай зүйл дээр тохиролцсон тохиолдолд орж болох юм гэсэн байр суурьтай байгаа” гэж хариулсан юм.

Түүний энэ мэдэгдэл олон улсын анхаарлыг шууд татсан байх ёстой. Учир нь, Шанхайн хамтын
ажиллагааны байгууллага бол анх үүсэхдээ л терроризмтэй хамтарч тэмцэх, эдийн засгийн
чиглэлээр хамтарч ажиллах нэрийн дор энэ бүс нутаг дахь АНУ-ын оролцоог хумих бодлогыг явуулж
ирсэн, Хятад, ОХУ зэрэг улсуудын Америкийн эсрэг тэнцвэртэй байдлыг хангах гэж байгуулагдсан
олон улсын хамтын байгууллага юм. 

ШХАБ-аас бидэнд “урилга” ирүүлж байгаа ч АПЕК буюу Ази Номхон далайн орнуудын хамтын
ажиллагааны байгууллагад элсэхийг илүүд үзэж байгаа нь бидний гадаад бодлогодоо баримталдаг
зарчимтай холбоотой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадаад бодлогодоо бүх улс оронтой ижил тэгш
хэмжээнд найрсаг харилцааг хөгжүүлэх, “эвсэлд үл нэгдэх” зарчмыг баримталсаар ирсэн. Тиймээс
“Бүс нутгийн хэмжээнд АНУ-ын нөлөөг бууруулах зорилготой” байгуулагдсан гэгддэг Шанхайн
хамтын ажиллагааны байгууллага бидний хувьд арай дэндүү “битүү сав” юм. Харин АПЕК бол арай
өөр, манай улсын бодлогод нийцэж байгаа учраас механизмуудыг нь ашиглах боломж байна.
Тиймээс Ерөнхийлөгчийн хэлсэн үг Монгол Улс үнэтэй гэдгийг “гуравдагч” гэгдэх нэр томъёонд
хамрагдаж байгаа их гүрнүүдэд сануулсан байх учиртай. 

Энэ байгууллагын гишүүнчлэл бидэнд амин чухал болоод байгаа дэд бүтцийн төслүүдийн “барьцаа" болж ирснийг уншигч авхай дээрх мэдээллээс ойлгосон биз. Ямартай ч одоогийн байдлаар манайхан хоёр хөрштэйгөө ойлголцож, дээр дурдагдсан төслүүдээ бага, багаар урагшлуулж буй нь дээд түвшиндээ шийдэл нь нэгэнт гарчээ гэсэн мэдрэмж төрүүлдэг.  Бидний сонголт хаашаа чиглэх нь удахгүй ил болох биз ээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна