Анхаа Ханаа​: Хэн өвлөгч болох, хэн эзэн суух нь бидэнд сонин биш

Zuv.mn
10 цаг 9 минутын өмнө

Бурханч лам Г.Пүрэвбат агсаны охин өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа идэрхийлжээ. 

Анхаа Ханаа: 

"Бодоод л...

Аавыг минь явснаас хойш олон зүйл болж өнгөрлөө. Бид чамгүй олон дайралтад өртөж, дээрэлхүүлсээр байгаа ч, аавын минь буянаар сайн хүмүүсийн дэмжлэг тус ч их байгаа. Амьдрал гэдэг амаргүй даваа юм аа.

Хэн юу гэж худлаа ярьж, худал мэдээлэл тараан, бид гурвыг яаж ч харааж зүхлээ гээд одоо бидэнд тийм ч чухал биш болжээ. Одоо бид гурвын хувьд ганцхан зүйл л чухал байна.

Хэн өвлөгч болох, хэн эзэн суух нь бидэнд сонин биш. Харин ард түмэндээ хүртээлтэй, шашин соёлын өвийг түгээн дэлгэрүүлж чадах сэтгэлтэй, зөв удирдлагыг олох нь хамгийн чухал асуудал болоод байна.
Эзэн нь бол аав минь байсан. Үүрд ч аав минь байх болно. Аавын минь захиж, хүсэж, мөрөөдөж явсан зүйлийг үргэлжлүүлэн авч явж чадах зөв удирдлага хэрэгтэй.

Аавын маань шавь нар дунд үнэхээр чадварлаг, сэтгэлтэй олон хүн бий. Бид бүгд ярилцаж, зөвлөлдөж, боломжит бүх хувилбарыг хэлэлцэн, хамгийн зөв шийдвэрийг гаргахын төлөө зүтгэж байна.
За чи одоо эзэн нь шүү би өмчилнө шүү гэх асуудал биш шүүдээ.

Ээж, дүү бид гурав бол зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчид. Аав минь амьд сэрүүн үед бид урдуур нь орж, шийдвэр гаргах шаардлага үүсч байгаагүй. Харин одоо аав шиг төгс хийж чадахгүй ч чадах чинээгээрээ хичээж, хамгаалж, зөв удирдлага бүрдүүлэхээр зүтгэж байна.

Энэ бол "би" гэсэн төвтэй хүний хийх ажил биш. Харин Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй, энэ их бүтээлийн үнэ цэнийг ойлгодог, хүнийг энэрэх сэтгэлтэй хүний хийх ажил гэж бид бодож байна. Аав минь орлуулашгүй ч, бид олноороо хүчээ нэгтгэн ажиллавал, тэнгэр харж, аав минь ч тэндээсээ харж байгаа учраас зөв замдаа орно гэдэгт итгэж хүлээж сууна.

Аав минь, та л биднийг чиглүүлнэ. Хоёр охиндоо үлдээсэн албан ёсны гэрээслэлээр чинь бид бол хамгаалагчид бид таны заасан замаар л дагаад явна.

Харин та бүхнээсээ ганц л зүйл гуймаар байна. Дүү бид хоёрыг бол юу гэсэн ч болно оо гэхдээ настай ээжийг минь монголын төлөө бүх л амьдралаа зориулаад нутагаа хаяад гэр бүлээ хаяад монголыг, аавыг хайрлаж хөдөлмөрлсөн сэтгэлийг нь солонгос гэдэг шалтгаанаар битгий хэмэлж муулаарай. Аавыгаа алдсан бид хоёрт одоо ээжийгээ юунаас ч илүү хайрлаж бүх л муу муухайгаас хамгаалж өмөөрмөөр байгаад байх юм аа" гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна