Спортын түүхэнд сонин содон тохиолдол бишгүй бий. Тэдгээрийн нэг нь хөлбөмбөгийн хүчирхэг гүрэн Бразил шигшээ багийнхаа дасгалжуулагчаар телевизийн тайлбарлагч Жоао Салданья гэгчийг томилж, алдагдаад байсан суу алдраа буцааж авчирсан тухай юм. Дор энэхүү түүхийг өгүүлэх болно.
Сэтгүүлчид хөлбөмбөгийн дасгалжуулагчдыг шүүмжлэх нь байдаг л зүйл. Ийм үед зарим дасгалжуулагч “Чи өөрөө миний ажлыг хийгээд үз л дээ” гэж адрах нь ч бий. Тэгвэл 1968 онд Бразилийн шигшээд яг ийм явдал тохиолджээ.
Бразилийн хөлбөмбөгийн холбоог тэр үед домогт зүтгэлтэн Жоао Авеланж удирдаж байсан бөгөөд шигшээг сэтгүүлчид даатгах нь түүний санаа байсан юм. ДАШТ дөхсөн эгзэгтэй үед ийм эрсдэлтэй шийдвэр гаргах болсон шалтгааныг эдүгээ янз бүрээр ярьдаг ч дасгалжуулагч олдохгүй байсан гэдэг яриа арай үндэстэй нь. Тухайн үеийн нөхцөл байдлыг төсөөлөх гээд үзье.
Хэдий дэлхийд хоёр дараалан түрүүлж (1958, 1962), алдар суугаа мандуулсан ч Бразилийн хөлбөмбөгт хямрал гээч нь жинхэнэ утгаараа нүүрлээд байжээ. Пелег орлох тоглогч байгаагүйгээс гэмтсэнийх нь дараа багийн тоглолт унаж, 1966 оны ДАШТ-д хэсгээсээ ч шалгаралгүй нүдний булай болов. Пентакампеонууд түүхэндээ хоёр л удаа (1930, 1966) хэсгээсээ гарч чадаагүй байдаг. Анхны ДАШТ-д орсон баг нь хэсгээсээ гаралгүй нутагтаа ирэхэд юу ч болоогүй мэт угтсан бразилчууд 1966 онд багийнхаа бүтэлгүйтлийг сүйрэл мэтээр хүлээж авсан юм. Ингэх нь ч зөв байв. Дэлхийд хоёр дараалан түрүүлсний дараа хөгжөөн дэмжигчид, хэвлэлийнхний шигшээ багт үзүүлэх дарамт хэрээс хэтрээд байв. Хожоод байхад л “Илүү сайн тоглох ёстой байсан, олон бөмбөгөөр хожсонгүй” гэхчлэн шүүмжилдэг байжээ. Ийм их дарамтыг ямар ч дасгалжуулагч тэсч давахаа болиод байв.
Тиймээс Ж.Авеланж эхлээд Бразилийг 1962 онд дэлхийн аварга болгосон Айморе Морейрог авчирлаа. Тэр үед /1967-1968 он/ Бразилийн хөлбөмбөг авлигад живж байсныг энд бас дурдахгүй өнгөрч боломгүй. Медиа магнат Пауло Машадо де Карвальо энэ бүхний гол дүрд тоглож, тохиролцсон тоглолтууд явуулж байв. Дуу цөөтэй А.Морейра энэ байдалтай тэмцэнэ гэхэд хэтэрхий “дотогшоо” хүн байв.
Айморе Морейро /Aymore Moreiro/
А.Морейра шигшээ багийг хүлээж аваад тоглолтын чанарыг сэргээх гэж чамгүй оролджээ. 1962 онд дэлхийн аварга болоход түүнд Пеле, Гарринча, Диди, Вава байсан бол энэ удаа Пелегээс бусад нь алга байв. Гэхдээ А.Морейрад хамгийн ихээр саад болж байсан зүйл нь нөхөрсөг тоглолтуудын хэт шахуу график байжээ.
Тэр үед онц шаардлагагүй тэмцээнүүд ч их байж. Тиймээс тэрээр шигшээ багийн төлөвлөгдсөн тоглолтуудаас татгалзаж эхэлжээ. 1968 оны зун А.Морейра Бразил, Парагвай гэсэн хоёр баг л оролцдог “Освальдо Крузын цом” тэмцээнд оролцохоос татгалзлаа. Дараа нь Аргентинтай хийх байсан хоёр тоглолтыг ч алгасчээ. Бразилийн хөлбөмбөгийн холбоо эдгээр тэмцээнийг зальжинаар өнгөрүүлэх арга олов. Эхлээд Парагвайн шигшээтэй Сан Паулу мужийн шигшээ багийг тоглуулсан бол Аргентиний эсрэг эхлээд “Ботафого”, дараа нь “Крузейро” багийнханд шигшээ багийн өмсгөлөө өмсгөн тоглуулжээ. Энэ байдал намар нь ч давтагдаж, Югославын шигшээтэй “Атлетико минейро” багийн тоглогчид дасгалжуулагч Юстрич хэмээх Доривал Книпелийн удирдлага дор оролцсон байна.
Ийм байдлаар нэг жилийн дотор таван ч хүн шигшээ багийг дасгалжуулсан гэсэн нэр зүүсэн аж. Хэвлэлүүд энэ байдалд дургүйцэж, А.Морейраг “Хулчгар” гэж цоллож байлаа. Гол шүүмжлэгч нь манай нийтлэлийн баатар Жоао Салданья байжээ.
Жоао Салданья
Югославтай өөр баг тоглосны дараа тэрээр А.Морейрог “Зул сарын баяраа тэмдэглэхээр яарлаа” гэж шүүмжилсэн бол удалгүй шигшээ багийг саалийн ямаан сүрэгтэй зүйрлэсэн байна. “Атлетико минейро”-г удирдаж Югославтай тоглосон Доривал Книппеллийг ч гадаад төрхөөр нь шоглож /Доривал илүүдэл жинтэй, барагтай бол инээдэггүй хүн байжээ/, янз бүрээр дайрсан аж. Түүний энэ шүүмжлэлийг Жоао Авеланжийн мэдрэл ч тэссэнгүй, А.Морейраг халж, дасгалжуулагчийн суудлыг Ж.Салданьяд санал болгох нь тэр ээ. Содон түүх ингэж бичигдэв.
Жоао Салданья гэж хэн бэ
Шигшээ багийн дасгалжуулагч болохдоо Ж.Салданья 51 настай байжээ. Түүнийг дасгалжуулагч болохоосоо өмнө зөвхөн сэтгүүлч, тайлбарлагч байсан гэвэл алдаа болно. Тухайн цагтаа сэтгүүлч, тайлбарлагчаас илүү нөлөөтэй нэгэн байсан бөгөөд түүний талаар бразилчууд үлгэр домог шиг ам дамжуулан ярьдаг байжээ.
Зургаан настайгаасаа аавдаа туслан Бразил, Парагвайн хооронд зэвсгийн наймаа хийж эхэлсэн, 17 настайдаа коммунист намд элсэж, оюутны байгууллагыг нь удирдсан, 19-тэйдөө анх дайны утаа үнэрлэсэн гээд л. Жоао Япон, Хятадын зөрчилдөөн, Нормандын эрэгт холбоотнууд буусан түүхэн үйл явдалд сэтгүүлчийн хувиар оролцож, газар дээрээс нь мэдээлсэн нь үнэн аж. Тэрээр дээрх хугацаанд тууштай Троцкист болж төлөвшсөн ч эх орондоо ирээд улстөрч биш, спортын сэтгүүлч болжээ.
Ялгуусан алдраа сэргээсэн нь
Жоао хэдий сэтгүүлч ч хөлбөмбөгөөс ангид нэгэн бас биш. Залуудаа “Ботафого”-гийн өсвөр, залуучуудын багт тоглож байж. Дасгалжуулаагчаар ч хооснгүй, 1950-иад оны сүүлээр тус багийнхаа түр зуурын дасгалжуулагчаар томилогдож, хоёр жил хийсэн аж. Ингэж явахдаа 1957 онд багаа Рио де Жанейро мужийнхаа аварга болгожээ. Тэр үед Бразилийн мужууд тус, тусдаа аваргаа тодруулдаг байсан тул Ж.Салданья багаа хамгийн том тэмцээнд нь түрүүлүүлсэн хэрэг.
Ийм л сонин намтартай нэгэн 1969 онд шигшээ багийг дасгалжуулахаар болсон байна. Хэдий тэр хөлбөмбөгийн талаар хоосонгүй ч Жоао Авеланж маш том эрсдэл гаргасныг бүгд ойлгож, түгшиж байжээ. Бразилийн шигшээ зун нь ДАШТ-ий сонгон шалгаруулалтад Парагвай, Колумби, Венесуэльтэй тоглох ёстой. Энэ бол Освальдо Крузын цом биш. Бүтэлгүйтвэл шигшээ баг ДАШТ-ийг өнжих ч аюултай.
Гэхдээ Ж.Салданья эхний тогтолтоосоо л энэ эргэлзээг арилгасан юм. Түүний баг өмнөө таарсан өрсөлдөгч бүрийг өчиггүй буулгаж авч байв. Тэдгээр тоглолтуудаас “Маракана”-д Перуг буулгаж авсан тоглолт маш хүнд болсон. Эсрэг багийн Де ла Торре Жерсоны эсрэг ширүүн тоглосноос үүдээд тоглогчид талбай дээр бараг “алалцжээ”. Энэ тоглолт одоо ч Бразилийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тулаануудын нэгд тооцогддог. Бразил 3:2-оор хожиж дууссаны дараа Жоао Салданья “Талбайд 11 тоглогч биш, 11 араатан байсан” гэж ярьсан аж. Сэтгүүлчид мэргэжил нэгтнээ бодоод хурцаар шүүмжлэхээ больж, харин шигшээ багаа “Ж.Салданьягийн араатнууд” гэх болжээ.
Дараалсан хожлууд
Ж.Салданья хөлбөмбөгийн агуу тактикч байсан гэвэл худал зулгуйдсан хэрэг болно. Тэр байтугай энэ тодорхойлолтод дөхөж ч очихгүй гэж олон эх сурвалжид бичсэн байна. Тэрээр тоглогчдодоо “Миний санаа бүтэхгүй бол тактикаа солиод өөрсдийнхөөрөө тоглочихоорой” гэж хэлдэг байсан гэнэ. Гэхдээ хөлбөмбөгчид нь өөрсдийнхөөрөө тоглох хүртэл их зай байдаг байж. Ж.Салданья шигшээ багийг аваад тактикийн олон хувилбарыг туршиж үзсэн байдаг.
Өөрчлөлт, туршилтууд нь хамгаалалтыг маш найдвартай болгоод довтлогчдод илүү эрх чөлөө олгох зарчим дээр үндэслэдэг. Довтолгоонд түүнд ид ирэн дээрээ буй Пеле байсанд хэргийн учир оршино. Хөлбөмбөгийн хаан энэ үед гэрлэж, аж ахуй эрхэлж, авьяас, нэр алдраа мөнгө хөрөнгө болгох аргад хэдий суралцаад эхэлчихсэн үе. Намтрын номоо бичсэнийх нь дараа бразилд боловсролтой хүний тоо эрс нэмэгдсэн. Гэсэн ч хөлбөмбөгөөс огт хөндийрөөгүй байлаа.
Тэрээр урьднаасаа илүү ухаалаг болсны дээр 17-той үеийнхээ супер хурдыг алдаагүй байв. Түүнийг ийнхүү шигшээ багийн итгэл найдвар болж байхад урьдны хамтрагчид болох Гарринча ч төрөлх Риогийнхоо аль нэгтээд чимээгүйхэн хөлчүүрч, Диди нь Перугийн шигшээ багийг дасгалжуулж байв. Одоо залуухан Тостао, Жаирзиньо хоёр Пелегийн хамтрагчид болжээ.
Жаирзиньо баруун жигүүрийн довтлогчийн байрлал дээр Гарринчатай өрсөлдөн ялж гарсан бол “Крузейро”-гийн Тостао шигшээ багийнхаа гол “мэргэн бууч” нь болоод байв. Ж.Салданьягийн үед Тостао бараг тоглолт болгонд шахам дубль, хет-трик хийж байв (Зөвхөн 1969 онд л гэхэд шигшээ багтайгаа 13 тоглолтод 14 гоол оруулсан энэ агуу тоглогч нүдний гэмтлээс болоод 1973 онд 26-хан насандаа зодог тайлсан юм).
Тостао
Дээр хэлсэнчлэн, Ж.Салданья хамгаалагчаас бусад бүх байрлалын тоглогчдод чөлөөтэй тоглох боломж өгдөг байлаа. Тиймээс хамгаалалтаа найдвартай Карлос Альбертод даатгаж, дундын шугамаа Жерсон, Дирсеу Лопес нарын зэрэг бүтээлч тоглогчдод хариуцуулж байв. Харин ирээдүйд домогт тоглогч болох заяатай Ривелино сэлгээнд суудаг байжээ.
Энэ бүхний бодит үр дүн нь үнэхээр гайхалтай байлаа. Ажил авснаас хойш эхний 13 тоглолтод 13 хожил, бөмбөгний харьцаа нь 50:9. Шигшээ баг, Пелед итгэх итгэл сэргэж, сорилгыг нэг амьсгаагаар туулав. Зургаан тоглолт, зургаан хожил. 23 гоол оруулж хоёрыг алджээ. 23 гоолын 10-ыг нь Тостао оруулав. ДАШТ-д ч асуудалгүй түрүүлэх мэт мэдрэмж энэ үед бүрэлджээ.
А.Морейрагаас ялгаатай нь Салданья нөхөрсөг тоглолт хийхээс цааргалдаггүй, хэнтэй ч өрсөлдөхөөс буцдаггүй байв. Энэ нь замналд нь гай болсон юм. Шигшээ багийн цугларалт эхлэхийн өмнө түүн рүү Жоао Авеланж утасдаж, Колумбийн “Мильнариос”, “Атлетико минейро”-той тоглох болсныг дуулгажээ. Гол нь энэ тоглолтуудад шигшээ багийн уламжлалт тактикийг ашиглахыг үүрэгдсэн аж. Түүний хэлэхийг сонсоод Ж.Салданья харилцуурыг шидсэн гэдэг.
Зөрчилдөөн
Амжилт ялалтаар үргэлжилж байсан 1969 он таагүй төгслөө. Оны төгсгөлд Бразилийн шигшээ Минас Жераис мужийн шигшээд 1:2-оор хожигджээ. Тэр багийг дээр нэр дурдсан Устрич буюу Доривал Книппел удирдаж байв. Тэрээр сэтгүүлчийн байр суурин дээрээс хэл амаар доромжилж байсан Ж.Салданьяд хариуг нь ямар ч хамаагүй аргаар өгөхөөр сэтгэл шулуудсан байж. Тэрээр тоглогчдоо хатуу ширүүн байхыг зааварчилж, үр дүнд нь Жаирзиньо гэмтэх дөхсөн бөгөөд тоглолт дууссаны дараа талбай дээр зодоон дэгдэх шахсан гэдэг.
Хөлбөмбөгийн дасгалжуулагчийнх нь хувьд түүнээс өө хайгаад олоход хэцүү. Тэр үеийн тоглолтын дүн, статистикийг харсан ч шүүмжлэх зүйл олдохгүй. Зүй нь тэрээр багаа ДАШТ-д авч орох ёстой байлаа. Гэтэл чадаагүй. Чадаагүйн шалтгаан нь багийн амжилттай нэг их холбоогүй. Харин өөр нэг юмаараа Жоао Салданья үнэхээр Бразилийн хөлбөмбөгт шинэ үзэгдэл болж чадсан юм. Үргэлж дуулиан шуугиан тарьж явдаг, төрөлхийн хэлэмгий доломгой, коммунист, Рауль Кастротой нөхөрлөдөг гэдгээ хэвлэлээр зарладаг энэ хүн багийн эздээс хамааралгүй дасгалжуулагчдын дүр төрхийг бий болгосон гэж үздэг. Энэ үнэн байсан юм.
Тэрээр “Хөлбөмбөг бол бразил жаал бүхэн дахилтыг нь хийж чаддаг самба бүжиг шиг байх ёстой” гээд бүрэлдэхүүнээ ягштал барьдаг, Рио, Сан-Паулу и Белу-Оризонтигоос гарч ирсэн шинэ авьяастнуудад боломж олгохоос татгалздаг байж. Тиймээс том багуудын эзэд шигшээ багийн бэлтгэлийн төв дээр очиж Ж.Салданьятай уулздаг, тоглогчийг нь хараач гэх мэтээр царай алддаг болсон гэдэг. Баг нь хожиж байсан тул хөгжөөн дэмжигчид ч түүнд сайн байлаа. Гэтэл нөгөө талд бас дайснууд бий болж байв. Тэд Ж.Салданьяг унагахын тулд боломжтой бүхнийг хийж байв. Хөгжөөн дэмжигчийг холдуулахын тулд “Ж.Салданья Пелег ДАШТ-д авч явахгүй гэнэ” гэсэн цуу хүртэл тараажээ. Хамгийн гол нь Ерөнхийлөгч Эмилио Медичи түүний эсрэг болсон нь чөлөөлөгдөх шалтгаан болжээ.
Эмилиу Медичи
Э.Медиси бол цэргийн дарга, генерал хүн бөгөөд засагласан таван жилд нь Бразилд дарангуйлал тогтож байсан юм. Тэрээр бүх зүйлд хэт барууны үзлээр хандаж, цаазын ялыг сэргээн засгийн эсрэг ажилласан хүмүүст оноож байлаа. Гэтэл бүхнийг өөрийнхөөрөө байлгах дуртай энэ хүнд бас шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгох хүсэл төржээ. Тэрээр Ж.Авеланж болон бусад дарга нараар дамжуулан шигшээ багт цагаан болон өнгөт арьст тоглогчдын тэнцвэрийг хангахыг Ж.Салданьягаас шаардах болжээ. Мөн өөрийн дэмждэг багийн, дуртай тоглогч болох “Атлетико минейро”-гийн Дада Маравильо гэгчийг шигшээд ав гэсэн аж.
Ж.Салданья үүнд бууж өгсөнгүй. Тэрээр төрөлхийн хэлэмгий, өдсөн хүнийг эвгүй байдалд оруулах төрөлхийн авьяастай нэгэн байлаа. Нэгэн удаа Хамбургт тоглолтоор очоод байхад нь телевизийн сэтгүүлч “Танай улсад нутгийн уугуул иргэдийг олноор нь хөнөөж байгаа талаар юу гэж бодож байна вэ” гэж асуухад “Манай улсад 470 жилд хөнөөсөн уугуул иргэдийн тоо танай фашистууд дайны үеэр 10 минутад хөнөөсөн хүний тооноос илүү гарахгүй болов уу” хэмээн хариулсан удаатай.
Тэгээд төрийн тэргүүнийхээ шаардлагад “Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлэхдээ миний бодлыг асуугаагүй” гэж хариулжээ. Энэ нь “Үгүй” гэсэн үг байв. Тэгэнгүүт Юстрич буюу Доривал Книпель эрс идэвхиж ирэв. Тэрээр “Фламенго”-г дасгалжуулж байсан бөгөөд хэвлэлээр дамжуулан Ж.Салданьяг шүүмжилж, “Шигшээ багийг дасгалжуулах хоногийн тоо нь гүйцсэн” гэх мэтээр илт басамжилжээ. Энэ сөргөлдөөн золтой л буудалцаанаар төгссөнгүй. Ж.Салданья револьвер гар буугаа аваад “Фламенго”-гийн бэлтгэлийн баазад давхиж очсон аж. Эндээс хойш болсон үйл явдлын тухай мэдээлэл хоорондоо зөрдөг.
Доривал Книпель
Тухайн үед тэнд байсан хүмүүс Ж.Салданья Доривалыг олж чадаагүй гэдэг бол Доривал өөрөө “Жоао Салданья миний нүүрэнд буу тулгаж, дээшээ хий буудсан” гэж нотолдог аж. Ж.Авеланжийн тэвчээр ч энэ үеэс алдуурч, шалтаг хайж эхэлсэн гэдэг. Тэр нь удалгүй гарсан юм. Гуравдугаар сарын 14-нд Бразилийн шигшээ баг “Бангу” гэх багтай нөхөрсөг тоглолт хийжээ. Албан ёсны гэж нэрлэхэд ч хэцүү энэ тоглолт шигшээ баг хожигдоогүй ч нөгөө шалтаг гараад ирэх нь тэр ээ. Сураггүй багтай 1:1-ээр тэнцсэн гэдэг үндэслэлээр Ж.Авеланж дасгалжуулагчаа халж, оронд нь арай дуулгавартай, эрх баригчдын талд байдаг Марио Загаллог томилсон юм. Тэрээр Ж.Салданьягийн багийг ДАШТ-д авч ороод түрүүлсэн билээ. Гэхдээ Дирсеу Лопезыг орхиж, Ерөнхийлөгчийн дуртай Дада Маравильяг авсан юм. Мексикт Дирсеу Лопезын байрлалд Ривелиньо гялалзсан бол Дада Маравилья нь сэлгээнд суугаад таарсан байдаг.
1970 оны дэлхийн аварга Бразилийн шигшээ баг.
Устрич шигшээ багийг дасгалжуулаагүй бол Ж.Салданья сэтгүүлчийн ажилдаа эргэн орж, 20 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, цэцэн, оновчтой тайлбараар хөгжөөн дэмжигчдээ баясгасан юм.
Бразилийн хөлбөмбөгийн нэгэн домог болсон энэ хүн 1990 онд ДАШТ тайлбарлахаар Ромд очоод байх үедээ нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.205
Марио Загаллог агуу гэж бодож байсан, энэ хүний бэлдсэн бэлэн юман дээр нэг удаа очиж байжээ
Хариулах