Монгол улс дэлхийн үүрэн холбооны конгресст үүрээ заслаа

Х.Есү
Өчигдөр 15 цаг 34 минут

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын  хамгийн том  арга хэмжээ “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024” /Mobile world congress/ эхэллээ.  

Испанийн  Хаант улсын Барселон хотод энэ сарын 26-29-ний хооронд болох MWC-т  Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар манай улс анх удаагаа өөрийн асар /booth/ байгуулан, төр, хувийн хэвшил хамтдаа Монголын  цахим шилжилт, технологийн хөгжил, дэвшлээ сурталчлан оролцож байна.

Энэ санаачилга нь Ази, Номхон далайн бүсийн түнш орнуудын дижитал хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэлхийн улс орнуудад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид MWC-ийн хүрээнд хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцоно. 


MWC-т дэлхийн олон арван мянган технологи, инновац бүтээгчид, харилцаа холбооны гол тоглогчид, төрийн өндөр дээд албан тушаалтнууд гээд  100 мянга гаруй хүн, 2 мянга орчим компанийн төлөөлөл оролцож байна. Арга хэмжээний хамгийн чухал, томоохон сэдвүүд нь хиймэл оюун ухаан, сансрын хиймэл дагуул, 5G технологи, B2B боломжууд бөгөөд технологигүйгээр салбарынхаа хөгжлийг  төлсөөлж болохгүйг баталсан  танилцуулга, уулзалтууд үргэлжилж  байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна