"Хошгируулах урлаг"

Zuv.mn
2024/05/09

Дэлхийн том улс гүрнүүд давамгай байдлаа хадгалахын тулд олон улсыг хамарсан механизмуудыг ажиллуулдаг. Тэгвэл популист удирдагчид, дарангуйлагчид төр, олон нийтийн байгууллагыг ашиглан ард түмнийг тогтоон “барьдаг” талаарх мэдээллийг хүргэж байна.

“Нийгмийн сэтгэлзүйг зөв удирдсанаар хүнийг идэх хоолгүй, өмсөх хувцасгүй байсан ч аз жаргалтай амьдруулж болно. Улстөрчийг ажил хийхгүй байсан ч нэр хүндтэй байлгаад байж дөнгөнө”

"Хошгируулах" хэмээх нэршил ба хар пи ар

Хошгируулах гэдэг үгийг “Монгол хэлний их тайлбар толь”-д тарвагыг хөөргөх, хүний хөөргөж, хуурч мэхлэн хэргээ гүйцээхийн нэр хэмээн тайлбарлажээ. Хоёр дахь утга нь манай улстөрчдийн хамгийн анхаарал хандуулдаг салбар болоод байгаа хар пи ар, нийгмийн сэтгэгдлийн удирдлага /impression management/-ийн тухай өгүүлэх юм.

Тарвагачилж буй анчин багныхаа ачаар олзныхоо анхаарлыг өөртөө татан, өөр юу ч анзаарах сөхөөгүй болгож байгаад аятай байрлалаас буудаж унагадаг. Улстөрчид харин сонгогчдыг өөрийн бүрдүүлсэн багаараа хошгоруулж байгаад нэр хүндээ өсгөж, эрх мэдлээ хадгалахыг эрмэлздэг. Анчны хувьд баг хийхдээ чонын арьс төдийхнийг ашигладаг бол  бол улстөрчдийн баг нь  нийгэмд нэр хүндтэй хүмүүс, янз бүрийн зорилготой ТББ-ууд, тэр бүү хэл төрийн яам, агентлагууд юм. золиосоо шууд алдаг бол улстөрчид алахгүй ч иргэдээсээ заяагдмал болон бусад эрхүүдийг нэг, нэгээр нь булааж авдаг.

Нийгмийн сэтгэгдэл зүй, түүнийг улс төрийн зорилгоор ашиглах нь

Нийгмийн сэтгэгдэл зүй түүнийг улс төрийн зорилгод ашиглахыг социологич Питер Холл 1972 онд тодорхойлжээ. Тодруулбал, тэрээр нийгмийн сэтгэлзүйгээс улс төрийн сэтгэлзүйг салаалуулан гаргасан байна. Түүний үндэслэсэн ухааны гол агуулга нь улстөрчийг олон нийтэд сайн, сайхан, нэр хүндтэй харагдуулах явдал юм. 

Биологийн хичээл дээр “Хүн бол биологи нийгмийн амьтан” гэж сургадагийг бүгд сайн мэдэж байгаа байх. Дасан зохицох асар өндөр чадвартай амьтан болохыг үүгээр илэрхийлжээ. Чонотой өсвөл чоно л болно. Хүмүүстэй өсч байж л хүн болно. Хүний хувьсах, хүлцэн тэвчих чадвар зэрлэг адгуусаас соёлт хүн хүртэлх өргөн хүрээг хамарч чадаж байгаа юм чинь, хүн дотроо баян, ядуу, чаөлөөтэй чөлөөгүй зэрэгт бол өлхөөн дасан зохицно л доо. Африкийн үгээгүй ядуучууд, Ойрхи Дорнодын төрөлхийн цэргүүд орчноо голохгүй амьдраад байдгийн учир энэ. Гагцхүү өөр боломж бололцоо байдаг гэдгийг нуух, байсан ч нэг, нэгээр нь булааж авах нь дарангуйлагчдын гол зорилго юм. 

Хүн эд зүйлсээ булаалгасан бол буруутай этгээдэд хариуг нь тэр дор нь өгнө дөө. Гэтэл эрхээ алдчихсан хэрнээ түүнийгээ мэдэхгүй, харин ч аз жаргалтай, сэтгэл хангалуун үлддэг учир бас байна. Улс төрчид иргэдээ чухам ийм болгохын тулд нийгмийн сэтгэл зүй, улс төрийн сэтгэгдэл зүйн ухааныг ашигладаг байна. “Цалин хасна” гэж айлгаад “За та бүхний аргагүй байдлыг бодоод болье, бид тэсье” гэчихэд л хүмүүс хөдөлмөрийн үнэлэмжээ дэлхийн жишигт хүргэхийг шаардах зүй ёсны эрх”-ээ хулгайлуулсан хэрнээ “Хасуулаагүй нь яамай” гээд сэтгэл хангалуун болчихдог. 

Татварыг хэт өндөр хувиар нэмэх гэж байснаа хэн нэгэн “сайхан сэтгэлт” эрх мэдэлтний шийдвэрээр болих зэрэг нь дээрхтэй ижил зорилго үр дүн дагуулдаг. Монголд бол эрх баригчид сонгуулийн өмнө их зүйл амладаг мөртлөө сонгогдсоныхоо маргаашнаас “Мөнгө байхгүй, төсөв хүрэлцэхгүй” гэж ярих нь бараг жам болсон. Энэ нь эрх баригч намууд иргэдээ хангалуун амьдрах бололцоогоор хангах үүргээсээ санаатайгаар зайлсхийж, ядуу гуйланчлалтай байдалд дасгаж байгаа хэрэг мөн.   

Улстөрчдийн багны хэлбэр хийгээд тэднээр дамжуулан иргэдийн эрхийг хязгаарласан тохиолдлууд

“Надад тулах цэг өгчих, тэгвэл би дэлхийг хөдөлгөё” гэж эрдэмтэн Архимед хэлсэн гэдэг. Тэр тулах цэг нь хөшүүрэг бөгөөд Нарнаас ямар ч билээ, од хүртэл урт хөшүүрэгтэй байсан бол хэлсэндээ хүрэх байжээ” гэж эрдэмтэд хожим тодорхойлсон нь бий. Тэгвэл улстөрчид “...-ийг авчих юм сан, тэгвэл би” гэж боддог байгууллагууд бий. Шүүх, цагдаа, бүртгэл, статистик гээд. Үүнээс гадна иргэн, ТББ-ууд ч багтана. Дээрх хэлбэрийн субъектуудыг ашиглаж иргэдийг ямар, ямар эрхээс нь салгаж байсныг тус бүр нэг жишээтэйгээр дор сийрүүлье.

Иргэн, ТББ-Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөө эргүүлж авах, баялгаа эзэмших эрхийг хязгаарлав. Хувь хүн үзэл бодлоо илэрхийлж бичсэн хүсэлт, захидлаар далимдуулж “Хамтын тэтгэврийн хууль” хэмээх нийгэмд маш их хүлээлттэй байсан хуулийг цуцалсан тохиолдол 2016 онд гарч байлаа. Тухайн үед Сангийн сайд нь “Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Нас барсан хүнийхээ тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал их ирүүлж байгаа учир хуулийг хойшлулах санал гаргасан юм” хэмээн хэлж байв. Тийм бодолтой иргэд байхыг үгүйсгэхгүй ч  хуульдаа өргөдөл бичсэн хүмүүст өгөх зохицуулалт хийчихэд л болох байсан.  Үнэндээ бол хэдий сүсэг бишрэлтэй хүн байлаа ч нас барсан хөгшнийхөө тэтгэврийг авахгүй байхаас илүү авчихаад буны үйл хийх сонирхол давамгайлах байсан болов уу.

Иргэдийн өөрсдийнх нь саналаар нэр төрөө хаацайлах явдал бас бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаад хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл хүсэлт гаргасны дагуу шийдвэрээ цуцалсан нь үүний нэг жишээ юм.       

Улстөрчид зүгээр хийчих ажлыг заавал асуудал болгож, ТББ-уудаар олон нийтийн анхаарлыг татуулж байж хийдэг жишиг тогтсон. Үүнээс үүдээд халаасны ТББ-ууд олноор бий болжээ.  

Агентлаг- Цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардах эрхээ хязгаарлуулав. МҮЭХ Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой гурвалсан хэлэлцээртээ орох бэлтгэл болгож, улс даяар өргөн цар хүрээтэй судалгаа явуулсан байдаг. Ингээд олон сар үргэлжилсэн судалгаагаа дуусгаж, нэг тоотой болж аваад яг хэлэлцээртээ орох гэтэл Үндэсний статистикийн хорооноос “Дундаж цалин 900 мянган төгрөг болсон” гэж зарласан. Энэ нь судалгааны дүнгээс хол зөрсөн тул ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь “Дундаж цалин хэдийдээ 900 мянган төгрөг болчихов” хэмээн ярилцлага өгч байв. Үр дүнд нь Засгийн газар хэлэлцээрт давуу байдал бүрдүүлсэн. Иргэд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардах эрхээ хязгаарлуулсан юм. Ирэх жил сонгуулийн жил. Дундаж цалин саяын босгыг нэлээд хол давж, ирэх хавар мал 70 сая хүрэх нь баараггүй. Энэ бүхнийг Статистикийн хороо л хийж чадна. Худлаа зарладаг гээгүй юм шүү. Аль ашигтай аргаар тооцоолж, хэрэгтэй хэсгээ мэдээлдгийг нь л хэлж байгаа юм.    

НИТХ, УИХ?

УИХ Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хувь хэмжээг нь нэмэгдүүлсэн, залгуулаад НИТХ зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэр нийгмийг бухимдуулаад хэд хонолоо. Иргэд ТББ-ууд олноороо гарч ирэн эсэргүүцлээ илэрхийлэв. Эцэст нь Ерөнхийлөгч УИХ-ын гаргасан хуульд хэсэгчлэн хориг тавьж, Ерөнхий сайд НИТХ-д чиглэл өгснөөр төлбөр нэмэх шийдвэр цуцлагдах шатандаа орлоо. Үр дүнд нь иргэд “Тэтгэвэр нэмэх”, “Зам шинээр барих, арчлахыг шаардах” бас нэг эрхээ хязгаарлуулж байх шиг байна.

Өнгөрсөн 20 жилд Төсвийн хэмжээ 100 дахин нэмэгдчихээд байхад цалин 10 дахин нэмэгдэж ч чадаагүй. Гэсэн ч бид тайван хүлцээд суугаа нь сэтгэлзүйгээрээ тоглуулсных. Нийгэмд шуугиан тарьсан олон мэдээллүүд өнгөрсөн цаг дээр байсан нь аливаа хэргийг хадгалж байгаад хэрэгтэй цагт нь зарладаг болохыг илтгэдэг. Бид маргааш юу мэдэх, юуны тухай ярихыг хэн нэгэн урьдчилж бэлтгээд байна гэж төсөөлөх гээд үз дээ. Жилийн 365 хоногийг ийм байдлаар нэг нь нөгөөгөө мартуулж чадах шуугиант мэдээллээр дүүргэвэл юу болох вэ.

Болсон, болж байгаа энэ процессыг нийгмийн сэтгэлзүйн үүднээс харвал хардлага, айдас зэрэг төрнө. Бид улстөрчдийн бод гэснийг бодож, мэд гэснийг мэдэж, байгаа байдалдаа хангалуун байхыг албадуулж мал шиг амьдраад байгаа юм биш үү гэх хардлага. Энэ ажилдаа ашигладаг институц нь НИТХ, УИХ-ын төвшинд хүрсэн юм гэж үү гэж айх айдас.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна