Үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан цэргийн алба хаагчийн ар гэрт орон сууц олгох хуулийн төслийг хэлэлцэнэ

Zuv.mn
2024/05/13

Үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан цэргийн алба хаагчийн ар гэрт орон сууц олгодог болох асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хууль тогтоох түвшинд яригдаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дээрх агуулгаар нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ.

Ерөнхийлөгчөөс өнгөрсөн сарын 11-ний өдөр УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд,

  • Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгоно.
  • Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэж заасан юм. 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10.1.1-т "Байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас" гэж заасан байдаг юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна