ЦЭЦИЙН ТОМИЛГОО: Шинэ хуулийн зорилго батлагдаагүй байхдаа биелж эхлэв үү

Zuv.mn
2024/05/30

-Үндсэн хуулийн цэц “Хөгшин улстөрчдийн асрамжийн газар” нэрнээсээ одоо л салах нь-

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Болдбаатар, Р.Батрагчаа, Ц.Цолмон нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.

УИХ Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүх болгох зорилгоор хууль эрхзүйн орчныг нь шинэчлэхээр ажиллаж байгаа билээ. Тодруулбал, Цэцийн гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй байх ёстой байсан бол шинэ хуулиар заавал хуульч мэргэжилтэй байхыг шаардах, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, нас нь өндөр болсон ч ажилласаар байдаг тогтолцоог үгүй болгох, томилохдоо заавал нээлттэй сонсголоор ордог байх гэх мэт өөрчлөлтүүд шинэ хууль тусаад буй.  Тэгвэл шинээр томилогдсон гурван нэр дэвшигч гурвуулаа хуульч мэргэжилтэй, УИХ-д сонсгол хийж гишүүнээр томилогдсон нь хууль нь батлагдаагүй байхад зорилго нь биелж эхэлсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн юм.

Түүнчлэн, шинээр хэлэлцэгдэж байгаа хуульд ҮХЦ-ийн гишүүн нас өндөр болсон ажлаа хийсээр байдаг өнөөгийн тогтолцоог хаасан агуулгатай заалтууд орсон. Тэгвэл энэ томилгоороор орж ирсэн гишүүд бүгд харьцангуй залуу буюу 51, 47, 56 настай байсан нь хэлэлцэгдэж буй хуулийн зорилгод мөн бүрэн нийлж байгаа юм.

Товчхондоо, энэ удаагийн томилгоо нь ҮХЦ-ийн шинэчлэлээс гажаагүй, одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу боловч удахгүй батлагдахаар дуншиж буй шинэ хуульд тохируулсан мэт байдлаар явагдсан нь Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүх болгох эрмэлзэлдээ үнэнч хэвээр байгаа юм байна гэсэн итгэлийг олон нийтэд төрүүллээ.

Үндсэн хуулийн шүүх

Аль ч улс оронд “Хууль чухал уу, нийгмийн эрх ашиг чухал уу” гэдэг асуултад хариулт өгөх шаардлага тулгардаг. Тэгвэл энэ асуултад хариулт өгөх эцсийн субъект нь Үндсэн хуулийн шүүх бөгөөд харин шийдвэр гаргахдаа нийгмийн эрх ашгийг эрхэмлэхийг эрмэлздэг байна. 

Хууль мөрдөж ажилладаг Парламент, Засгийн газар мухардалд орсон тохиолдолд гагцхүү Үндсэн хуулийн шүүх асуудлыг шийдвэрлэх эцсийн цэгийг тавьдаг ажээ. Ингэхдээ дээр хэлсэнчлэн, гаргасан шийдвэр нь ямагт нийгмийн чиг баримжаатай байх ёстой байдаг аж.

Нийгмийн чиг баримжаа гэдэгт Үндсэн хуульд заасан хувь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтууд орох бөгөөд энэ эрхүүдийг хангах чиглэлд шийдвэр гаргана гэсэн үг юм.

Хуулийг эрх баригчид баталдаг ч нийгмийн буюу олон нийтийн нийтлэг эрх ашиг түүнээс дээр тавигддаг нь Үндсэн хуулийн шүүхийн баримтлах зарчим аж.

Ц.Цолмонгийн намтар:

  • 1973 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1988 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэсэн.
  • 1988-1992 онд ОХУ-ын Омскын технологийн сургуулийг төгссөн.
  • 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2001-2003 онд Английн Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр,
  • 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан.
  • 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн,
  • 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш,
  • 2004 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх,
  • 2004-2013 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга,
  • 2014-2016 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч,
  • 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ.

Р.Батрагчаагийн намтар:

  • 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.
  • 1995 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль,
  • 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/,
  • 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, хууль зүйн магистрын зэрэгтэй. Англи, орос хэлтэй.
  • 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор,
  • 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар,
  • 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар,
  • 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар,
  • 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр,
  • 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар,
  • 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар,
  • 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
  • 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар,
  • 2024 оны нэгдүгээр сараас Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөө ажиллаж байна.

Б.Болдбаатарын намтар:

  • 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
  • 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль,
  • 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/,
  • 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.
  • 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр,
  • 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер,
  • 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захирал, багшаар,
  • 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч,
  • 2005-2006 онд Улаанбаатар төмөр зам ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар,
  • 2006-2010 онд УИХ дахь АН-ын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар,
  • 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар,
  • 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр,
  • 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна