Нохой бол бүх л амьдралаа эзнийхээ төлөө АНДГАЙ тавьсан мэт зориулдаг, хамгийн ТОМ ХАНЬ

Zuv.mn
2024/06/05

Дэлхийн аварга Хангарьд

Дэлхийн алдарт аялагч Марко Поло 1275 онд “Морь шиг тийм нохойг анх удаа үзлээ” гэж монгол банхрын тухай тэмдэглэсэн байдаг. Монгол нохой, монгол банхар гэх нүүдэлчин өв соёлын нэг хэсэг, дархлаа болсон энэ амьтан ховордож, устаж үгүй болох эрсдэлд орж байсан цаг энүүхэн урд билээ. Тэгвэл бид энэ удаа 2024 оны 4-р сарын 24-28-ны өдрүүдэд Хорват улсын Загберг хотноо зохион байгуулагдсан “World dog show” тэмцээний ялагч шандын харуул Хангарьд хэмээх монгол банхар, түүний хандлер, цэвэр үүлдрийн нохой үржүүлэгч, сонирхогч, тэжээгч нарыг нэгтгэсэн “Монголын нохой судлалын холбоо”-ны талаар Хангардийн эзэн Тошоогийн Түвшинтөртэй товч ярилцлаа.

2009 оноос эхлэн цэвэр үүлдрийн нохдын удмын сангийн бүртгэлийг тасралтгүй хөтөлж, 8000 гаруй монгол банхар үүлдрийн 5-7 үеийн удмын сангийн бүртгэл хийсэн эдгээр залуус 2016 онд Олон улсын нохой судлалын холбоонд гишүүнээр элсжээ. Монгол банхрын стандартыг 2020 оны 12-р сарын 19-нд шинэчлэн баталгаажуулж, сэрвээний өндөр, тавхайн хэлбэр, толгойны хэмжээ зэргийг харгалзан цэвэр цусны банхрыг сонгож, нохой хөтөч бэлтгэн олон улсын тэмцээн уралдаанд оролцдог байна

Тошоогийн Түвшинтөр: Андгай гэдэг үгийг нохойтой холбож ярих дуртай

Мянган найз группын ерөнхий захирал Тошоогийн Түвшинтөр: Хорватын тэмцээнээр Бидний өв соёлын нэг хэсэг монгол банхар өөрийн онцлог, байгалийн өгөгдөл, бэлтгэл cургуулалт зэргээрээ ялгагдан гангарч, дэлхийн хэмжээний томоохон шүүгчдийн анхаарлыг татаж, өндөр үнэлгээ авч, сайшаагдаж байсан тухайн үед монгол хүн болохынхоо хувьд маш их огшиж, бахархаж байлаа. Суудлаасаа хөндийрч, босоод орилмоор, нулимс дүүрээд тийм сайхан мэдрэмж. Бидний баг бүрэлдэхүүнээрээ оролцсон тэмцээн, аваргын цом, амжилт хүч хөдөлмөр, бэлтгэл зэрэг нь монголын уугуул монгол банхрын үүлдэр дэлхийд бүртгүүлэхэд нэг алхам ойртуулж том түлхэц, дэм болсон. Одоо бидэнд дараагийн тэмцээндээ бэлдэх, амжилт гаргах, дэлхийд бүртгүүлэх том ажил бас үлдээд байна. Нохой гэдэг амьтан төрөхөөс үхэх хүртлээ эзнийхээ төлөө байдаг амьтан. Тийм ч учраас энэ амьтны орон зай, хүндлэлийг андгай гэдэг үгтэй холбож ярих дуртай. Монгол банхар гэдэг амьтан өөрөө бидэн дээр иртлээ маш олон зүйлийг туулж нүүдэлчин ард түмнийг хамгаалж, байгаль, уур амьсгалтай зохилдож ирсэн ажлын чадвар сайтай амьтан.

Эднийг чинь хүн л сайхан авч явж хөгжүүлнэ, харьцаж хайрлана. Тиймээс өөрсдийн бахархал, соёлын нэг хэсэг энэ амьтныг хайрлаж, хамгаалах, цэвэр цус, үүлдрийг авч үлдэх, хөгжүүлэх нь маш чухал, анхаарах зүйл юм” гэж тэрээр ярилаа.

Олон мянган жилийн туршид байгалийн эрс тэс уур амьсгал, монголчуудын нүүдлийн мал аж ахуй, уламжлалт ёс заншлын нөлөөнд зохицон бий болсон уугуул нохойг өнөөг хүртэл цэвэр цус, байгалийн шинж чанарыг нь хадгалан үржүүлж амжилтад хүргэх нь ингэдэг болохыг Дэлхийн аварга Хангардийн хөтлөгч, эзэн, түүний Шандын харуул клубээс бид харсан юм.




П.Наранчимэг



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.129
    2024/06/11

    Нохой шиг үнэнч гэдэг л дээ. Хэзээ ч хүн шиг чоно муур мал шиг үнэнч гэж ярьж байгаанүй байх хүн төрөлхтөн.

    Хариулах